Загвар өмсөгч, мисс MNTM шоуны шилдэг оролцогчдын нэг М.Дашбалжид нийгмийн хариуцлагын хүрээнд жингээ хасахыг хүссэн охид бүсгүйчүүдийг үнэ төлбөргүй дасгалжуулж эхэлжээ.
Түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэе.
-Юуны өмнө нийт уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргэе. Мисс М.Дашбалжидаар сүүлийн үеийн сонин сайхан юу байна?
-Сайн байна уу. Танай tac.mn сайтын хамт олонд болон энэхүү ярилцлагыг унших охид бүсгүйчүүд болон нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.
Намайг М.Дашбалжид гэдэг. Одоо 22 настай. Мэргэжлийн модель хийдэг. Маркетингийн менежер мэргэжлээр төгссөн. Сүүлийн үед хувийн хооллолтын зөвлөх хийж, охид бүсгүйчүүддээ онлайнаар өгч, дасгалжуулж байгаа.
Сүүлийн үед коронавирусын улмаас хөл хориотой энэ өдрүүдэд хэн хүнгүй жин нэмсэн ажиглагдсан. Зунаас өмнө охид бүсгүйчүүдийнхээ жин хасахад туслахыг хүссэн.
Миний хувьд ч ялгаа байхгүй, форумаа барихын тулд хооллолтдоо анхаарч давхар бэлтгэл хийгээд, өвчин хурдан намжаасай гэсэн хүлээлттэй л амьдарч байна.
-Нийгмийн хариуцлагын хүрээнд жин хасахыг хүссэн бүсгүйчүүдэд зориулж, үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байгаа юм байна. Энэ талаараа манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу.
-Жилийн өмнө “Dashka and you” гэдэг хуудсыг нээж ажлуулж эхэлсэн. Энэ группээрээ жин хасч буй охид бүсгүйчүүддээ хооллолтын болон сэтгэлзүйн зөвлөгөөг өгч эхэлсэн.Учир нь жин хасч буй хүний сэтгэлзүй маш тогтворгүй, шантрах гээд байдаг. Тэр бүх хэцүү үед нь сэтгэлээрээ хамт байж өөрийнхөө зүгээс туслалцаа үзүүлэх, зөвлөх, урам өгөхийг хичээдэг.Харин одоогоос гурван сарын өмнө тэр хуудсанд байдаг гишүүдээ нэгтгэж, “Dashka and you-5kg” группийг нээсэн. Энэ группээ анх 100 хүнтэй нээгээд, жин хасалтаа сайн хийж, группдээ идэвхи санаачлагатай байгаа 44 хүнээ авч үлдсэн. Эдгээр 44 гишүүнээ 2 сар хэртэй үнэ төлбөргүйгээр дасгалжуулсан.Энэ анги маань 5 сарын 9-нд үр дүнгээ олон нийтэд танилцуулсан. Манай нэг гишүүн шавь маань 2 сарын хугацаанд 24кг жин хасч чадсан. Энэ шавиасаа би урам аваад группээ улам томруулж, жингээ хасах хүсэлтэй олон хүнийг хамруулж ажиллах ёстой юм байна гэж ойлгосон. 5-р сарын 9-нөөс эхлэн 44 гишүүн дээрээ турахыг хүссэн тууштай, зорилготой охидуудыг нэмээд өнөөдөр 1500 орчим гишүүнтэй болжээ.
-Групп ямар зарчмаар ажиллаж байгаа вэ?
-Гишүүд маань өдөр бүр өөр өөрийн хоолны цэсээ бие биетэйгээ солилцож, бие биеэсээ хоолны санаа оноо авдаг. Хөл хориотой байгаа энэ үед байнгын фитнест явж чадахгүй байгаа хүмүүс хоолоор хэрхэн жингээ хасах вэ гэдэг зөвлөмжийг миний зүгээс өгдөг.
