БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилгоор Монгол улсын БСШУСЯ, НЗДТГ, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хамтран “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
“Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээний хүрээнд өнөөдөр Хятад хоолны өдөрлөг нээлтээ хийлээ. Энэ сарын 4-ныг дуустал болох уг арга хэмжээний үеэр Өвөрмонгол, Хэбэй мужийн амтат хоолнуудын танилцуулга болох юм. Хүссэн хүн бүр энэхүү арга хэмжээнд оролцох боломжтой бөгөөд Новотел зочид буудлын 2-р давхарт очиход л хангалттай.
“Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээ нь уран сайхны тоглолт, үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношлогоо, аялал жуулчлалын салбарын танилцуулга, спортын тэмцээн уралдаан зэрэг олон салбарыг хамарч буй юм.