Жил бүрийн өдий зам, шугам хоолой засварын ажлууд эхэлж, түүнийг дагасан түгжрэл бухимдал ихэсдэг. Намар орой эхэлсэн ажлууд хүйтнээс өмнө уралдаж хийгээд чанаргүй хийгдэх асуудлууд ч гардаг.
Уг нь авто зам засварын ажлуудыг өмнөх оных нь арваннэгдүгээр сарын эхээр УИХ дээр, арваннэгдүгээр сарын сүүлээр нийслэл дээр батладаг аж. Батлагдсан төсвийнхөө дагуу хөрөнгө оруулалтын ажлуудын задаргааг хийгээд, тэр ажлуудаа нийслэл нь хийх юм уу, дүүрэг нь хийх үү, эсвэл яам нь хийх үү гэдгээ эртхэн тодорхой болгож захирамжаа гаргаад арванхоёрдугаар сардаа багтаах боломжтой.
Санаснаар болдог бол арванхоёрдугаар сард захирамж гарсны дараа нэгдүгээр сард, оройтлоо гэхэд хоёрдугаар сард тендер зарлагдаад гурван сар гэхэд тендерээ шалгаруулаад зуны гурван сардаа зам завсараа хийх боломтой.
Гэвч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга нь тендэр авсан компаниудтай гэрээгээ хийх гэсээр байтал намрын эхэн сар хүргэдэг аж. Ердөө л бичиг цаасны асуудаас болж хичээл сургууль эхэлсэн хойно, түгжрэл дундуур авто зам засах ажил нь эхэлдэг юм байна. Уг нь тус газар нь 100 орчим ажилтантай боловч хуулийн дагуу ганцхан дарга нь гэрээгээ хийдэг.
Мөн Төсвийн тухай хуулиар зураг төсөлгүй ажлыг төсөвт суулгахыг хориглодог. Гэтэл одоо дандаа зураг төсөлгүй ажил суулгаад дараа нь зураг төсөл хийж байна гэж цаг алддаг байна. Нэг бол түлхүүр гардуулах нөхцөлтэй гэж тендер зарлаад шалгарсан компани нь зургаа хийнэ гээд хоёр сар болдог аж. Түүний дараа зургаа батлуулаад барилгын ажил хийнэ гэхээр манай зуны сард багтдаггүй юм байна.
Хуулиа бариад явах юм бол дээрх ажлууд эрт эхлээд эрт дуусах бүрэн боломжтой. Замын сангийн хөрөнгийг засаг дарга захиран зарцуулах эрхтэй байдаг. Засаг дарга өөрөө дур мэдээд тэнд нэг зам, энд нэг зам гээд дураараа тавиад, нөгөөдүүл нь зураг төсөл байхгүй. Тэгээд тендэрээ зарладаг. Тендер нь шалгарахаар зураг байхгүй юм чинь зургаа хийх гэж нэг сар, батлуулах гэж нэг сар болдог ажээ.
Өөрөөр хэлбэл, авто зам засварын ажил хойшлоод сургууль, цэцэрлэг эхлэх, замын түгжрэлтэй зэрэгцээд хийгдэж байгаа нь ерөөсөө л зохион байгуулалт муу, хууль дүрмээ баримтлахгүй байгаатай холбоотой гэдгийг НИТХ-ын төлөөлөгчид ч хэлдэг.