9 сарын 1 болж, хүүхэд залуус маань хичээл номондоо шамдах цаг ирлээ. Танд эл өдөртэй холбоотой хөгжилтэй бас сонирхолтой дурсамж байдаг юм биш биз? Тийм бол бидэнтэй хуваалцаарай.
Эмээтэйгээ анх сургуульд очиж байлаа. Догдолчихсон амьтан 22-р сургуулийн босгыг алхаад эрхлэгчийн өрөөнд орохгүй юу. Эмээ хүүхдээ сургуульд оруулах гэж буй тухайгаа яриад, “харьяалал, нас таарч байна. За, авъя” гэх мэтийн яриа болоод өнгөрсөн юм даг. Тэгснээ миний нэрийг эмээгээс асуусан чинь эмээ миний нэрийг мартчихаад хэд хэдэн ач зээгийнхээ нэрийг хэлээд олохгүй болохоор нь би өөрөө нэрээ хэлж байсан юм даа.
Б.О, 26 нас
Би аравдугаар ангидаа ордог жил үсээ гурвалжин засалттай босгож ваксддаг байлаа. 9 сарын 1-нд шинэхэн сургуулийнхаа босгыг даваад л хаалгыг нь онгойлгоод ортол сургалтын менежер билүү, нийгмийн ажилтан нь билүү намайг үсээ засуулж ирэхгүй бол оруулахгүй гээд загнаад хөөгөөд гаргаж билээ. Тэгээд би үсээ хусуулчхаад 9 сарын 1-нд шинэ багш, шинэ хамт олон, шинэ сургуультайгаа танилцсан юм. Тэгсэн хэд хоногийн дараа намайг загнаж, үсийг минь засуулсан тэр хүн маань солигдсоныг мэдсэн. Тухайн үедээ инээдтэй ч юм шиг, уур хүрмээр ч юм шиг дурсамжтай явдал болж билээ.
Б.Б
Сургуульд явах гэхэд уйлаад мод хашаа, замдаа таарсан танихгүй хүнээс хүртэл аврал эрэн өршөөл гуйгаад, ерөөсөө уйлахаа болихгүй байсан болохоор хэдэн сар сургуульд явуулаагүй. Ямар сайндаа өвөөтэйгөө хамт хичээлдээ суудаг болж байсан. Тэгж байж л уйлахгүй явдаг. Ер нь хэцүү хүүхэд байсан. Одоо ч тийм сайн сурагч биш ээ биш.
О.У, 23 нас
Намайг анх өөр сургуульд шилжиж ирэхэд ангийн хүүхдүүд над руу сонин сонин хараад, нэг л биш байсан юм. Тэгээд бүр олуулаа ирээд л танилцаад чухамаа чухам. Би ч бүгдээрээ ийм эелдэг сайхан ааштай юм байхдаа гээд гайхах маягтай байж байтал нэг охин ирээд, “Чи захирлын охин юм уу тэ” гээд асуудаг юм. Би бүр юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг гацалтанд ороод, бүгд над руу хараастай. “Үгүй ээ, биш” гэж хэлсэн чинь л тэгээд л бүгд намайг хаяад явчихсан. Ийм л байна даа, амьдрал.
Б.О, 21 нас
Хичээл эхлээд хэд хонож байлаа. Багш намайг дуудаад эрхлэгчийн өрөөнд оруулчхав. Араас нэг охин орж ирээд, бид хоёр яагаад ирснээ гайхаж ч амжаагүй байтал эрхлэгч багш орж ирээд хурдан уншлагын шалгалт авна гэсэн юм. Би чинь 5 насандаа уншаад биччихдэг болсон болохоор багш ер нь надад нээх анхаардаггүй байсан. Гомдмоор… Тэгээд “Унших бичиг” гэсэн дурсамжит шар номоос нэг эх сонгож аваад уншсан чинь би илүү уншсан хэдий ч дунд нь үг буруу уншсан гээд надаас гурван үг хасаад нөгөө охин ялчихгүй юу. Би чинь ялсандаа их л додигор зогсож байгаад ялагдчихсан чинь уур хүрч шар хөдлөөд нөгөө охины үснээс зулгаагаад “эрхлэгчийн охин л ялах ёстой юм уу” гээд бөөн юм болж байгаа юм чинь. Эрхлэгчийн охин мөн бишийг нь ч мэдээгүй л дээ. Зүгээр шар хөдлөөд тэгсэн юм. Тэгээд надад тухайн үед нүдний гэм байсан Сникерс авчирч өгч байж уйлахаа больж билээ. Сүүлд нь мэдэхэд нээрээ л эрхлэгчийн охин байсан юм даа.
