Авилгал авсан сонгогч чимээгүй байх ёстой юу
УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдээд байна. Зургадугаар сарын 02-нд сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Сонгууль бүрийн сурталчилгааны үеэр мөнгө төгрөг, эд зүйлс тараалаа гэх маргаан хэл ам дагуулдаг.
Тэгвэл энэ жил иргэдийн дунд сонгуулийн үеэр хэн нэгэн нэр дэвшигчээс авилгал бүхий мөнгө авсан тохиолдолд “чимээгүй” байх ёстой гэсэн ойлголт бий боллоо.
Учир нь хэн нэгэн нэр дэвшигчээс мөнгийг нь авсан сонгогч хүртэл торгууль төлөхөөр болоод буй.
Амжиргааны түвшин доогуур, эдийн засгийн хямралтай дүүргүүдэд энэхүү хууль иргэдэд дээрх сөрөг сэтгэгдэлийг төрүүлэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
Мөнгө өгсөн болон мөнгийг нь авсан сонгогч Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр доорхи хариуцлага хүлээлгэхээр тусгажээ.
Зөрчлийн тухай хуулийн 17-р зүйлийн
30.Сонгогч нь:
30.4. аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, сонгогч та нэр дэвшигчээс мөнгө авсан тань нотлогдвол 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу нэг сая төгрөгөөр торгуулах юм.
Харин СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 81.7-д “Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байх юм.