“Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн паркаас “Гарааны бизнес-2020” төслийн сонгон шалгаруулалт эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тус төсөл нь өөртөө ажлын байр бий болгож, өрхийн буюу бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдийн төслийг сонгон шалгаруулах зарчмаар хэрэгжих бөгөөд хүүгүй барьцаагүй гэдгээрээ онцлогтой. Төслийн үндсэн зорилго оршиж байгааг аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал онцолсон.
Иргэдээс ирүүлсэн төслийг хүлээн авч, сонгон шалгаруулах зарчмаар нийт 100 иргэнд тус бүр 2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт олгоно.
Үүнд, үйлдвэрлэл эрхлэх 50 иргэн, Орхон аймгийн Жаргалант суманд газар тариалан эрхлэх 30 иргэн, Инженерийн чиглэлээр суралцаж буй 5 оюутан, менежментийн чиглэлээр суралцаж буй 5 оюутан, НҮБ-ын хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэгч болохоор суралцсан 5 залуу боловсон хүчин, ахуйн үйлчилгээ эрхлэх 5 иргэнд тус тус зээл олгох юм байна.
Төсөлд хамрагдах иргэд Орхон аймгийн харьяат байх, “Эрдэнэт” ШУТП-аас 2019 онд хэрэгжүүлсэн 2 төслөөр хөрөнгө оруулалт аваагүй, сум, хөгжүүлэх сан, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газруудаас зээл авч байсан бол төлж дуусгасан байх, Банк, санхүүгийн байгууллагуудад хугацаа хэтэрсэн зээлгүй байх зэрэг шаардлага хангасан байх ёстой.
Төслийг 2020 оны 5 дугаар сарын 12-ноос 31-ний 18 цаг хүртэл хүлээн авна гэдгийг албаны хүн онцоллоо. Мөн иргэд өөрсдөө төслөө бичиж чадахгүй бол “Эрдэнэт” ШУТП-ийн дэргэдэх “START-UP” төвд хандаж болох юм.
Мэдээллийн төв