Хүн эцгээсээ дээш гурван үеэ мэдэж явбал тэнгэртэй явдаг. Харин эхээсээ дээш гурван үеэ мэдэж явбал заяатай явдаг хэмээн ярих энэ хүнийг О.Пунцагцэрэн гэдэг. Тэрбээр Монголын сүнс судлалын ухааны академич, Зурхайн хүрээний зурхайч хүн.
-Сүнс судлалын ухааны академич хүнтэй уулзаж байгаа болохоор эхнийхээ асуултыг сүнсний талаар эхэлье гэж бодлоо. Сүнс гэдэг зүйл хүний биед оршин байж байгаад таалал төгсөхөд гарч явдаг гэдэг. Энэ талаар эхлээд сонирхуулахгүй юу?
-Сүнс гэдэг нь хүний биед оршин тогтнодог энерги юм. Ер нь хүний сүнс өдөрт долоогоос найман удаа биенээсээ гарч хаашаа ч юм аялдаг. Сүнсний аялал зүүд болж хүнд ирдэг учиртай. Тийм ч учраас үүрээр зүүдэлсэн зүүд биелдэг гэж ярьдаг. Сүнс биенээс гарч аялдаг гэдгийг батлах бас нэгэн жишээ байдаг юм. Хүмүүс урьд өмнө очиж үзэж байгаагүй газар очоод өмнө нь харж байсан шиг санагдчихлаа гэж ярьдаг даа. Тэр нь өөрөөс нь өмнө сүнс нь аялчихсан гэсэн үг байхгүй юу. Хүн нас барлаа гэхэд тухайн хүнээс өмнө сүнс нь дээд тэнгэр лүү явчихдаг. Уг нь 106 цагийн дараа ч гэсэн бие нь амьдрах чадвартай байгаад сүнс, сүлд нь эвдрээгүй бол сүнс буцаад эзэндээ орж амьдрах чадвартай. Зарим лам нар сүлдийг нь дуудна гэж яриад байдаг. Угтаа бол сүнс, сүлд хоёр ялгаатай. Сүлд нь явчихвал хүн амьд байна гэсэн ойлголт байхгүй. Сүлд нь байхгүй бол шууд үхдэг. Харин сүнс байнга орж гарч байдаг гэж би түрүүнд хэлсэн. Гэхдээ сүнс бас хаа хамаагүй орон зайгүй явчихдаггүй. Дээд оюун ухааны төв буюу бидний ярьдгаар Атланикийн том орчинд очоод цөм болж бидний оюун ухаанд нөлөөлж чаддаг. Түүнээс бид авралынхаа одыг гуйх хэрэгтэй юм. Авралын од гэдэг маань эцэг өвгөдийнхөө сүнс байгаа газрыг хэлээд байгаа юм л даа. Лам бурхантайгаа, бөө тэнгэртэйгээ яриад дунд нь жирийн хүмүүс хэнтэй ярихаа мэдэхгүй үлдэж байгаа биз. Тэгэхээр тэд миний яриад байгаа авралын одтойгоо ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө өвөг дээдэстэй.
Тэгээд ч хүн эцгээсээ дээш гурван үеэ мэдэж байвал тэнгэрлэг явдаг. Эхээсээ дээшхи гурван үеэ мэдвэл заяатай явдаг гэж ярьдаг юм. Ер нь өөрөөсөө дээшхи есөн үеэ мэдэж байх хэрэгтэй. Тэд л бидний оюун ухаанд цэнэг өгдөг. Сүнстэй холбогдуулан бас нэг юм ярихад хүн амьд оршихуйг шүтэж байж хийсвэр ойлголтоос хагацдаг. Тэгж байж хүний сүнс байх ёстой газраа байрладаг. Ерөөсөө хүн өглөөний ургах наран, шинийн 15-ны болон 25-ны сарыг байнга харж байх хэрэгтэй. Яагаад гэхээр шинийн 15-ны сар хүний эрүүл мэндийг сайжруулдаг байхад 25-ны сар бүх муу энергийг зайлуулдаг ид шидтэй. Шинийн гуравны сараас олз омог дуудвал мөнгөтэй болдог. Энэ бүгд сүнстэй холбоотой. Өөрөөр хэлбэл сүнс биднийг удирдаж байдаг. Бас сүнсийг яаж үнэлэхээс тухайн хүний заяа төөрөг шалтгаална.
-Сүнсийг үнэлэх гэнээ?
-Тиймээ. Сүнсээ үнэлж байх хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс гоё сайхан болох гээд л бие эрхтнээ мэс заслын аргаар өөрчилж байна шүү дээ. Зарим нь турах гээд л элдвийн эм бэлдмэл хэрэглэж байна. Чиний энэ үйлдлүүд сүнсэнд чинь огтхон ч таалагддаггүй. Хэдийчинээ их өөрчлөлт хийлгэж байна төдийчинээ л чи сүнсэндээ таалагдахгүй болно гэсэн үг.
