Cэтгэл судлаач Ч.Туяа
Хүмүүсийн сэтгэл эвдэрсэн нь харилцаан дээр их тод харагддаг. Би бие бие рүүгээ инээж харахаа больсон байна
Монголчууд түргэн ууртай, цочмог зантай болсон нь сүүлийн үед гарч байгаа гэмт хэргүүдээс тод харагддаг. Хүний зан авир яагаад ингэж өөрчлөгдөж байгааг сэтгэл судлаач Ч.Туяа ингэж тайлбарлалаа.
-Монголчуудын зан араншин ширүүн догшин болчихсон гэдэг. Яагаад ингэж өөрчлөгдөөд байгаа юм бол оо. Эсвэл угаасаа ийм зантай хүмүүс юм уу?
-Яалаа гэж. Монголчууд уужуу тайван сэтгэлтэй ард түмэн. Харин яагаад өөрчлөгдөөд байна вэ гэвэл сэтгэлийн эвдрэлтэй холбоотой. Бие өвчилдөг шиг сэтгэл ч өвддөг. Сэтгэл гэдэг бол хүчирхэг, тунгалаг, саруул, уужим, цэвэр ариун зүйл юм. Гэтэл орчин тойрны бүх зүйл сэтгэлд нөлөөлж байдаг.
Тухайлбал, өлсгөлөн, ядуурал, архи, тамхинд донтох, мөрийтэй тоглох, зорилгогүй амьдрах гэх мэт зүйлээс болоод сэтгэл дандаа эвдэрч байдаг. Ингээд өвчилнө.
Гэрэл гэгээтэй, зөөлөн дулаахан байхыг хүний сэтгэлийн үндсэн шинж гэдэг юм. Ийм сэтгэлтэй хүн бусдыг хайрлана, элдвээр доромжилж, зодож чадахгүй, бусдын болоод гадаад орчныхоо сайн сайхан зүйлийг дандаа олж хардаг. Тэгвэл сэтгэл эвдрэхээр гэрэл гэгээгээ алдаад тас харанхуй шөнө шиг болно.
Бүх зүйлийг өөчилнө, гоочилно, шүүмжилнэ гэдэг сэтгэл харанхуйлсны шинж.
Хүний сэтгэл дотор юу байна түүнийгээ л гаргадаг. Эвдэрсэн сэтгэл маш их хатуурдаг. Хүнийг хайрлах, энэрэх сэтгэл алга болдог гэсэн үг. Бусдыг гутаан доромжилно, зодно, нүднэ. Энэ бүхэн сэтгэл эвдэрсний шинж тэмдэг.
-Сэтгэл гэж яагаад ингэж эвдэрч хатуураад байдаг эд вэ?
-Шалтгаан олон байнаа. Өлсгөлөн, ядуурал бол хүний сэтгэлийг асар ихээр эвдэлдэг. Жишээ нь, та бид хоёр бие биенээ муугаар хэлээд байвал сэтгэл эвдэх шалтгаан болдог. Сэтгэл эрүүл байвал бие биедээ халуун дулаан, найрсаг хандана. Бид 1990 оноос зах зээлийн нийгэмд орсон. Ядуу байж, зовж үзсэн хүмүүс. Энэ цаг хугацаа ч сэтгэлийг эвдсээр байж.
Одоо харин бидний зарим нь ийм байдлаасаа гарч байгаа нь сайн хэрэг. Сэтгэл эвдрэхээр хүний үнэт чанарууд алдагддаг. Хүн байхаа больж амьтны түвшинд очдог. Өнөөдөр нийгэмд амьтанлаг шинжтэй хүмүүс асар их болжээ. Гадаадын янз бүрийн кино ч сэтгэл эвдлэх нэг шалтгаан болж байна. Сэтгэл эвдрэхээр гэрэл гэгээгээ алдаад урам зориг, итгэл найдвар юу ч үгүй болдог.
