Хүүхдийн эсрэг үйлдэж байгаа нийт гэмт хэргийн гуравдугаарт цахим орчинтой холбоотой гэмт хэрэг жагсаж байна гэсэн судалгаа бий. Дэлгэц ширтээд томоотой суугаа хүүхэд тань маш том ангал руу өнгийж байгаа юм биш биз. Энэ бол үнэхээр сэтгэл зовоох асуудал
СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгороос цахимд донтолтын эмгэг, түүний сэтгэцэд нөлөөлөх үр урхаг, хэрхэн түүнээс сэргийлэх тухай тодрууллаа.
-Танай төв хүүхдийн сэтгэцийн чиглэлээрх тусламж үйлчилгээ үзүүлдэг, улсдаа ганц эмнэлэг. Сүүлийн жилүүдэд танай төвөөр үйлчлүүлсэн хүүхдийн тоог, өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад ямар байна вэ?
-СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиник кабинетын хувьд, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс ирж үйлчлүүлдэг. 2013 оноос цахим тоглоомыг хэтрүүлсэн хүүхэд хэвтэн эмчлүүлж эхэлсэн. 2013 онд 30 орчим хүүхэд манай төвд хэвтэж байсан бол, 2017 онд гурав дахин өссөн.
Таван жилийн дотор хэвтэн эмчлүүлэх, амбулаториор үйлчлүүлэх, зөвлөгөө авах хүүхдийн тоо гурав дахин ихэссэн үзүүлэлт гарсан ч, 2019 онд харьцангуй буурсан.
Энэ нь эцэг, эхчүүд хүүхдээ цахим донтолтод орж хүндрэхээс нь өмнө үзүүлэх, зөвлөгөө авах хандлага нэмэгдэж, хэрэглээнд нь хяналт тавьж анхаардаг болсонтой холбоотой. Кабинетын хэвтүүлэн эмчлэх тасаг 25 ортой. Энэ ор сурагчдын амралтын үеэр дүүрдэг.
-Нас, хүйсийн хувьд авч үзвэл?
-10-17 насны хүүхдүүд их ханддаг. Хөвгүүд пс тоглоомыг хэтрүүлэх, донтох байдалтай байдаг бол, охидын хувьд, цахим хэрэглээ нь фэйсбүүк, твиттер, инстаграм, ютүб гэх мэт сошиал медиа тал руу их байгаа нь харагддаг.
-Интернэт донтолтын эмгэг гэж чухам юуг хэлэх вэ, хэрхэн илрэх вэ?
-Энэ жилээс ДЭМБ олон улсын өвчний ICT 11 дүгээр ангилалд “Интернэт донтолт” гэдэг өвчний кодыг шинээр оруулсан.
Тэгэхээр донтох эмгэг мөн юм хэмээн хүлээн зөвшөөрч шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношлох код, эмчлэх аргын талаар олон улсын оношийн шалгуурт оруулсан.
Манай улсын хувьд, ICT 10 ангиллаар ангилж, цахимд донтохыг эмчилж байгаа. Интернэт донтолтын эмгэг нь бусад төрлийн донтой адил байдаг. Тухайлбал, хүүхдэд ихэвчлэн бие махбодын шинж тэмдгээр илэрнэ.
Удаан хугацаагаар сууснаас бие нь хөших, чилэх, ядрах, сульдах, ойрын болон холын хараа муудах, нүд аргаж хуурайших гэх шинж тэмдэгтэй. Өдөр нь унтаж, шөнө нь унтахгүй байх, нойр хүрэхээ болих, ойр ойрхон сэрэх, хар дарах, тоглоомын агуулгыг зүүдлэх, нойрондоо ярих, явах зэргээр нойр нь өөрчлөгддөг.
Үүнээс улбаалж хүүхдийн анхаарал төвлөрөл, ой тогтоолт муудах, хичээлдээ сонирхолгүй болох, амархан мартах, өмнө нь сонирхдог байсан зүйлээсээ татгалзаж, сурлагын амжилт нь буурдаг. Гүнзгий өөрчлөлт буюу хүүхэд удаан хугацаагаар тоглож донтож эхлэхээрээ хамгийн их илэрдэг шинж нь зан үйлийн өөрчлөлт юм.
Хүүхдийн оюун ухааныг яаж тоглох вэ гэсэн бодол л эзэмддэг гэсэн үг л дээ. Ямар нэг аргаар тоглохыг хүснэ, оролдлого хийнэ, хориглоход хүчтэй эсэргүүцнэ, үүнийгээ түрэмгий авираар илэрхийлнэ, эсвэл худлаа ярина, ууртай болно.
Түүнчлэн бүлэглэж тоглох мөнгөө олохын тулд эцэг эхээсээ мөнгө хулгайлах, бага насны хүүхдийн эд зүйлийг дээрэмдэх байдал руу шилждэг.
-Интернэт тоглоомд донтсон хүүхдийн ар гэрийн байдлыг судалж үзсэн үү?