Ер нь манай группд ихэнхдээ байнгын дасгал хөдөлгөөн хийж амждаггүй, зөв зохистой хооллоё гэсэн зорилготой хүмүүс байдаг. Тэдний ихэнх нь гэртээ суугаа олон хүүхэдтэй ээжүүд эсвэл оффис ажилчид байх жишээний.
Хүн бүр 7 хоногт 1 удаа жингээ хэмжилттэйгээ өгдөг. Хэмжилт жингээ өгөхгүй байгаа гишүүдээ группээсээ хасах зарчмаар ажиллаж байна.Өөртөө үнэнч, турах тууштай бодол тээсэн хэн бүхэн манай группд орж болно. Хамгийн гол нь идэвхтэй байх хэрэгтэй.
-Жингээ барихыг болон жингээ хасахыг хүссэн бүсгүйчүүд хамгийн түрүүнд юунд анхаарлаа хандуулах вэ?
-Жингээ хасахад хамгийн түрүүнд сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Би жингээ хасч чадахгүй дээ гэж өөрөө бодохоор өөртөө үнэнч байж, тууштай зөв хооллож чаддаггүй.
Жин хасна гэдэг бол турна гэсэн ойлголт биш давхар галбиржих гэсэн үг. Манай бүсгүйчүүдийн хувьд турж байна гээд хоол сойгоод, мацаг бариад байдаг. Энэ бол буруу жин хаялт. Хоолоо сойх өөх шатахаас илүү булчингийн масс алдагдана.
Ингэснээр тамирдаж ядарч сульдах, ходоод гэдэсний үрэвсэл өөрчлөлт явагдах сөрөг талтай. Мөн гаднаас харахад, туранхай мэт хэрнээ маш үлбэгэр сулбагар харагддаг.
Би өөрөө яг ийм замыг туулж ирсэн. Одоо юун дээр алддаг байснаа ойлгоод, бусад бүсгүйчүүдийг алдаа битгий гаргаасай гэсэн дээ групп дээрээ байнга өлсөхгүй байхыг зөвлөдөг.
-Таны өөрийн жин хэд вэ. Хэдэн кг хүртэл таргалж, хэдэн кг жин хасч байсан бэ?
-Миний хувьд ажил мэргэжлийн холбоотойгоор дэглэм их барьдаг. Хоолны дэглэмийг буруу барьсны улмаас өвдөж байсан удаа ч надад бий.
Зөв хооллолт гэдэг бол цагаар хооллох, өөрт хэрэгтэй амин дэм, өөх тос, эслэг, уургаа нөхөхийг хэлдэг. Ер нь бол жингээ хурдан хасахыг хүсч буй хүн бол нүүрс усаа хасаад, эслэг уургаа нэмэх хэрэгтэй гэдгийг бий ойлгосон. Түүнээс биш өлсөх гэдэг бол хоолны дэглэм биш.Одоо бол миний жин 52-53кг хооронд хэлбэлзэж байгаа. Өвөлдөө бага зэрэг таргалаад 55кг болдог. Зуны цагт жингээ 50 кг болгон бууруулдаг. Ажил мэргэжил маань туранхай байхыг шаарддаг. Миний өндөр 177 см.Оюутан байхдаа би 24 кг нэмээд, 3 сарын дотор эргүүлэн 18кг хаяж байсан /инээв/. Ер нь бол таргалалттай тэмцэж буй хүний зовлонг сайн мэднэ.
-Өдөр тутам хэдэн минутыг, ямар спортоор хичээллэж хэвшил болгосон бэ?
-Өнжөөд бэлтгэл хийдэг. Спинненг бокс, аука фитнесийг энгийн фитнестэй хавсарч хийдэг. Сүүлийн үед зөвхөн фитнесээ нэг өнжөөд хийж байна. Нэг бэлтгэл хийхдээ 2 цаг бэлтгэл хийдэг. Эхний 30 минут гүйж, алхаад 1 цаг 30 минут дасгалуудаа хийж байна.
-Дашкагийн хувьд гоо сайхны салонуудтай хамтран ажилдаг гэж сонссон. Ямар үйлчилгээг голчлон хийлгэдэг вэ?
