Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд улсын цол хүртэж, Завхан нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн хүчит бөхчүүдэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг Завхан аймгийн Нутгийн зөвлөл санаачлан, “Завхан Даян” бөхийн дэвжээтэй хамтран 2026 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улиастай хотноо зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр шинэ цолтнуудад дараах хүндэтгэл, урамшууллыг гардуулав.
- Улсын гарьд М.Лхагвагэрэлд Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс гурван өрөө орон сууц, “Завхан Даян” дэвжээний тэргүүн, Монгол Улсын Тод манлай уяач Д.Дагвадоржоос Lexus LX600 автомашин
- Улсын заан Б.Сундуйжавт Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс хоёр өрөө орон сууц, “Топ мебел тур” ХХК-иас Toyota Land Cruiser 300 автомашин
- Улсын начин А.Нармандахад Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс нэг өрөө орон сууц, “Тэргэннүүр” ХХК-иас Toyota Land Cruiser 300 автомашин
- Мөн Яруу сумын Нутгийн зөвлөл Улсын гарьд М.Лхагвагэрэлд хоёр өрөө орон сууц, Идэр сумын Нутгийн зөвлөл Улсын начин А.Нармандахад хоёр өрөө орон сууц тус тус бэлэглэлээ.
Түүнчлэн энэ жил “Завхан Даян” бөхийн дэвжээнээс аймгийн заан, аймгийн начин зэрэг нийт найман шинэ цолтон төрсөн бөгөөд дэвжээний тэргүүнээс тэдэнд мөн хүндэтгэл үзүүлэв.
Мөн дэвжээний хөгжил, амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Адьяахүү, Улсын харцага Ш.Пүрэвгарьд нарт хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийллээ.