-Сүнсэндээ таалагдахгүй болно гэж байдаг хэрэг үү?
-Байлгүй яахав. Сүнсэндээ таалагдахгүй болохоор тухайн хүний ажил үйлс бүтэмжгүй болохоос эхлээд л амьдралд нь өөрчлөлт ордог. Майкл Жексоныг хар л даа. Хэчнээн олон гоо сайхны мэс засал хийлгэсэн хүн билээ. Уг нь түүнийг 100 насална гэсэн байсан шүү дээ. Гэтэл насныхаа тоог гүйцээж чадалгүй нас бараа биз дээ. Энэ чинь сүнс нь таалахгүй болсны л илрэл. Хүн өөрийн журмынхаа эсрэг хандах нь ийм хор хөнөөлтэй байгаа юм.
-Та зурхайч хүн. Сүүлийн үед хүмүүс зурхайчид их хандах болсон. Ер нь зурхай хүний амьдралд ямар ач холбогдолтой вэ?
-Зурхай гэдэг бол зур дараа нь хайж ол гэсэн үг л дээ. Үүнийг бид нар зохиогоогүй. Орчлонг өөрчилж байсан агуу юмыг мэдэрч байсан хүмүүс зохиосон. Зурхай гэдэг маань тухайн хүний ирээдүйг хэлж өгөхийг л хэлээд байгаа юм. Яаж явбал зүйтэй вэ, муу юм тохиолдлоо гэхэд тэрнээс яаж гарах вэ гэдэг арга замыг зааж өгч байгаа зүйл. Хүмүүс зурхайтай ном сэтгүүл харчихаад лам дээр очиж засал хийлгэдэг. Угтаа бол лам хүний уншлагаар энэ бүгд шийдэгдэхгүй. Хувь хүн өөрөө л шийдэх учиртай юм. Сүнстэйгээ бид зөв харьцаж чадвал тэр бидэнд тусламж үзүүлж тухайн үйл явдалд чинь нөлөөлж чадна. Тэгээд ч бид өглөө эртхэн босоод цэлмэг тэнгэрээ харчихаж чадахгүй байна. Уг нь цэлмэг тэнгэрээ өглөө бүр харж байвал өөрийгөө цэвэрлэчихэж байгаа юм. Ургах наранг ч гэсэн харж байх хэрэгтэй. За бүр болохгүй бол өрөөндөө лаа асааж байх хэрэгтэй.
-Яах гэж?
-Муу энерги шатдаг байхгүй юу. Үүнтэй адил өглөө бүр ургах наранг харчихвал муу энерги чинь шатна гэсэн үг. Бас зулыг харж байх нь зүйтэй. Зул асаасан шүдэнзнээс өөрийнхөө энергийг харчихаж ч болно. Шүдэнзний толгой чиний энергийг хэлээд л өгнө. Сайн энергитэй байвал шүдэнз өөр лүү чинь тахийх ёстой.
-Та түрүүнд сүнстэйгээ ярих хэрэгтэй гэсэн. Яаж ярих юм бэ?
-Чиний дээд үеийн сүнс бол дээд оюун ухааны хүчний түвшний төвд байгаа шүү дээ. Ерөөсөө дээд язгуурынхаа гурван үеийг мэддэг байх юм бол өвгөдийнхөө сүнстэй шууд харьцаж чадна. Би түрүүнд хэлсэн шүү дээ. Ааваасаа дээш гурван үеэ мэддэг хүн тэнгэртэй явдаг, ээжээсээ дээш гурван үеэ мэддэг хүн заяатай явдаг гэж. Тэгэхээр тэнгэрлэг хүнтэйгээ харьцах газар бол эрүүл саруул тэнгэрлэг орчин байх ёстой. Эцэг өвгөдийнхөө сүнстэй ярих газрыг л хэлээд байна шүү дээ, би. Хүмүүс ханш нээгдэхээр бурхан болоочийнхоо газар дээр очдог. Энэ бол хамгийн буруу. Хамгийн ариун нандин газар л сүнс ирдэг. Бохир шуугиантай газар сүнс ирдэггүй. Овоо толгод байж болно. Хүн сүнстэйгээ харьцахын тулд дээд мөнх тэнгэрээ шүтэж байх хэрэгтэй, тэтгэгддэг юм. Дэргэдэх Этүгэн эх болон газар нутгаа шүтэж байж тэжээгддэг учиртай. Сайн сайхан явахын тулд л сүнс сүлд сүлэлдэнэ. Үүнтэй холбогдуулаад бас нэг юм хэлчихэд хүмүүс хийморийн дарцаг хийсгээд уул овоон дээр тавьдаг даа. Тэр хийморийн дарцгаа хамгаалах гээд гадуур нь уут углаад байдаг. Уут уг нь хэрэггүй юм. Яагаад гэхээр хийморийн дарцаг аль болох хурдан хугацаанд огторгуйд шингэж байна, тэр хэрээр чи хийморьтой явах учиртай.
Эх сурвалж: gegee.one