-Одоогийн байдлаар хамтарч ажиллаж байгаа салон байхгүй. Би өөрөө гоо сайхны салбарт сонирхолтой болохоор Монголд байгаа гоо сайхны салонууд, гоо сайхны эмнэлгүүд ямар үйлчилгээ, эмчилгээтэй гэдгийг өөр дээрээ туршиж судалдаг.
Учир нь би өөрийн гэсэн гоо сайхны эмнэлэгтэй болохыг мөрөөдөж, зорьж яваа. Тиймээс Монголд үйлчилгээ явуулдаг гоо сайхны салон, гоо сайхны эмнэлгүүдээр өөрийн өртөг зардлаар үйлчлүүлдэг /инээв/.Ажил мэргэжлийн онцлогоос болж арьс маань их ядардаг. Тиймээс 7 хоногт 1 удаа заавал нүүрний массажинд ордог. Бусад үед гэртээ арьс арчилгаагаа өөрөө хийдэг.Гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлэх шаардлага гарвал, LFG аппаратад 6 сард нэг удаа, хааяа нүүрний өөх хайлуулах тарианд ордог.
-Арьс арчилгаандаа хаанахын ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ. Охид бүсгүйчүүдэд арьс арчилгааны талаарх зөвлөгөө өгөөч.
-Арьс арчилгаандаа Herbalife skin бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Надад маш их таалагддаг. Түүний шавран маск, чийгшүүлэгч, гуужуулагч нар нь маш гоё. Байгалийн гаралтай учраас арьсыг нөхөн төлжүүлж байгаа нь өөрт мэдрэгддэг.
Шавран макс нь нүүрийг татаж үрчлээг арилгана, хялгасан үрчлээнд “баяртай” гэдэг болсон /инээв/. Нүүрний өнцөг, V line-ийг нааш нь татаж гаргаж өгдөг. Тиймээс энэ масканд маш дуртай.Миний арьс маш хуурай учраас чийгшүүлэх зорилгоор өглөө оройд байнга салфитканд макс тавьдаг.Охид бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд, хэзээ ч хэзээ ч нүүрний будагтайгаа унтаж амарч болохгүй. Хэт хямдхан арьс арчилгааны бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. Тийм бүтээгдэхүүн ихэвчлэн арьсыг гэмтээж, хуурайшуулдаг.Нүүрээ будахын өмнө заавал base primer, сууриа маш сайн түрхэж байж крем пудрээс арьсаа хамгаалах хэрэгтэй.Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтай, хуурай агаартай учраас салфитекан маскийг болж өгвөл өдөр тавьж байх хэрэгтэй. Дотроосоо ус сайн ууж байгаарай. Ус бол сайхан арьсны үндэс шүү.Ер нь бол гаднаасаа арьсаа сайн чийгшүүлж, дотроосоо сайн ус ууж байвал эмэгтэй хүний арьс хөгшрөхгүй. Буддаггүй байсан ч царай цаанаасаа гэрэлтэнэ.
-Сайхан эмэгтэйн тодорхойлолтыг өөрийн үзэл бодлоороо тайлбарлавал…
-Өөртөө арчаатай, өөрийнхөө төлөө цаг зав гаргаж чаддаг, өөртөө болон бусдад туслах сайхан сэтгэлтэй хүнийг сайхан эмэгтэй гэж боддог.Дотоод зан чанаруудыг хэлвэл, олон сайхан зан чанар дурдах байх. Гоё энергитэй, гэгээлэг, бусдад болон өөртөө хар энерги түгээдэггүй тийм хүнийг л сайхан гэж би хэлнэ.
-Гоо сайхны хагалгааг юу гэж боддог вэ?