Б.О
Би бүртгүүлэх гээд сургууль дээрээ очиж байсан юм. Р үсэг хэлж чаддаггүй болохоор нэрээ хэлэх үнэхээр дургүй. Бүртгэж байгаа хүн, “За миний охины нэр нь хэн билээ. Нэрээ хэлээрэй” гэхэд нь би “Аавын майжиг” гээд л зогсож байлаа шүү дээ.
Ж, 31 нас
9 сарын 1-нд би аймаар өлсөөд , ядаж байхад шинэ сургуульд орсон болохоор ангиа хайгаад олохгүй баахан гүйгээд л бүр өлсчихсөн явж байлаа. Угаасаа хоцорчихсон болохоор дараагийн цагаас л оръё гэж бодоод чадахаар нь цайны газраа олж очоод пирошки аваад идэж байлаа. Тэгсэн чинь нэг багш ирээд л намайг учиргүй загнаад, энд юу хийж суугаа юм хичээлдээ ор гээд, намайг ангид аваачиж өгнө гээд юу юугүй босгоод аваад явлаа шүү. Тэр мөчид би яасан гээч? Буцаж гүйгээд тавган дээр орхисон пирошкигоо аваад, тэр чигт нь халаасандаа хийгээд ангидаа орж байсан юм даа. Оюутан болоод ч би тэр өдөр шиг өлсөж үзээгүй.
О.М, 24 нас
Зургаадугаар ангид ороход бага ангийн найзуудаасаа холдож, тэс өөр хүүхдүүдтэй нэг ангид орсон юм. Тэр мөчид би санаанаас хэзээ ч гардаггүй хүн болох сагсны тэмцээн дээр намайг маажиж байсан охинтой нэг анги болж байгаагаа мэдээд ёстой шоконд орж билээ. Дайснууд шахуу болох байх, нэг нэгнээ үзэхгүй байхдаа гэж бодож байсан ч одоо энэ мэдээг бэлтгэж байгаа хүн тэр үеэс хойш арван жил хажууд минь байсан хамгийн сайн найз минь болсон доо.
А.А, 21 нас
Долоодугаар ангид ордог жилдээ ямар сургуульд орохоо мэдэхгүй ойрхон сургуулийнхаа хажууд суугаад уйлж билээ.
Н.С, 20 нас
Би багадаа хичээл амраад л маргааш нь шууд эмээгийнхрүүгээ явдаг байсан юм. 9 сарын 1-ний өмнөх өдөр гэртээ бов бор болчихсон ирнэ. Нэг жил миний цоолуулж байсан чих битүүрчихсэн байсан юм. Гэтэл 9 сарын 1-ний гангараа гээд ээж ээмэг авчихсан байсан. Миний чих битүүрчихсэн юм чинь ээмэг зүүж болдоггүй. Тэгсэн чинь ээж шипризний зүүгээр хатгачих гээд, хатгасан чинь нөгөөдөх нь далий орчихсон ээмэг нь ордоггүй. Дахиад хатгаад арай гэж оруулаад, ээмгээ зүүчхээд ухаан алдаж унаж байсан юм даа би. Гэхдээ л 9 сарын 1-нд ээмэгтэйгээ явсан даа.
Л.М, 23 нас
Гуравдугаар ангид ордог жил огцом хүйтэн байсан. Бусдаар бол бүгд нэгэн ижил “asshole”-уудын цуглаан шүү дээ.
А.
Анх дунд ангид ордог 9 сарын 1-нд ангийнхаа багшийг хайгаад олдоггүй ээ. Тэр үед Ирээдүй цогцолбор сургууль саарал дүрэмт хувцас өмсдөг байсан. Тэгсэн багш маань бас саарал хослолтой. Тэгээд ялгаж чадаагүй өдөржин явсан даа.
