Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл” наадам 33 дахь жилдээ удахгүй болно. Энэхүү наадмаар загвар зохион бүтээгчид ирэх оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилдэг бүтээлүүдээ танилцуулдаг уламжлалтай. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл” наадмын түүхэнд нийт 20 топ модель төржээ.
Хамгийн анх 2001 онд “Топ модель” гэх өргөмжлөл хүртээхэд мөнхийн залуу тодотголтой Э.Одгэрэл, мөн Азийн топ Д.Болормаа нар анхдагч болж байв. Түүнээс хойш төрөн гарсан топ моделиуд хаана хэрхэн амьдарч байгаа талаар сонирхуулъя.
Хос топ моделиуд хэдийнээ эмээ болсон
“Мөнхийн залуу” тодотголтой, топ модель Э.Одгэрэл 1967 оны нэгдүгээр сарын 11-ны өдөр төржээ. Түүний хувьд 1986 оноос загвар өмсч эхэлсэн бөгөөд 2001 онд анхны “Гоёл” наадмын топ модель болсон аж. Монголын загварын ертөнц дэх өөрийн байр сууриа хэзээ ч, хэнд ч алдаж байгаагүй. Тэрбээр өдгөө 53 настай ч арван хэдтэй охидтой зэрэгцэн алхаж, одоо ч тайзнаас буугаагүй байгаа түүнийг Монголын хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгч гэдэг. Түүний охин Орос залууг ханиараа сонгож, хөөрхөн зээ охин төрүүлсэн. Гэвч “мөнхийн залуу” тодотголтой эмээ модель маань загварын тайзаа орхиогүй.
“Азийн модель” Д.Болормаа
1972 оны нэгдүгээр сарын 29-нд төржээ. Тэрбээр чадварлаг моделиос гадна сайн багш гэгддэг. Түүний хувьд 14 настайгаасаа эхлэн загвар өмсөж эхэлсэн. 2011 онд топ модель Э.Одгэрэлийн хамт “Гоёл” наадмаас топ модель өргөмжлөл хүртэж байжээ. Өдгөө “Монгол модель” агентлагийн захирлаар ажиллаж, загварын ертөнцөд шилдэг загвар өмсөгчдийг бэлтгэж байна. Түүний ганц хүү фото модель Даваатай ханилж хөөрхөн ач хүү төрүүлж өгсөн. Дунд сургуулийн сурагч ач хүүтэй Д.Болормаа багшийн ажлаа үргэлжүүлсээр буй.
Хувийн амьдралаа хөөсөн “том” Д.Цолмон
Загвар өмсөгч Д.Цолмон 2002 онд “Топ модель” өргөмжлөл хүртэж байжээ. Тэрбээр 1975 оны наймдугаар сарын 12-ны өдөр төрсөн. Анх 17 настайгаасаа загвар өмсч эхэлсэн байна. Түүний хувьд “Том Цолмон” гэсэн тодотголтой, загварын ертөнцийн “акул”-уудын нэг. “Шилмэл загвар” компанид олон жил багшилж байгаад загварын тайзаа орхисон ч гэсэн түүний шавь нар болох топ модель О.Уянга, О.Пүрэвдулам, Э.Сэлэнгэ, Б.Гэрэлчулуун нарын загварын ертөнцөд цахиур хагалж яваа олон чадварлаг моделиуд байдаг нь сайн модель төдийгүй сайн багш байсны илрэл гэж хэлж болно. Түүний одоо хаана юу хийж яваа мэдээлэл байхгүй байна.
Хэд хэдэн удаа амьдрал зохиосон ч бүтэлгүйтсэн топ Загвар өмсөгч Ч.Туяацэцэг
2003 онд “Гоёл” наадмаас “топ модель” өргөмжлөл хүртсэн бөгөөд “Помогите Нам-2” уран сайхны кинонд тоглож, чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулаад авсан. Түүнийг дизайнерууд хамгийн чадварлаг загвар өмсөгч хэмээн үнэлдэг. Тэр дизайнеруудыг хувцсыг тайзнаа амилуулж чаддаг шилдэг загвар өмсөгчдийн нэг юм. Онгоцны үйлчлэгч мэргэжилтэй тэрбээр загвар өмсөгч хүнд байх ёстой хувирах чадвар, өндөр нуруу, төгс бие хаатай модель гэгддэг. Бор арьс, өөртөө итгэлтэй эршүүд дүр төрх нь түүний бусдаас ялгарах онцлог болдог гэнэ. Тэрээр хэд хэдэн удаа амьдрал зохиосон ч бүтэлгүйтсэн гэдэг. Өдгөө ганц бие гэсэн.
“Хөөрхөн” Х.Ундраа АНУ-д амьдарч байна
Загвар өмсөгч Х.Ундраа 1998 оноос “Шилмэл загвар” компанийн загварын агентлагт 14 наснаасаа суралцаж эхэлжээ. Тэрбээр “Гоёл 2004” наадмаас “топ модель” өргөмжлөл хүртэж байсан юм. Бусад топуудаа бодоход элдэв хов, жив, хэл аманд өртөөд байдаггүй топ Х.Ундрааг загварынхан хамгийн даруухан “топ модель” хэмээн үнэлдэг юм билээ. Тэрээр АНУ-д амьдарч байна.
