Нүдний өвчний эмчилгээ оншилгоог сайжруулах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сард УНТЭ-ийн Нүд судлалын тасагт торлог шилэнцрийн 2 машин, мэс заслын микроскопи, хөлдөөх аппарат, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг гардуулж өгсөн билээ. Энэхүү чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалтын үр дүнд ард иргэдэд нүдний тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлснээс гадна 200 гаруй хүнд нүдний мэс засал амжилттай хийсэн байна.
Түүгээр ч зогсохгүй Улсын нэгдүгээр төв эмнэлэг Торлог шилэнцрийн өвчний цогц оношилгоо эмчилгээг өдөр бүр хийж, хэвшүүлж чаджээ. Ингэснээр нүдний салбарт нэлээдгүй ахиц гарч, гадаадад болон хувийн эмнэлэгт хийгддэг байсан өндөр төлбөртэй хагалгааг эрүүл мэндийн даатгалаар улсын эмнэлэгт хийлгэх боломжтой болсон байна.
Цаашид нүдний торлог шилэнцрийн мэс засал, цээжний хөндийн мэс засал, чих хамар хоолой, толгой хүзүүний мэс заслын чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, резиденсийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, Канад Улсад дагнасан нарийн мэргэжлээр эмч сургаж бэлтгэх, хөдөө орон нутгийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, тоног төхөөрөмжөөр хангах, шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна.