Манай аймгийн хэмжээнд гурван ТҮЦ машин ажиллаж, иргэд түүнээс 30 гаруй төрлийн мэдээлэл, лавлагааг авдаг. Энэ нь төрийн байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчилж иргэдийн хүлээгдэл чирэгдлийг арилгадаг.
Тэгвэл 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн иргэд Төрийн үйлчилгээний цахим систем буюу ТҮЦ машинаас өөрийнхөө үнэт цаасны дансны мэдээллээ хэвлэн авах боломжтой болжээ.
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, Үндэсний Дата төвтэй хамтран Төрийн үйлчилгээний цахим систем буюу ТҮЦ машинаас иргэд үнэт цаасны дансны мэдээллээ хэвлэн авах боломжийг ийнхүү нэвтрүүллээ.
Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр иргэд өөрт ойр байрлах ТҮЦ машинаар дамжуулан иргэний үнэмлэх, хурууны хээг зааврын дагуу уншуулснаар төвлөрсөн хадгаламжийн дансанд ямар Хувьцаат компанийн хувьцаатай эсэхээ болон ногдол ашиг, ногдол хувийн мөнгө, мөн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны тоо ширхэг, хувь хишиг хүртсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллээ хэвлэн авах боломжтой.
Хэрэв таны үнэт цаасны дансанд ногдол ашиг, ногдол хувийн мөнгө байгаа бол өөрийн данстай үнэт цаасны компанидаа хандан мөнгөө харилцах банкаараа дамжуулан авна.
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь үнэт цаасны өмчлөх эрх бүртгэл, хадгаламжийн үйл ажиллагааг найдвартай үзүүлэхээс гадна харилцагчид чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулан, шинээр нэвтрүүлэн ажиллаж байна.
Мэдээллийн төв
.jpg)