Өмгөөлөгч С.Оюунцэцэг: Гэр бүл, үр хүүхдээр минь оролдохоо болиочээ
С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг манай сайтад хандлаа. Түүний гэр бүл үр хүүхдүүдэд удаа дараа дарамт шахалт, гүтгэлэгт ирэх болжээ.Тодруулбал, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурлын сураг гарах бүрт ийнхүү Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хүүхдээр “оролддог” байна. Ингэхдээ нэр нүүрээ нууцалсан Фэйсбүүк хаягаар хүүгийнх нь дугаарыг тавьсан сэжиг бүхий зар оруулдаг байна. Улмаар цагдаагийн байгууллагаар шалгуулж, цахим орчинд зохион байгуулалттайгаар нэр хүнд, эрх чөлөөнд нь халдах болжээ. Энэ асуудлаар өмгөөлөгч С.Оюунцэцэг манай сайтад хандлаа.
– Хэн нэгэн таны хүүг удаа дараа хилс хэрэгт унагахыг оролдох болсон гэх хэргийн талаар ярьж өгнө үү?
– Би үнэхээр сэтгэл зүйн хүнд байдалд орж, аргагүй эрхэнд танай сайтад хандаж байгаагаа юун түрүүнд дуулгамаар байна. 2015 оноос миний бие С.Зоригын хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Т.Чимгээг өмгөөлсөн. Түүнээс хойш надад болон гэр бүлд минь байнгын дарамт шахалтад ирэх болсон. Тус хэргийг давж заалдах шатны шүүх хурлаар хэлэлцэх үед би миний бие муудаж, БНСУ-руу эмчилгээ хийлгэхээр явсан. Тухайн үед отгон хүүг минь хүний наймаа, хар тамхины хэрэгт сэжиглэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулж, мэдүүлэг авч, эрх чөлөөнд нь халдсан явдал болов. Яагаад ингэх болов гэхээр намайг гадагшаа эмчилгээнд явсны дараа, миний хүү рүү шөнө бүр дугаараа нууцалсан хүмүүс залгаж “Хүүхэн байна уу, сорох юм байна уу” гэж ярих болсон. Залгасан хүн рүү эргэж залгахаар “Хэн бэ юу яриад байгаа юм бэ” гэхээр утсаа таслаад байх боллоо” гэж хүү маань хэлж байсан. Тэгэхээр нь “За наадах чинь миний хүүг ямар нэг юманд холбож, эцэст нь ээж дээр нь буух “бул хар чулуу” байна даа” гэж хэлж байсан.
Гэнэт нэг өглөө хүүг минь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хар тамхи, хүний наймааны хэргээр саатуулагдсан талаар том охин минь над руу залгаж хэлсэн. Би охиндоо “хэний гомдлоор баривчилсан, яагаад ямар ч үндэслэлгүй зүйлээр хүнд дарамт шахалт үзүүлэх болов гэдгийг тодруулаарай” гэж хэлсэн. Охин маань ч миний хэлснийг дагаж дүүтэйгээ холбоотой өргөдөл, гомдол мэдээллийг асуух гэж цагдаагийн байгууллагад очиход эзэн холбогдогчгүй хэрэгт дүүг нь баривчласан байдаг. Эгч нь дүүгээ өмөөрч, маргалдаж байж суллуулсан. Гэтэл уг хэрэг явдал болоод 20-хон минутын дараа БНСУ-д эмчлүүлж байгаа намайг “Оюунцэцэг өмгөөлөгч хар тамхины хэрэгт холбогдсон хүүгээ ирээд аваад гарлаа” гэсэн гарчиг агуулга бүхий мэдээ нийтлэлүүд гарч эхэлсэн. Би БНСУ-аас ирэнгүүтээ хүүхдийнхээ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, яагаад хилс хэрэгт гүтгэн саатуулж, мэдүүлэг авсан бэ? Үндэслэлгүй асуудлын учрыг олохоор шийдсэн. Эцэст нь хүүг минь саатуулсан уг хэрэг хаагдсан. Яагаад хаагдах болов гэсэн чинь эзэн холбогдогч нь тодорхойгүй, 102 утсанд ирсэн дуудлагаар миний хүүг барьж хорьж саатуулан мэдүүлэг авсан болох нь тогтоогдсон. Хуулинд зааснаар нэргүй мэдээллээр хүнийг баривчлан хорьж цагдах ёсгүй хуулиар хориглосон байдаг. Ээжийнхээ ажил мэргэжлээс болж хилс хэрэгт гүтгэгдсэн хүүгээ хараад би маш их эмзэглэсэн. Намайг элдвээр хэлэх нь хамаа алга. Гэр бүл үр хүүхдүүдийг минь хэлмэгдүүлэх, хилс хэрэгт гүтгэж цагдаа сэргийлэхэд дуудаж байгаа нь эвгүй хэцүү санагдсныг онцолмоор байна. Уг явдал гурван жилийн өмнө болсон.