-Буруу гэж боддоггүй. Харин ч байх ёстой зүйл гэж боддог. Яагаад гэвэл, хүн бүрт өөрийн гэсэн нэг өө гэх юм уу даа, эцэг эхээс заяагаагүй өгөгдөл байдаг.Түүндээ дундуур явдаг хүмүүс тааралддаг. Тухайлбал, жижиг хөх, навтгар монхор хамар, өргөн дух, давхраатай давхраагүй нүд гээд янз бүр.Тэгэхээр хувь хүн өөрийгөө жаргалтай байлгах сонголтуудыг өөрөө хийх нь зөв. Түүнд хөндлөнгийн шүүмж өгөх нь орчин цагт бүдүүлэг үйлдэл болсон.Бид энэ хорвоод ганцхан амьдрах байж яагаад өөрөө өөртөө таалагдаж амьдарч болохгүй гэж? Миний хувьд байх ёстой зүйл гэж боддог.
-Яагаад шүдэндээ соёо хийлгэсэн бэ. Өөр мэс ажилбарт орсон уу?
-Миний соёоны тухайд, би багаасаа соёотой хүнд дуртай /инээв/. Ванпиртай уран зөгнөлт кино, уран зохиолд дуртай ФЕН гэхэд болно. Тийм болохоор соёо өөртөө хийлгэсэн. Мөн давхраа хийлгэж байсан. Өөр бас бус зүйл бий. Тэрийг дэлгэрэнгүй яриад яах вэ /инээв/.
-Дашка сард хэдэн удаа шоппинг хийдэг вэ?
-Би сард бүр шоппинг хийдэггүй. Хувцсандаа ариг гамтай. Хувцсаа бараг шинээр нь шахуу өмсөж, хадгалдаг. Тиймээс миний шүүгээ маш их хувцастай. Аль 3-4 жилийн өмнө авсан хувцас хүртэл шинээрээ шахуу байж л байдаг.
Улиралд нэг удаа шоппинг хийдэг гэж ойлгож болно. Миний нас залуу байгаа учраас учиргүй үнэтэй, брэнд хөөж хувцас худалдан авдаггүй. Материал загвар, өнгө сайтай өөрт таалагдсан бол худалдан авдаг.Угаасаа нас 30 гараад өөрийн тогтсон бизнестэй болж, амжилттай явахаараа өөрийн орлогоос шалтгаалан, брэндээ сонгон худалдан авалт хийнэ гэж боддог. Би брэндэд нэг их яарахгүй байна.Залуу насанд юу ч өмссөн гоё харагддаг учраас өөрийнхөө санхүүд тааруулж, улиралд нэг удаа шоппинг хийдэг.
-Өглөө босоод хамгийн түрүүнд хийдэг зүйл?
-Өглөө босонгуутаа өлөн элгэн дээрээ 640гр ус уудаг. Араас нь коктейлиа зуурч уугаад, нүүрэндээ маск тавиад, усанд ороод цайгаа уудаг, байнга.
-10 жилийн дараах М.Дашбалжир нийгэмд ямар байр суурьтай. Ямар бүсгүй явж байх бол…
-Хүн чинь мөрөөдлөөр тэтгэгддэг шүү дээ. 10 жилийн дараа би мөрөөдлийнхөө зах цухаас атгасан байна байх. Загварын салбартаа өөрийн зорьж буй байр сууринд хүрсэн баймаар байна. Магадгүй 2-3 хүүхдийн ээж болсон байна байх /инээв/.
Түүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон ажил хийж эхэлсэн байна. Мөн эрүүл хоол, арьс арчилгааны клубтэй болсон байна байх.10 жилийн дараах Дашкаг хэн байхыг би өөрөө шийдэх учраас одооноос салбартаа илүү амжилттай ажиллаж, бизнес санаагаа хэрэгжүүлэхийг хичээх болно.
-Дашка уйтгарлаж бухимдахдаа хэрхэн тайвширч, тайтгардаг вэ?
-Сэтгэл хөдлөл ихтэй учраас миний уйлах уйтгарлах, баярлах хөөрөх, тайвширч тайтгарахдаа маш амархан. Ер нь бол сэтгэл хөдлөлөө ил харуулдаг.Анх миний талаар бичсэн шар мэдээ, түүний дор бичсэн сэтгэгдлүүдийг хараад цочролд орж хямардаг байсан. Сүүлийн үед арай гайгүй болоод байгаа.Сэтгэлзүй хэцүү цаг үед намайг дэмждэг, хайрладаг хүмүүсийнхээ бичсэн захидал, мэссэжүүдийг уншаад тайвширдаг болсон.Гэр бүл, дотнын найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрүүлэх, сайхан жааз хөгжим сонсонгоо халуун цай уугаад юм бодоод суухаар бас уйтгар гуниг арилдаг.