Хүчирхэг байдлаа алдаж сул дорой болно. Хэн нэгэн юм хэлэхэд дүрсхийн уурлана гэдэг бол сэтгэл давчуухан болж доройтсоны шинж. Сэтгэлийн хаттай хүн гээд манайхан ярьдаг даа. Тэр бол хүчирхэг сэтгэлтэй байгаагийн шинж юм. Сэтгэл өвчлөхөөр энэ бүгд байхгүй болдог. Ямар нэгэн зовлон бэрхшээл тохиолдохоор амархан уйлж дуулна. Үхлээ хатлаа гэж амиа хорлоно. Дотоод сэтгэл доройтохоор зовлонг давж чадахаа больчихдог.
-Сэтгэлийн өвчин халдварладаг уу?
-Хэрэв миний сэтгэл эвдэрсэн бол хэн нэгэн рүү дандаа хатуу ширүүнээр хандаж байдаг. Байнга уурлаж, дэргэдэх хүмүүсээ загнана. Сүүлдээ энэ зүйлээсээ таашаал авч эхэлдэг. Хатуурсан сэтгэл ийм зүйл хийхдээ өвддөггүй учраас тоодоггүй. Улам ихээр хэн нэгнийг зовоож, доромжилж, гутааж, үзэн ядаж байж таашаал авдаг. Энэ нь цаад хүнийхээ сэтгэлийг эвдэх шалтгаан болдог. Халдварт өвчин биш ч гэсэн бид бие биенийхээ сэтгэлийг хэтэрхий их эвдэлж байна. Хатуурсан сэтгэлээс харгис хатуу үйл л гардаг.
Хүмүүсийн сэтгэл эвдэрсэн нь харилцаан дээр их тод харагддаг. Би бие бие рүүгээ инээж харахаа больсон байна. Гэр бүл салалт ихэссэн нь мөн л сэтгэлийн эвдрэлтэй холбоотой. Бие биедээ дандаа хатуу ширүүн харгис дээрэнгүй хандаад байвал яаж нэг гэрт хамт байж чадах вэ. Адгууслаг байна гэдэг хүн хөгжөөгүй, боловсроогүй байгаагийн илрэл. “Эхлээд хүн бол” гэж манайхан зүгээр ч нэг сургаагүй юм шүү.
-Тан дээр ирдэг хүмүүс ямар тусламж хүсдэг вэ?
-Олон янз даа. Хүн итгэл, урам зоригоо алдахаар өөртөө байгаа бүх зүйлийг голж чамладаг. Өөрт нь өмсөх хувцас, идэх хоол, орон гэр, ажил төрөл байгаа ч дандаа үүнийгээ чамлаж голж байдаг. Сэтгэл хоосрохоор ханахаа байчихдагийн жишээ энэ юм. Асар их шуналтай болж байгаа хэрэг. Ийм шунал хэзээ ч ханахгүй. Ийм шинжээ хүн хэзээ ч барьж хянаж чаддаггүй.
Шуналын сэтгэл бол бусдаас дандаа авна нэсэн хүсэлтэй байдаг. Өөрийгөө бодсон аминчхан зан бас эндээс үүсдэг. Бусдыг шимэгчлэн амьдардаг хүмүүсийг бол сэтгэл нь эвдэрч шуналын сэтгэлээ хянаж чадахаа больжээ л гэж бодох хэрэгтэй. Аминчхан хүмүүс бусдын өгч байгаа зүйлийг үнэлдэггүй. Бусдад найр тавих, халуун дулаан сэтгэлээр хандаж чаддаггүй. Бие биенийхээ төлөө биш зөвхөн өөрийнхөө л төлөө амьдардаг энэ байдал гэр бүл салалтын нэг шалтгаан юм.
-Өрөвдүүлнэ гэдэг бас хүний муу араншингийн нэг хэлбэр үү?