-2013 онд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн дунд судалгаа явуулсан. Судалгаагаар 82.3 хувь нь эцэг, эхийн хараа хяналт сул, хэт их эрхлүүлсэн хүүхэд интернэт тоглоомд донтож байгаа дүн гарсан.
Хүүхдээ хүссэнээр нь тоглуулдаг, дураар нь өсгөснөөс гадна, хүүхдээ хайхардаггүй, тоодоггүй, хүндэлдэггүй айлын хүүхэд бас тоглоомд донтож байгаа нь харагдсан.
2016 онд манай судлаачийн хийсэн судалгаанд, шийдвэр гаргах чадваргүй, хариуцлага сул, өөрийгөө хянах чадваргүй хүүхэд илүү өртөж байгаа нь тогтоогдсон.
Аливаа зүйл хэмжээтэй юм байна, хэдхэн цаг тоглох ёстой юм байна, эсвэл зөвхөн чөлөөт цагаараа тоглох ёстой гэдэг ойлголт багаасаа суугаагүй хүүхдэд донтох байдал ажиглагдаж байна.
-Энэ эмгэгийг ямар аргаар эмчилдэг вэ. Хэр хугацаа зарцуулах вэ?
-Хамгийн гол нь сэтгэлзүйн гаралтай, гадаад шалтгаанаар үүсэж байгаа эмгэг учир, хүүхдэд танин мэдэхүйн сэтгэл заслын эмчилгээг түлхүү хийдэг. Юунаас шалтгаалав гэдгийг илрүүлэн хүүхэдтэй ярилцана.
Хүүхдийнхээ сэтгэл санааг нээх, ойлгуулах, стрессийг нь тайлах гэж ярилцахаас гадна удаан хугацаагаар тогловол ямар хор уршиг илэрдэг вэ гэдгийг танин мэдүүлнэ. Өөрөөр нь донтсон байна гэдгийг нь хүлээн зөвшөөрүүлнэ.
Сэтгэл заслын эмчилгээг ганцаарчилсан ярилцлагаас гадна бүлгээр ярилцах, арт терапи буюу урлагийн сэтгэл заслын аргаар хийдэг. Эдгээрийг хамтатгаж хийснээр тодорхой үр дүн гарна. Тэгээд хүүхдийг амьдралын зөв хэв маягт сургахад эцэг эхийн оролцоо нэн шаардлагатай.
Гэтэл эцэг эх ажил гэсээр анхаарлаа тавихгүй бол хүүхэд буцаад сэдрэх аюултай байдаг. Тиймд мөн эцэг эхэд нь зөвлөгөө өгөх, танин мэдэхүйн сургалт явуулдаг.
-Энэ эмгэгээс ямар аргаар сэргийлж болох вэ?
-Бага насны хүүхэдтэйгээ эцэг, эх заавал хамтарч тоглох цаг гаргах ёстой. Гэр бүлээрээ хөлөгт тоглоом тоглох, унтахаас нь өмнө ном уншиж өгөх, зурагт ном будах зэргээр хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх хэрэгтэй.
Энгийн зүйлийг хүүхэдтэйгээ хамтарч хийхэд хүүхэд маш дуртай, хөөр хөгжилтэй болдог. Чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөж байгаа хүүхэд өөр бусад зүйлийг сонирхохгүй.
Харин боль, битгий гэж хориглоход эсэргүүцнэ. Хүүхдийн өсөлт хөгжилтөд хөдөлгөөн, спорт, урлаг хамгийн чухал. Биеийн хөгжил, оюуны хөгжлийг нь дэмжихэд анхаараач гэж зөвлөмөөр байна.
-Ер нь гар утас, компьютерыг огт хэрэглэхгүй байх боломжгүй үе тулгарч ирээд байна л даа. Харин ямар хугацаагаар хэрэглэвэл зохистой вэ?
-Эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ дэргэд интернэт хэрэглээгээ хянах ёстой. Хүүхэд интернэт хэрэглэлээ гэхэд хяналт тавьдаг байх ёстой. Нас насанд нь тохирсон хугацаагаар хэрэглүүлэх олон улсын жишиг бий.
Тухайлбал, ОХУ-д гурваас доош насны хүүхдэд утас огт хэрэглүүлэхгүй, хүүхэлдэйн киног бага хугацаагаар үзүүлдэг.
Дэлгэцийг хэрэглээ гэж үзэн, түүнд утас, компьютер, зурагт багтдаг. Гурав хүртэл насны хүүхэд 15 минут, гурваас таван настай хүүхэд 30 минут, таваас долоон настай хүүхэд 45 минут гэхчлэн нас, насанд нь бага багаар ахиж хэрэглээг нь тэлж өгдөг.
Ингэж сурсан хүүхэд өсвөр нас болон насанд хүрсэн хойноо ч аливаа зүйлийг хэмжээтэй тохируулдаг. Харин манай улсад эсрэгээрээ багад нь дураар нь орхиод, том болсон хойно нь хориглодог учир хүүхэд хүлээж авч чаддаггүй