Нэгэн ховор өдрийн учир тохиол яахав
Нил ягаан гэрлийн алтан эрин айсуй
Нэг ч нэгдэхгүй өргөл ерөөл чухал чиг
Ний даяараа өдрөөс өдөрт гэрэлтэх нь чухал!
Хүн та хүн шиг амьдарч чадаж байна уу гэж
Хөх Мөнх Тэнгэр тань таныг ажин буй
Хүн та хүн чанараа хадгалж байна уу гэж
Хөх мэргэн өвгөд тань таныг сонжин буй!
Хүн гэрлээр та орчлонг тэтгэнэ үү үгүй юу гэж
Хөрст алтан дэлхий тань таныг тольдон буй
Хүн сэтгэлээр нэгнээ хайрлана уу үгүй юу гэж
Хүмүний энэхэн хорвоо таныг сорин буй!
Бусдыг хайрлан энэрэх сэтгэл гэмээнэ
Бумбал эринд хөл тавих виз гэлтэй
Буурал газраа шүтэн дээдлэх ухамсар гэмээнэ
Бурхдын зуунд тэсэж үлдэх тиз гэлтэй!
Даруухан дөлгөөн байхын ухаанд суралцаж
Дагшин ариун байхын журамд тэгширч
Давшиж бүгдээс ялгарахыг үл хичээж
Даварч цалгихын сэтгэлээс үргэлж эмээж
Дээрээс оноосон төөргөө зөвд залж
Дээдсээс өвлөсөн тавилангаа зүйд урлаж
Дэргэд байгаа бүхнээ хайранд умбуулж
Дэмнэж тэтгэсэн бүхнээ талархлаар ундаалж
Дуут шувууд шиг үргэлж хайраар жиргэж
Дурласан сэтгэл шиг үргэлж итгэлээр дүрэлзэж
Дуусашгүй сан шиг үргэлж буянаар бялхаж
Дундаршгүй далай шиг үргэлж ерөөлөөр давалгаалж байх нь
Өнөөдөр бидэнд өгөгдсөн шалгалт юм шүү
Өөрийгөө засахын ухааны шалгуур юм шүү
Өнө ертөнц хувьсаж буйн дохио юм шүү
Өглөгөө дүүргэж тэнцэхийн учир юм шүү!
Б. Эрдэнэтуяа
2020.02.02