-Өрөвдүүлнэ гэдэг бусдаас хайр халамж авахыг хүсдэг хүний зан араншингийн нэг хэлбэр. Харин сэтгэл доройтоод ирэхээр энэ нь эмгэг болдог. Бусдаар асар ихээр өрөвдүүлэхийн тулд дандаа болж бүтэхгүй байна, хүнд хэцүү байна гэж гомдоллож явдаг болно. Өөрөө бусдаар өрөвдүүлээд байх хэрнээ бусдыг хэзээ ч өрөвддөггүй, хүйтэн хөндий болчихдог.
Сэтгэлийн өвчлөлөөс үүдэлтэй ийм өрөвдүүлэлтийг хэзээ ч битгий өрөвдөөрэй гэж хэлье. Цаашид улам л ихэснэ. Зөвхөн хувь хүн биш улс төрийн нам, зарим улстөрч, албан байгууллагуудад ч ийм байдал илэрдэг. Зөвхөн өөрийгөө л өрөвдүүлээд байдаг. Хүмүүс үүнийг өвчлөл гэдгийг мэдэхгүй өрөвдөөд байдаг нь асуудлыг даамжруулдаг. Телевизээр нэг цагдаа гарч байсныг би санаж байна.
Навсархай байшингийн өмнө зогсчихсон, эхнэр хүүхэд маань хаяад явсан гэж яриад л. Нэвтрүүлгийн дараа цагдаа залууд машин өгч байна лээ. Таньдаг найзууд нь тэр цагдааг “арай ч дээ” гэж байсан. Тэр цагдаа өөрөө эхнэр хүүхдээ хаяад явсан, тэдэндээ мөнгө өгөх нь бүү хэл дээрэлхэж дарамталдаг байсан гэж би сонссон. Энэ бол дээд зэргээр сэтгэл нь эвдэрсэн байна л гэсэн үг. Хатуу сэтгэлээс уян зөөлөн ааш гардаггүй болохоор бид өнөөдөр чин сэтгэлээсээ инээж чадахаа больсон байна.
-Сэтгэлийг юугаар дүүргэж, гэрэлтэй болгох вэ?
-Сэтгэлийг дүүргэж байдаг зүйл бол хайр. Хайр бол хүний амьдралын наран учраас сэтгэлийг гэрэлтүүлж, зөөллөж, саруулхан болгож байдаг. Хайр байхгүй болчихоор сэтгэл эвдэрч харанхуйлж, мөстдөг юм. Хүний сэтгэлд юу байна тэр нь гадагшаа гардаг.
Уур бухимдал байна. Энэ бол хүний дотоодод байх ёстой зүйлийн нэг. Эрүүл хүн уурлалаа гэхэд арав хорин минутын дараа мартаад тайвшрах ёстой. Сэтгэл нь эвдэрсэн хүн бол хэн нэгэн хүн үг хэлсний төлөө салганаж чичиртлээ уурлаж, тэр уур нь гарахгүй хоёр гурав хонодог. Уурын шалтгааныг дандаа өөр хүнээс боллоо гэж дотроо шатаж байдаг.
Гэтэл шалтгаангүйгээр дотроосоо ундарч байгааг өөрөө мэддэггүй. Хатуу сэтгэлээс тийм их хилэнтэй уур уцаар гардаг. Хайр бол хүнд амьдрах эрчим хүч байдаг. Дотоод сэтгэлдээ хайрыг агуулж яваа хүн асар их эрч хүчтэй, халуун дулаан сэтгэлтэй байдаг. Хүнд хатуу зүйл таарсан ч түүнийг даван туулахаас биш ухарна гэж байдаггүй.
-Сэтгэлийн өвчлөлийг яаж анагаах вэ?
