УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Цензургүй явсан он жилүүдийн зөвтгөл Цаашид Цензургүй тэмцэхийн зоригийг асаав.
Өнөөдөр Монголын төр надад МУСГЗ хэмээх эрхэм цолыг олгосон нь Цензургүй яриа, Цензургүй сурвалжлага, Гэргий хэмээх бүтээлүүдэд минь үзүүлсэн хүндэтгэл гэж ойлголоо. Тиймээ, Монголоо хохироосон, эх орноо тонон дээрэмдсэн эрх мэдэлтэн, албан тушаалтан , аль л өнгөтэй мөнгөт бүхэнтэй сөргөлдөн тэмцэж явсан Цензургүй он жилүүдийн минь зөвтгөл энэ буюу. Хүлээн зөвшөөрснийх нь нотолгоо энэ бөлгөө.
Харин одоо надад энэ “шагнал” Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэх УИХ -ын гишүүний тангарагаа чанд сахиж эх орноо худалдсан, төр улсаасаа урвасан, ард түмнийхээ аз жаргалыг хулгайлсан, залуусын ирээдүйг дээрэмдсэн улс төр хийгээд олон улс дамнасан гэмт хэргийн бүлэглэлүүдтэй, эх орноосоо дайжиж хүний нутагт дагаар орох хүсэлтээ гарган урваж, ял наймаалцан буцан ирсэн олигархуудтай сөрөн тэмцэх замыг заав. Тиймээ, цензургүй явсан он жилүүдийн зөвтгөл цаашид цензургүй тэмцэх зоригийг асаав.
Улам бүр алсран буй ардчиллынхаа төлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө, язгуур эрх ашгийнхаа төлөө, үндэсний үзлийнхээ төлөө, Монгол улсын тусгаар тогтнол мандан бадралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэе. Энэ улсын төлөө сэвтэхгүй нэр, үрэгдэхгүй амь гэж байхгүй билээ.
Хаш мэт хатуу, болор мэт тунгалаг төрийн байгуулж зүрхний тольт , нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах өвгөдийн захиасыг бат санаж явья.
Төр улсаа ч цэвэрлье, гол усаа ч говь руугаа татья.
Мөнх тэнгэрийн дор Монгол улс үүрд мандан бадрах болтугай.
УИХ -ын гишүүн, МУСГЗ Л.Мөнхбаясгалан

