“Мөнх тэнгэрийн оньс” ТББ-аас Их эзэн Чингис хааныг тодруулан залах ёслол гэгчийг одоогоос гурван жилийн өмнө Төв цэнгэлдэхэд болж байсан. Гэвч тэр ёслолоор хаанаа тодруулалгүй хойшлуулсан байдаг. Тэгвэл тус ёслолыг зохион байгуулахад хөрөнгө оруулсан “АПУ”-ын Г.Батхүүг өөрийгөө “Алтан түлхүүр” гэж нэрлэсэн И.Мөнхсаруул гэх эмэгтэй тодруулсан байна.
Тиймдээ ч “Мөнх тэнгэрийн оньс” ТББ-аас зохион байгуулдаг бүх үйл ажиллагааг Г.Батхүү ивээн тэтгэдэг аж.
Эх сурвалжийн мэдээллээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд орчин цагийн Чингис хаан маань Өвөрхангай аймгийн угшилтай хүмүүсийг 1000 баатар, түүхэн үеийн “бөөн бөөн” хаан, хатдын хойд дүрээр тодруулсан байна.
Тухайлбал, нэг гэр бүлийн нөхрийг Цагаадайн хойд дүрээр тодруулж, түүний гэргийг Сорхугтан хатны хойд дүр, Цагаадайн хойд дүрд тодорсон хүний төрсөн дүү нарыг Өндөр гэгээн Занабазар, Зая Банди гэгээнтэн гэх мэтээр тодруулж хаан хатадын хувцас өмсгөн, хүлээн авалт зохион байгуулдаг ажээ.
Ингэхдээ нэг хүнээс хүлээн авалтын зардал гэж дор хаяж 300-500 мянган төгрөг татдаг бөгөөд хаан хатны хойд дүрээр тодорвол нэг хүний хувцас хийлгэх зардал гэж 3-4 сая төгрөг гаргуулдаг байна.
Хамгийн сонирхолтой нь, “Мөнх тэнгэрийн оньс” ТББ болон Г.Батхүү нарын зохион байгуулдаг энэхүү “хошин жүжиг”-т гадаад дотоодод их дээд сургууль төгссөн, монголдоо л “сэхээтэн” гэгддэг 45-аас дээш насныхан илүү оролцдог гэнэ лээ.
Дашрамд дуулгахад, өөрийгөө “алтан түлхүүр” гэдэг И.Мөнхсаруул нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Дотор гэнэт муухайрч бие хөлөрсөн. 2012 оны зургадугаар сарын 17-ны өдөр байсан. Улаанбаатар хотод цэцэрлэгийн багш нарын семинарт оролцож байсан юм. Орой нь огт унтаж чаддаггүй бөгөөд хэн нэг нь гэрээсээ гар гээд байгаа юм шиг санагдаад гарсан. Гэрээс гартал юу юугүй толгойг нь өөд нь татаад тэнгэр дээр монгол бичгээр үг бичиж харуулсан. Тэгээд би тэрийг үг үсэггүй тогтоож авсан. Итгэхгүй байя гэхнээ нүдэн дээр илтээр үсгийг нь цувуулаад биччихсэн байсан. Тэр үг нь “бүтээл” гэсэн үг байлаа. Энэ нэр юу хэлж байгааг тухайн үедээ би ойлгоогүй. Үүрээр нөгөө өвдөж байсан бие маань босч гүйж хараймаар хөнгөрсөн байсан. Тэнгэрээс өгөгдсөн нэр маань “Оньс”, би “түлхүүр” гэж орчуулсан юм. Гэтэл дараа нь тэр үгийг тайлж уншихад “Чи өөртөө бүтээлч гэсэн нэр өгөөд бүтээл гэсэн энэ уналгад суугаад энэ үйлийг бүтээ” гэсэн үг байсан. Энэ л цагаас эхэлж, тэнгэрийн элч болж, тэнгэрийн хэлийг ард түмэнд дамжуулж, монгол хүнд ийм агуу ухаан, суу заль, нууц өөрт нь байдаг юм шүү, өөрийгөө уудлаач ээ гэдгийг зааж эхэлсэн” гэж ярьжээ.
Сүлжээний бизнес шиг пирамид хэлбэртэй. Энэ сүлжээнд 45-аас дээш насныхан ордог аж. Амьдрал нь тогтсон үр хүүхэдтэй. Бас боломжийн амьдралтай. Зарим нь бизнес эрхэлдэг. Тодорсон гээд байгаа хаад хатдууд хань ижилтэй байх нь хамаагүй гэнэ. И.Мөнхсаруул өмнөх үедээ чи тэр хааны хатан байсан байна хэмээн хаадуудтай нь танилцуулж өгдөг аж. Тэд хоорондоо иргэний үнэмлэхэн дээр байдаг нэрээр өөрсдийгөө дууддаггүй бөгөөд Лигдэн хаан, Өгөдэй хаан, Мөнх хаан хэмээн ярьдаг гэнэ. Тэд “Бид их эзэн Чингис хааныхаа ивээлд багтлаа. Хаандаа баярлаж өргөл барьц өргөе” гэж хөрөнгө татдаг тухай нэгэн хүн ярив.
2 сэтгэгдэл
Энэ сургаар л солиорсон байна. Би энэ төрийн бус дотор нь байдаг хүн байна. Ядах нээ нэр усаа тавиад солиор л доо. Бид газар шороо, байгаль дэлхийнхээ төлөө их зүйлийг амжуулж байна. Өөрөө ойлгохгүй бол бусдад бүү саад бол.
Энэ бол жинхэнэ солиорол байна. Яана даа. Гэцүү гэцүү.