Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Yuki” сормуусны салонд өчигдөр олны танил дуучин Don Dior буюу Мөнхтулга бусдын аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой үйлдэл гаргасан талаар хохирогч болон эх сурвалжууд мэдээллээ.
Уг салоноор үйлчлүүлж байсан иргэний өгсөн мэдээллээр, гаднаас дуучин Don Dior (Мөнхтулга) бүрэн мансуурсан байдалтай орж ирж, үйлчлүүлэгч рүү үг хэлээр дайрч, танхайрсан байна. Тэрээр орж ирэхдээ “Би мөс хэрэглэсэн байна, drop зарна шүү” гэх мэтээр хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисын нэр дурдан, орчин тойрныхоо хүмүүсийг айлган сүрдүүлжээ. Улмаар тэрээр салоны үйлчлүүлэгч эмэгтэйг “Хамт архи уу” хэмээн зүй бусаар тулган шаардсан байна. Үйлчлүүлэгч уг шаардлагаас татгалзахад дуучин Don Dior гар утсыг нь дээрэмдэхээр дайрч, биед нь халдахыг завджээ.
Хохирогч болон гэрчүүд сэтгэцэд нөлөөлөх үйлдэлтэй бодис хэрэглэсэн, хууль бусаар борлуулахыг завдсан уг үйлдэлд хяналт тавиулахаар Хар тамхитай тэмцэх хэлтэст нэн даруй мэдэгдсэн байна. Гэвч цагдаагийн холбогдох албанаас “Өнөөдөр цагдаагийн баярын өдөр тохиож байгаа тул шалгалт явуулах боломжгүй” гэх шалтгаанаар дуудлагыг хүлээн авахаас татгалзсан гэх мэдээлэл байна.