-Саяхан дээрх асуудал дахин давтагдсан гэж сонслоо?
-Тиймээ. Саяхан болсон Б.Хурц нарын хэргийн шүүх хурал болж Т.Чимгээг хохирогчоор тогтоогдсон. Уг шүүх хуралд би орсон л доо. Үүнээс болоод дахиад дарамт шахалтын илрэл олон нийтийн сүлжээнд тархаж, намайг төдийгүй гэр бүл рүү минь чиглэсэн дайралтууд удаа дараа ирэх боллоо. Энэ сарын 9-нд /2020-09-09/ буюу өнгөрөгч пүрэв гаригт Идэрээ Идэрбат, Даваа Болд гэсэн нэртэй цахим хаягт миний хүүгийн олон жил барьсан утасны дугаарыг бичээд “16-18 настай охидыг Хонг-Конг руу ажилд зуучлана. Англи хэл мэддэг бол давуу тал” гэсэн зарыг байршуулжээ. Үүнээс болж энгийн ажлаа хийгээд амьдарч байгаа хүү минь, бас өмгөөлөгчийн ажлаа ёс зүйтэй хийж яваа надад олон хүнээс дайралт давшилт ирж байна. Зарим нь бүр цагдаа болж хүүг минь барина, хорино цагдана гэж утсаар айлгаж дарамтлах болов. Тиймээс миний бие Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон цагдаагийн байгууллагад хандаж “Өмгөөлөгчийнхөө ажлыг хийхээр надад болон гэр бүлд минь гүтгэлэг, дарамт шахалт ирж байна” хэмээн өргөдөл гомдол гаргасан. Хүмүүс цаад учрыг нь олоогүй байж миний хүү рүү “Монголын цэцэг цэврүү шиг охидыг хилээр гаргалаа” гэж загнаж зандарч, сүрдүүлэх болсон. Үнэхээр гайхаж байна.
Коронавирусээс хамгаалж улс тэр чигтээ хил гаалиа хаасан байхад, миний учир мэдэхгүй хүү охид бүсгүйчүүдийг хилээр гаргана ч гэж юу байхав. Урьд нь 2017 онд гүтгэхдээ 14-16 насны охидыг гэж байсан бол гурван жилийн дараа, яг энэ аргаараа 16-18 насны охидыг гадаадад гарган, хүн худалдаалах гээд байгаа мэтээр гүтгэн хэлмэгдүүлж байгаад би маш их эмзэглэж байна. Энэ зохион байгуулалттай гүтгэлэг хэлмэгдүүлэлт гэдгийг олон түмэнд ойлгуулмаар байна. Би хуулиа дээдлэн, өмгөөлөгчийн ёс зүйг баримтлан ажлаа хийж яваа хүн.
-Та хууль хяналтын байгууллагад хэзээ хандсан бэ?
-Есдүгээр сарын 10-ны өдөр өргөдөл, гомдлоо гаргасан.
-Удаа дараа давтагдаад байгаа энэ үйлдлийн цаад эзнийг хэн гэж та бодож байна?
– Цаад эзнийг одоогоор мэдэхгүй байна. Энэ бол хүүг минь хилс хэрэгт унагах гэсэн зохион байгуулалттай хэрэг гэдгийг мэдрээд байгаа. С.Зоригын хэрэгт ажиллаж эхлэх үед гэр бүл рүү минь гүтгэлэг дайралт ирж байсан бол, тагнуулын дарга Б.Хурц нарыг гэм буруутай нь тогтоогдох энэ үед давтагдаж байна. Ямар нэг байдлаар намайг сэтгэл санааны байдлаар дарамталж хямруулах, гэр бүл үр хүүхдийг чинь хэрэгт хийнэ шүү гэсэн сүрдүүлэг гэж ойлгож байгаа.
-Гэр бүл, үр хүүхдийг чинь “оролдох”-оос гадна ямар дарамт шахалт тань дээр ирж байна вэ?
-Ер нь бол миний утсыг байнга чагнаж байна. Надад дарамтлуулах, сүрдүүлүүлэх байдлууд байнга давтагдаад байгаа. Утсаар ярьж байхад утас тасалдах, миний дуу өөрт минь сонсогдох гэх мэт тохиолдлууд гарах болсон. Ганцхан минь утас ч биш, гэр бүлийнхний маань утсыг чангаж тандах болсон. Миний оронд өөр хүн байсан ч Т.Чимгээг өмгөөлөх байсан. Би өмгөөлөгчдөөсөө насаар ахимаг ч ямар нэг нууц задруулаагүй, зүгээр ажлаа хийж яваа хүн. Гэтэл мэргэжлээсээ болж гэр бүлээ хэлмэгдүүлэлт, сүрдүүлэг гүтгэлэгт автуулж байгаадаа үнэхээр эмзэглэж байна.
Цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг хүсэж байна.
Б.Цэрэндэжид