-Би яг энэ сэдвээр нэлээн хэдэн жил ярьж байна. Энэ хугацаанд олон хүний сэтгэлийг засч, амьдралаа утга учиртай авч явахад нь нөлөөлсөн. Монгол хүн энэ муухай зангаасаа маш хурдан салдаг. Ямартаа ч хүн өөрийнхөө сэтгэл эвдэрсэн эсэхийг мэдэж авах хэрэгтэй. Тэгсэн хойно засаж болно. Хүн сэтгэлийн өвчингөө мэдэхгүй учраас л ингээд уурлаж бухимдаад, хэрүүл зарга хийгээд явдаг.
-Сэтгэл эвдэрсэн гэдгээ мэдэж болох уу?
-Уг нь энэ талын хичээл сургалтууд олон байх ёстой юм. Хүмүүс тэнд сууж өөрийгөө таньж болдог. Сэтгэл, хайр, зовлон гэж юу юм гэдэг энгийн ойлголтуудыг бид мэдэж байх ёстой. Жишээ нь зовлонг бид хийсч ирдэг гэж ойлгодог. Амьдрал бол зовлон жаргалын нэгдэл. Нэг зүйлийн хоёр тал учраас бие биендээ хувирдаг. Зовлонтойгоо тэмцэж жаргалд хүрдэг. Жаргал хэтрэхээрээ зовлон үүсдэг. Ер нь хүн сэтгэлээ танин мэдэх нь чухал юм.
Дотоод тал хоосроод ирэхээр гадаад хэлбэр рүүгээ ордог. Сэтгэл нь хоосон хүмүүс архинд шунах, гавьяа шагналд улайрах, бусдаас онцгой агуу байх хүсэлд өөрийн эрхгүй автаж байдаг. Сэтгэл хар бараан байгаа учраас сайн сайхан зүйлийг тоохоо больчихсон. Харин бусдыгаа муулж, шүүмжилж, гүтгэж байж сэтгэл нь ханадаг. Ингэж өөрийгөө тайвшуулдаг болдог. Сэтгэл нь чулуу шорооны түвшинд очтолоо унана.
-Сайн сайхан зүйл харж баясахад бас сэтгэлийн эвдрэл багасах уу?
-Тэгнэ. Гэхдээ сэтгэл харанхуйлсан үед хүн сайхан зүйл хараад баярлаж хөөрч чаддаггүй. Хар бараан зүйлд татагдаж, түүнээсээ таашаал авч байдаг. Телевизээр хар бараан зүйл яриад эхлэхээр үзэж байгаа хүн нь асар их уурлаж бухимддаг нь хар зүйлдээ сэтгэл нь татагдаж байгаагийн илрэл. Дотоодод байгаа уур хилэн нь гарч байгаа юм.
Хүн сэтгэлээ цэвэрлэж гэгээн ариун болгох хэрэгтэй. Албан байгууллага, сургууль, хот хөдөөгүй хүмүүст зориулсан ийм сургалтууд олныг зохион байгуулах хэрэгтэй юмаа. Тэгвэл хүн өөрийгөө танин мэдэж сэтгэлээ засч авах боломжтой болно. Сэтгэл ариун бол ажлын бүтээмж ч нэмэгдэнэ шүү дээ. Яагаад гэхээр бусдын төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэж чаддаг болно.
Ярилцсан Д.Оюунтуяа
Зочин 2013-01-09
Энийг чинь шинжлжэх ухааны хэлээр нийгмийн бухимдал гэдэг, Соц үед хүн бүр л дутагдах гачигдах юмгүй хариуцлага сахилга эрэмбэ дараа ах захтай байсан, 1990 оноос хойш дандаа гачлан хоосрол ядуурал гүтгэлэг доромжлол дунд байхлаар бүх хүний сэтгэл эвдэрдэг юм байна, Би багш хүн хэнийгч харааж загнадаггүй ухамсартай сэхээтэн байлаа, Одоо бол хажуугаар сигнаалдаж гарсан машины танихгүй жолоочтой хүртэл зодолддог болсон Уг нь муу хэрэг л дээ