Б, 21 нас
Төгсөх ангид ордог жилдээ шилжсэн юм. Угийн дуугүй, ичимхий юм болохоор биеэ бариад л, сандраад л. Тэгсэн багш нь орж ирээд ааруул тараагаад, би гайхаад идэж чадахгүй нэрэлхээд байж байтал нэг нь асуухаар нь өгчихсөн. Шинэ ангид, ядаж байхад төгсөх ангидаа шилжсэн болохоор эхний өдөр их л хүнд байсан. Арай гэж тараад л харьсан чинь ээж өөр сургууль байна, ийшээ орох уу гэсэн юм. Уухайн тас тэгье гээд шилжсэн. Нэг өдөр суугаад л шилжсэн гэсэн үг.
Ц.Р, 27 нас
Оюутан насны 9 сарын 1 бас онцгүй шүү дээ. Бүх юмаа бэлдээд л “солиоруулаад өгнө” гээд үнэн идэвх царайлаад, урам зоригтой сууж байхад хажуунаас ангийн хүүхэд “Илүү дэвтэр байна уу?” цаанаас “Балаа өгчих”, ардаас “Гол цаас байна уу?” гээд л үргэлжлэнэ шүү дээ.
Г.С, 21 нас
Хэддүгээр курст билээ, сургууль явлаа гэж гараад Гандирсын Адессо ороод суусан манай 2 найз бас орчихсон сууж байсан юм даг. Дандаа тийшээ орж шатар тоглодог гурав, зунжингаа уулзаж чадаагүй, хичээл эхэлсэн өдөр бүгд зөнгөөрөө очсон юм шиг байгаа юм.
Б.Б, 25 нас
Зургаадугаар ангиа төгсөхдөө өндөр 140, 150-тай л байсан байх. Тэр зун ёстой нөгөө бодисын солилцоо, шилжилтын нас, бие задрах гэдэг нь бүгд зэрэг явагдсан байх. 9 сарын 1-нд өндөр 173 болчихсон бов бор амьтан яваад очсон чинь ангийн охид таньдаггүй ээ. Манайд ийм хүүхэд байл уу, шинээр шилжиж ирж байгаа юм байхдаа ухааны юм хоорондоо шивнэлдэцгээгээд. Даанч тэрнээс хойш бүтэн 15 гаран жил өнгөрөөд байхад ердөө гуравхан см өссөн, одоо 176.
Ж, 28 нас
Ес билүү аравдугаар ангийн зун ангийн нийлдэг хэдээрээ зунжин хоногоор зугаалганд явах талаар ярилцсаар нэг өдөр шийдэлд хүрээд явсан юм. Амралтанд очоод хоол унд хийж, голын усанд тоглоод сайхан өдрийг өнгөрүүлсэн. Харин маргааш өглөө нь манай ангийнхны нэг рүү ээж нь залгаад хаана байна, хичээл номын чинь нээлт болж байна ирэхгүй юм уу гэж хэлсэн юм шиг байгаа юм. Бүгдээрээ 9 сарын 1-нийг мартаад амралтанд явчихсан байж билээ.
У.Ц, 22 нас
МУИС-ийн оюутан болсон өдөр эхний хичээл хоёрдугаар байрны 345-д гэсэн байлаа. Би хайж яваад 342, 343… Яг ингээд анги нь дуусаад хоосон хана мөргөсөн юм. Яахаа мэдэхээ байлаа, сандарлаа, айлаа, бухимдлаа… Тэгээд эцэст нь харваас багш царайтай байсан хүн дээр очоод, “345 гэж хаана байдаг юм бол?” гэсэн чинь “Харин хаана байдаг юм бол?”. Ингээд л анхны хичээлээ багштайгаа цуг тасалсан юм даа.
Х.Г, 24 нас
2002 онд анх сургуульд орж байсан үе минь санаанаас ер гардаггүй юм. Цэцэрлэгт байхаасаа нэгээс арвын хооронд нэмж, хасчихдаг, ганц хоёр үг уншчихдаг байсан өнөөх мундаг жаал чинь анхныхаа хичээл дээр тооны дэвтрийнхээ нүдийг алгасалгүй биччихдэг байгаа. Ээж, аав хоёр минь хөдөөнөөс ирчихсэн. Хүүгийнхээ анхны хичээлийг тарахад нь очиж автал багш “Хүү чинь нүд алгасалгүй шамбааралдсан юм бичээд байна. Анхаараарай” гэж байна. Ээж ч “Чиний мундаг, мундаг гээд байсан хаана байна. Зунжингаа тоогоо бодохгүй зураг зураад, ах нарынхаа номноос уншаад үгэнд орохгүй байдаг байсан” гээд л цөөн хэдэн үгээр боловч чангахан дуугаар зэмлэх нь тэр. Аав харин “Яахав дээ, аав шигээ бичиг номонд жаахан тааруу л хүн байгаа биз” гэж өмөөрөнгүй аястай дуугарч байсныг нь одоо бодох бүртээ би өрөвддөг.
