АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл байгуулагдаад жил болж байгаа. Энэ иргэдтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар болон цаг үеийн асуудлаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай ярилцлаа.
-АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн зөвлөл” байгуулагдаад нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа. Энэ хугацаанд иргэдээс хэчнээн гомдол мэдээлэл ирсэн вэ?
-Ерөнхийлөгчийн зарлиг болон Авилгын эсрэг хуулийн 27дугаар зүйлд заасны дагуу АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн зөвлөл” байгуулагдсан. Байгуулагдаад жил болж байна. Энэ хугацаанд 400 орчим гомдол, мэдээлэл ард иргэд болон аж нэгжээс ирсэн. Тухайлбал, миний байгаа газарт авилга, хувийн ашиг сонирхлын зөрчил, бусад давуу эрх олгоод байна гэх мэт гомдол иргэдээс их ирдэг. Мөн Төрийн өмчит компани, сургууль, цэцэрлэгтэй холбоотой гомдол ирж байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн албыг ах дүү хамаатан садандаа албан тушаалд томилж байна гэсэн гомдол нэлээдгүй ирдэг. Мөн ашигт малтмалын лицензийг хэт их авилгадаж байгаа талаар болон алдарт 60 тэрбум, Улаанбаатар төмөр зам, Зорчигч тээврийн нэгтгэл гэх зэрэг гомдлууд ирдэг. Манайд авилгын үйлдэл их олон төрлөөр байдаг юм байна. Бид үүнийг шийдэх гээд чадлынхаа хэрээр ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын хил гаалиар орж ирсэн гаалийн мэдүүлэггүй орж ирсэн 16 тонн химийн бодисын асуудал. Өнөөдөр энэ асуудлыг шийдэхгүй байна. Энэ химийн бодисоос хэн ч идэж магадгүй. Иймээс хүн ардаа хамгаалаад хуулийн байгууллага хурдан арга хэмжээ авах ёстой. Энэ асуудал нэг өдөр хэвлэлээр яваад чимээгүй болсон. Энэ мэт авилга хээл хахууль, албан тушаалын асуудал их байна.
-Энэ их авилгын асуудлыг шийдэх боломж байна уу?
-Шийдэх боломж байгаа гэдэг үүднээс Монгол улсад прокурор, Мөрдөн байцаах алба, АТГ, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний үндсэн хүрээлэн, цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Байхгүй алба алга, бүгд л байна. Гэтэл авилгын эсрэг хийж, шийдэж байгаа нэг ч зүйл алга байна.Бусдын мэдэж байгаа 60 тэрбумаас гадна өөр нэг жишээ дурдмаар байна. Бид Стандарт, хэмжил зүйн газраас халуун хүйтэн усны баталгаажих гэрчилгээ авдаг. Гэтэл Стандарт хэмжил зүйн газраас ард түмэнд мөнгөөр өгдөг энэ гэрчилгээ хууль бусаар үйлдэгддэг юм байна. Үүнийг хуурамчаар хийдэг гэдгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тогтоочихсон байгаа. Энэ хуурамч гэрчилгээ олгох асуудал 2014 оноос эхэлсэн байгаа. Энэ асуудлаар АТГ-т таван удаа хандсан бичиг манайд ирсэн байгаа.
-Энэ гомдлыг АТГ шалгасан юм болов уу?
-Шалгаагүй. Харин Стандарт хэмжил зүйн газрын үйлдвэрчний эвлэлийн хяналт шалгалтын ажлыг хийж байсан Б.Ариунаа гэдэг эмэгтэйг ажлаас халсан. Мөн Б.Ариунаа гэдэг эмэгтэй нэр төрд халдсан гээд захиргааны шийтгэл ногдуулж, хоёр сая төгрөгөөр торгосон байгаа юм. Харин шүүхийн байгууллага захиргааны шийтгэл хууль бус байна гээд хүчингүй болгосон. Шударга бус зүйлийг гаргаж тавьсан хүн өөрөө гэмт хэрэгтэн болж байна. Энэ асуудал дээр өмнө нь 18020028 дугаартай эрүүгийн гэмт хэрэг үүсч байсан. Харин үндэслэлгүй байна гээд хэрэг хаагдсан. Үүнийг хийсэн Стандарт хэмжил зүйн дарга Г.Гантөмөр ажлаа хийж л байна. СХЗГ-ын хуулийн хэлтэст нь ажиллаж байсан Өнөржаргал өнөөдөр Бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байна. Монгол улсын хууль ингэж л мөрдөгдөж байна шүү дээ
-Танай дээр гомдол ирсэн гэж байна. Та бүхэн Стандарт хэмжил зүйн газарт энд асуудлаар хандсан уу?
-Бид нарт энэ байгууллагад хандах шаардлага байхгүй. Хуулийн байгууллага шалгах ёстой. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дөрвөн төрлөөр гэрчилгээ хуурамч байна гэдгийг тогтоосон.
-Юу нь хуурамч байсан байгаа бол?
-Цаас, хээ , төрийн соёмбын нууцлалын хэмжээ бүгд хуурамч байна гэдгийг тогтоочихсон. Энэ асуудал дээр хуулийн байгууллага гэмт хэрэг гэдгийг тогтоогоод явах ёстой. Хууль бус үйлдлийг илчилсэн хүн өөрөө буруутан болоод явж байна. АТГ ажил хийж байна уу.
-АТГ-ыг дарга Энхжаргалыг ажлаа өгсөн мэдээлэл байгаа. Та бүхэнд энэ талаар мэдээлэл байгаа юу.АТГ дарга ажиллаа өгвөл та АТГ дарга нэр дэвших үү?
-Мэдээлэл байхгүй. Бид ард иргэдээс ирсэн өргөдлөө аваад АТГ хурдан шалгаасай гээд шахаад сууж байна. Бидэнд Энхжаргал ажлаа өгч байна уу үгүй гэдэгт анхаарал тавьдаг хүмүүс биш. Мөн бидэнд тэгж анхаарал тавиад суух байх зав ч байхгүй. Танай сайтаар дамжуулаад ард иргэд та бүхэн “Олон нийтийн зөвлөл” ямар ажил хийж байна гэдгийг ирээд харах боломжтой. Олон нийтийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа учраас манай ажил нээлттэй гэдгийг хэлмээр байна. Төрөөс цалин мөнгө авдаггүй хүмүүс хэрхэн ажиллаж байгааг харах хэрэгтэй .
Н.Алтанцэцэг
undesten.mn