Энэ тэнгэр заяа гэдэг чинь дааж явахад даамай хүнд, өргөж явахад өчнөөн хэцүү юм байна аа. Уурлахаараа ниргэх нь хэцүү, уучлахаараа инээх нь амархан. Үхэхийг өвдөхийн чинээ санаж, өвдөхийг үглэхийн чинээ бодохыг яана. Хоёр хоногийн өмнө бол хотлоороо Дэнжийн 1000 дээр гацаж, мах харагдвал дагаж давхиад, гэдэс дотор үзэгдвэл гэзэгдэж хуйлраад…дэлгүүр болгоныг хоослоод, лангуу болгоныг нүүлгээд…тэнгэр заяатнууд чинь нэг доргихоороо тэнгэр ниргэхийн дайтай, нэг туйлшрахаараа аянга бууснаас өөрцгүй…чухам л дажин болохын наахнуур, дайн дэгдэхийн өмнөхөн хуйлрав даа. Бараан хар үүлтэй баргар тэнгэрийн аашийг ч үзүүлсэн дээ. Арайтай л ниргүүлсэнгүй, золтой л зодуулсангүй. Ядаж байхад халамцуу залуу “Үхсэний чинь ковид арван хэд…”гээд л гудамжинд гуниггүй агсарч байна. Хэзээ аянга бууж, хэдэн хүн муужрах бол л гэж айж байлаа. Нөгөө муу ганц францыг бүх нийтээрээ ална гэж айлгаад, дагуулж оруулсан нөхрийг дайрч унагаана гэж орилоод…хавьтагч хайж давхиад, харийнхныг харааж гүйлдээд…Гай болоход монгол хэлийг могой болтол орооцолдуулаад… харьцагч гэхийг хавьтагч ч гэх шиг лаг үүлэн борооны явдлаар нэрлэчих юм аа. Үүгээр бол нөгөө франц нөхөр 500 хүнтэй хавьтсан аймшигтай чалхтай амьтан болж таарлаа. Харсан хүүхэн болгоноо хардаж хялалзаад, оройхондоо олны үгээр эхнээс нь халууруулаад эмнэлэгт хүргэчихсэн гэж байгаа… Тэр юу ч биш, тэр Дорноговийг бүсэлж байгаад галдъя, бүтэн улсаа аваръя гээд шуугичихсан…эзэн зан нь сэдрээд, түрэмгийлэгч авир нь түргэдээд…өө бүр урд орой нь учиргүй магтаж байснаа мартаад Засаг огцор гэж захын нянгууд чарлаад…ордон руу арайтай л орилж дайрсангүй, оч хаясангүй…гэтэл яав. 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарангуут өнөө өглөөнөөс эхлээд ганц муу францыг гаргаахгүй эмчилнэ, гарын хоолоороо дайлна, ганзагалааг нь дүүргэнэ болоод явчихсан…ёстой ч шар тосонд булхуулж, умс китайгаар унгуулж, сармистай хар шөлөөр самсааг нь тэнийлгэж өгөөд явуулна л гэж байна шүү. Нар шарж, налайсан тэнгэрийн аашаа үзүүлж өгч байна аа. За манайхаан, тэнгэр зангаа чухам аргадаж аялж байгаад л энэ аюулын ард гарцгаана шүү. Заримдаа бүрхэнэ, зам зуур шороо шуурна, за тэгээд налайж, нар шарна, хаврын хавсарга тавина ..цаана чинь Италид ганц хоногийн дотор 631 хүн covid-19 вирусын улмаас нөгөө ертөнцөд одож, нийт нас барагсдынх нь тоо 1000 руу дөхчихлөө. Хятадын эмч нар тусална гээд л тугаа мандуулаад нислээ. Манайхан одоохондоо шар тос, адуу хонины мах, аарц чацаргана, агаар ус…дээр нь дээд тэнгэрийн заяандаа найдаад сууцгааж байна. +27 хэмд тэсвэргүй энэ вирусын эсрэг халуун чанарын хоол хүнс ховор дархлаа болох нь тодорхой. Ингэхэд байна аа, давтан шинжилгээ, дахиад бусад эрсдлүүд дуусаагүй байна. Эерэг, сөрөг ямар ч мэдээг эв нэгдэлтэй угтаж, эгэл хүнээрээ туулна шүү. Тэнгэр зангаа ялимгүй татаад, ниргэхдээ зөөлөн, нэрэхдээ ухаантай, аашлахдаа аядуу, айсан ч аятайхан…Дэлхийд ганцхан Монгол л халдваргүй үлдэж, хан тэнгэрийн сүрийг үзүүлэх учиртай гээд морио унаад дайлаар мордчихов доо. Аа тийм, вирус илэрчихвэл дэлхийд ганцхан Монгол л дэлт адууныхаа нуруун дээр дарцаглаж яваад үхнэ яадгийн гээд янцгаагаад давхичихаж ч мэднэ. Тэнгэр заяа, тэнгэрийн нэр хоёрыг ямар ч тохиолдолд хичээнэ шүү, манайхаан. Гуравхан хоногт гурав хувирч, гуч найгаж онигоонд оров оо. Өчигдөр уржигдрынх шиг өөх мах булаалдаад, гурил будаанд алалцаад, жорлонгийн цаасанд зодолдоод байв даа. Тэнгэр заяагаа үүрч барахгүй, дүүрч дийлэхгүй хүүхэн бичив.