-Хоол хийхдээ хэр сайн бэ. Гэр бүлийнхэндээ голчлон ямар хоол хийж өгдөг вэ?
-Хоол хийхдээ сайн шүү. Манай ээж хоолны технологич, бас би айлын том учраас хоолыг багаасаа хийж сурсан.
Ганцаараа амьдардаг байхдаа ихэвчлэн ногоогоор хоол хийж иддэг байсан. Сүүлийн үед найз залуутайгаа амьдарч байгаа учир хоолыг янз янзаар л хийж байна. Ихэнхдээ бууз хийж иддэг болоод байгаа. Манай хүн ч, би ч гараар татсан махтай буузанд дуртай.
-Хамгийн ямар ном уншсан бэ. Ямар подкаст сонссон бэ. Голчлон ямар сэдвийн бүтээл сонирхдог вэ?
-Хамгийн сүүлд “Харизмын тухай ойлголт” гэдэг ном уншлаа. Хувь хүний хөгжлийг харуулсан тус номонд харизмт зан төлөв нь харилцаж буй хүндээ анхаарлаа бүрэн хандуулах, халуун дотно мэдрэмж төрүүлэх, хүчирхэг байх гэсэн гурван шинжээр илэрдэг.Эдгээр нь бидний ухамсарт үйлдэл болон ухамсрын бус хүчин зүйлсээс хамаардаг. Бусад хүмүүс хэн нэгний өөрөө ч анзаардаггүй биеийн хэлэмжийг аль хэдийн анзаарч байдаг талаар бичсэн байсан.
Ер нь бол хувь хүний дотоод хөгжил, сэтгэлзүй рүү чиглэсэн ном зохиолууд надад маш их таалагддаг. Бас уран зөгнөлт уран зохиолуудад дуртай.Хамгийн сүүлд яг дээрхтэй холбоотой “Эерэг сэтгэлгээ ба Mindset” гэсэн сонссон подкастыг сонссон. Би Unlock-ийн подкастыг сонсох дуртай. Сонсоход ойлгомжтой, цэгцтэй байдаг.
– Гэр бүл төлөвлөлтийн талаар юу гэж боддог вэ?
-Одоогоор найз залуутайгаа хамт амьдардаг. Залуу хүмүүс учраас гэр бүл төлөвлөлтийн асуудалд мэдээж нухацтай ханддаг. Бид хоёр бие биетэйгээ маш нээлттэй ханддаг. Бүх зүйлээ л ярилцдаг. Гэр бүл төлөвлөлтөө ч хоорондоо ярьж байгаа.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Ийм сайхан ярилцлагад урьж оролцуулсан tac.mn сайтын хамт олонд баярлалаа. Эмэгтэйчүүд бидэнд хийе гэж шийдвэл чадахгүй зүйл гэж байхгүй. Бүх зүйлд шүү. Хамгийн гол нь өөрөө өөрсдийгөө жаргалтай байх шийдвэрүүдийг гаргаж байгаарай.Мөн өөртөө сэтгэл хангалуун явж байгаа охид эмэгтэйчүүдийгээ битгий хэл амаар доромжилж байгаарай. Бүгд л адилхан хүн шүү дээ.Эмэгтэйчүүд бид нэг нэгнээ дэмжиж, нэг нэгнээ хамгаалж байхдаа илүү хүчирхэг, илүү үзэсгэлэнтэй. Бие биедээ сайн сайхан үг хэлж байгаарай.Эцэст нь хэлэхэд, миний ярилцлагыг дуустал уншсан та бүхэндээ баярлалаа.
Сэтгүүлч Б.Дэжид