Ингэж ээждээ зэмлүүлэн алхаж явахдаа хажуугаар сугадалцан зөрсөн хажуу хашааныхаа хоёр эгчийг харж билээ. Уг нь би чинь эр хүний нүдээр эмэгтэй хүний сайхныг бишрэн бахдах нас хүрээгүй явсан нусгай пацаан шүү дээ. Гэнэтхэн л “Эрдэм номтой болоод энэ хоёр эгчийн нэгэнтэй гэрлээд ээждээ үнсүүлэх үед намайг өдийд ингэж загнаж явснаа мартчихсан байх болов уу даа” гэж насандаа ахадсан бодол тээсээр гэртээ оров.
Дараа нь хажуу хашааныхаа хоёр эгчийг бүжгийн дугуйлангаасаа ирэх замыг нь тосч байгаад шуудхан яваад очив оо. Хэрдээ л бүдүүн хоолойгоор “Сайн байна уу, эгч нараа” гэж хэлчхээд “эгч” гэж дуудсандаа баахан ичив. Уг нь зориглож очоод танилцах санаатай байсан юм шүү дээ. Нэг нь “Сайн, сайн Бал ахын шар хүү юу гэж явна даа, дахиад бөмбөг гуйх гэж байгаа юм уу?” гэтэл нөгөөх нь “Хашааны урд буланд бий, очоод авахгүй юу” гэснээ “хөөрхөн шүү” гээд хацар дээр үнсчих нь тэр. Би ч шуудхан л “Эрдэм номтой хүн болоод та хоёрын аль нэгэнтэй нь гэрлэнэ” гэв. Харин өнөөх хоёр элгээ хөших шахам инээлдсэнээ “За, яахав чи уншиж сураад надад гоё шүлэг зохиож өгөөрэй. Тэгээд бас “Монте Кристо Гүн” гэдэг зохиол аймгаас авчруулаад өгвөл чамтай сууна аа” гээд инээлдсэн чигээрээ яваад өгч билээ.
Одоо надад тэгж хэлсэн эгч үүнийг санадаг уу, үгүй юу бүү мэд. Ямартаа ч миний бичсэн шүлгүүдийг уншиж, гаргасан номыг минь дуртай нь аргагүй худалдан авдаг юм. Тэр хөөрхөн эгчийг ийн хэлсэн даруй би монгол хэл, уран зохиолын хичээлдээ багаасаа шамдаж, шилдэг сурагч болоод аймаг орж “Монте Кристо Гүн”-ийг авахын тулд, олон гоё хайрын шүлэг зохиохын тулд номтой ойр нөхөрлөж эхэлж билээ.
Шүлэг найрагт дурлаж, номонд шимтүүлсэн тэр сайхан эгч нарыгаа одоо ч би дүүгийн сэтгэлээр хайрлаж явдаг. Тэд надад “Юун сонин юм ярьдаг хүүхэд вэ, жаахан байж хүмүүжилгүй гэдэг нь” гэж хэлээд өнгөрсөн бол би өдийд тэс өөр мэргэжилтэй, тоо, шинжлэх ухаанд хоббитой хүн болчхоод сууж байх байсан ч юм бил үү, хэн мэдэхэв.
2 жилийн өмнө 9 сарын 1нд дүүгээ 1-р ангид оруулах гээд сургууль дээр нь нээлтийн ажиллагаа үзээд зогсож байв. Хажууд 2-р ангийн 2 жаал “Анонс” дээрхи бичгийг үсэглэж ядан уншиж байна.
Х-и хи, хи-ч хич, хич-ээ хичээ, хичээ-л хичээл, хичээл-ийн хичээлийн ёооё ямар урт юм бэ? Ш-и ши, ши-н шин, шин-э шинэ, ж-и жи, жи-л жил, жил-ийн жилийн пөөх шинэ жил болж байгаамуу гээд 2 биен рүүгээ томоо гэгч нь харж билээ би мэдрэл хүн шиг ганцаараа баахан инээв.