Өнөөдөр олон улсын нийлэг уутнаас татгалзах өдөр
Жил бүр 07-р сарын 03-ны өдрийг “Олон улсын нийлэг уутнаас татгалзах өдөр” болгон тэмдэглэх үйл ажиллагаанд Zero Waste Europe байгууллага plasticbagfreeday.org сайтаараа дамжуулан голлох үүрэгтэй оролцдог байна. Мөн “нийлэг материал ороогүй уутны өдөр” ч гэж ойлгож болно.
Бидний өдөр тутамд хэрэглэж, дэлгүүр орох болгонд нэмэгдэж байдаг нэг удаагийн хэрэглээний нийлэг уутыг хэрхэн хаях талаар та бодож үзсэн үү? энэхүү уутыг ямар нэг ашигтай байдлаар дахин хэрэглэж байгальд хог болгон хаяхгүй байх талаар ямар нэг зүйл хийв үү? гэсэн асуултыг өөртөө тавиад үзэхэд ихэнхи маань “үгүй” л гэж хариулах байх. Гэтэл яг өнөөдрийн хувьд бүгд л энэхүү гялгар уут нь хэрэггүй, татгалзвал зохилтой, байгальд 100-500 жил шингэхгүй оршдог, байгалийн олон төрөл зүйлд ялангуяа далай тэнгис, усны ертөнцөд хамгийн их гай тарьж байгааг бүгд мэддэг болсон. Тэгэхдээ л та дэлгүүр явахдаа өөрийн ууттайгаа явж, нимгэн гялгар уутанд битгий юм хийгээрэй гэж хэлж чадахгүй байгаа байх. Тийм бид бүгд л яг ингэж байгаа бөгөөд энэ байдал маань өөрөө дэлхийд жинхэнэ гай болж байгаа юм.
Тиймээс ядаж нэг өдөр дэлхий нийтээрээ нэг удаагийн нийлэг уутнаас татгалзахыг энэхүү өдөр уриалж байна. Та зүгээр л нэг удаагийн уут бүү ашиглаарай. Нийлэг ууттай зүйл битгий худалдаж аваарай. Түүний оронд өөрийн ууттай очиж худалдаа хий, цаасан уут, шил, төмөр савалгаатай /шууд дахин ашиглагддаг материалууд/ бүтээгдэхүүнүүд худалдан ав. Ингээд л болоо.
Нийлэг уут нь дөрвөн төрөл байдаг бөгөөд ихэвчлэн хий болон газрын тос боловсруулахад гарч ирсэн дайвар бүтээгдэхүүнээс үйлдвэрлэгддэг. Зөвхөн сүүлийн үед гарч ирсэн Degradable Plastic Bags буюу задардаг нийлэг уутнаас бусад нь байгальд задрах боломжгүй байдаг.
Улс орнууд нэг удаагийн нийлэг уутнаас татгалзахын тулд хориг тавих, татвар нэмэх гэх ажлууд хийж байгаа боловч хориг тавьсан тохиолдолд хуулийн хяналт тавих байгууллагын чадавхиас ихээхэн хамаарч энэ хөтөлбөр хэрэгждэг. Жишээлбэл эхний хориг тавьсан улсууд болох Итали, Раунда, Бангладеш зэрэг улсуудад үр дүн өөр өөр байна. Европын холбооны хувьд Ban the Bag санаачлагыг хэрэгжүүлж эхлээд байна.
Манай улсын хувьд хориг тавьсан боловч тэр бүр амьдралд хэрэгжихгүй байгааг аль ч дэлгүүрээр орсон харж болно. Нарийн грамм заасан хэмжээ нь толгой эргүүлэх бөгөөд хэрэглэгчид зүгээр л “зөвшөөрөгдсөн хэмжээ” байх гэсэн итгэлийг өөртөө төрүүлээд хэрэглэсээр байна.
– Нийлэг уутыг ихэвчлэн 25 минут орчим л хэрэглэдэг
– Дэлхий даяар минут тутамд 1 сая нийлэг уут хэрэглээнд гарч байна
– Дундаж европ хүн жилд 500 гялгар уут хэрэглэдэг. Гэвч тэд байнга нийлэг уутнаас татгалзахыг дэмждэг
– Далайн хог хаягдлын 80% нь нийлэг байдаг
– Европын холбоонд жилд 3,4 сая тонн нийлэг уут үйлдвэрлэдэг. Энэ нь 2 сая ширхэг машины жинтэй тэнцэнэ.
– Далайн хөхтөн амьтдын 31 төрөлийн ходоодноос хуванцар гарч ирсэн бол далайн 100 төрлийн шувууны ходоодноос хуванцар олдсон байна.
Хуванцар нь биологийн олон талт байдлыг заналхийлж байгаа нь бидний хүнсний сүлжээнд ч аюул учруулж байгаа хэрэг юм. Тиймээс та ядаж өнөөдөр нийлэг уутнаас татгалзаарай. Мөн энэхүү мэдээллийг олон хүнд хүргэж ирээдүйгээ, дэлхийгээ авархад оролцоорой.