Өв залгамжлагчдыг төрүүлсэн З.Баярзул
Багаасаа ардын бүжгээр хичээллэдэг байсан бөгөөд даруу зан, донжтой яриагаараа өөрийн имижийг бүрдүүлдэг. Тэрбээр 2005 онд “Топ модель” өргөмжлөл хүртэж байсан. Хувийн амьдрал зохиосноосоо хойш загварынхан дундаа хамгийн нам гүм амьдарч байгаа нэгэн гэж хэлж болно. Тэрээр Улаанбаатар зочид буудлын эзэнтэй гэр бүл болж гурван хүүхэд төрүүлсэн бөгөөд хүүхдүүдийнхээ боловсролд анхаардаг сайн ээж гэсэн.
Дөрвөн хүүхдийн ээж болсон Д.Пүрэвсүрэн
Загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнгийн үндсэн мэргэжил болох жүжигчний карьертаа хайртай ч загварын тайзаа орхиж байгаагүй. Тэр аль алийг нь чадварлаг хослуулдаг. 2006 онд “Топ модель” өргөмжлөл хүртсэн. “Ганга гоёл” агентлагаас загварын гараагаа эхэлсэн түүнд “Мобиком” компани хэрэглэгчдийнхээ гар утасны дэлгэц дээр топ моделийн нүцгэн зургуудыг нь байрлуулахын тулд 30 сая төгрөг төлсөн гэгддэг. Д.Пүрэвсүрэн өдгөө дөрвөн хүүхдийн ээж болжээ.
Г.Уранцэцэг ээж болох болоогүй
Загвар өмсөгч Г. Уранцэцэг бол Дизайнеруудын холбооны урдаа барьдаг шилдэг загвар өмсөгчдийн нэг юм. Тэрбээр 1997 оноос загвар өмсч эхэлсэн. 2007 онд “топ модель” өргөмжлөл хүртэж байв. 1984 оны дөрөвдүгээр сарын 3-нд төрсөн тэрбээр 12 нас хүртлээ Германд амьдарч байжээ. Үүнийг хэдэн жилийн өмнөөс биедээ хамгийн их мэс хүргэсэн топ хэмээн өргөмжлөх болсон юм. Тэрээр өдгөө найз залуутай ч үрийн зулай үнэрлэж амжаагүй явна
Сураг алдарсан Г.Алимаа
Загвар өмсөгч Г.Алимаа 1998 онд сурагчийн ширээнээс загварын тайз руу шилжсэн гэгддэг. 2008 онд “Гоёл” наадмаас “Топ модель” өргөмжлөл хүртсэн. 2008 онд Монголын дизайнеруудын холбоог удирдаж асан Ц.Мянганбаярын нарийн бичгийн даргын алба хашиж байсан түүнийг “Топ”-оор өргөмжлүүлэх үед ихэнх хүмүүс багагүй эсэргүүцэж байсан юм. Гэхдээ түүнийг чадварлаг модель гэдэгтэй санал зөрөх хүн ховор биз ээ. Түүний талаарх мэдээлэл хомс байна.
Сэтгүүлзүйн багш О.Уянга
О.Уянга 14 наснаасаа загвар өмсч эхэлсэн бөгөөд 2009 онд “топ модель” өргөмжлөл хүртэж, олны харааг булаасан. Эелдэг зантай, хүмүүжилтэй, сайн загвар өмсөгч гэгддэг О.Уянга Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. Тэрбээр 2008 онд “Шүрэн бугуйвч” хэмээх кинонд тоглоод амжсан билээ. Ихэр охидын ээж тэрээр нэг хэсэг UBS телевизэд ажиллаж байсан ч өдгөө хувийн сургуульд сэтгүүлзүйн багш хийж байгаа гэсэн.
Брэндээр гоёдог Ч.Уранбилэг
Загвар өмсөгч Ч.Уранбилэг 2010 онд “Топ модель” өргөмжлөл хүртэж байжээ. Тэрбээр “Дорнын тэргүүн мисс”, “Шилдэг фото мисс” гээд гоо сайхны наадмуудад чамгүй амжилттай оролцож байсан. Загварын тайзнаа энхрий ялдам харагддаг Ч.Уранбилэг өдгөө барилгын компани удирддаг сурагтай. Спортоор хичээллэх дуртай, гольф тоглох, хурдан морины хоббитой гээд нэлээд эршүүд зантай, дайчин бүсгүй хэмээн ойр дотных нь үнэлдэг аж. Тэрээр хаана ч явсан брэндлэг гэдгээрээ алдартай. Хоёр хүүхдийн ээж болсон ч ганц бие бүсгүй шиг гунхаж явдаг.
Реймаксын шилдэг ажилтан Э.Сэлэнгэ
Загвар өмсөгч Э.Сэлэнгэ 2011 онд “Топ модель” өргөмжлөлт хүртсэн. Харин 2006 онд “Монголын сайхан бүсгүй”-гээр шалгарч, “Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн”-д оролцож байсан. “Эра” төвөөс загварын гараагаа эхэлсэн загвар өмсөгч, мисс бүсгүй Сингапурын нэртэй загвар зохион бүтээгчийн хараанд өртсөнөөр олон улсад карьераа эхлүүлсэн.
Э.Сэлэнгэ өдгөө олон улсын үл хөдлөх сүлжээний компанийн шилдэг борлуулагч. Түүний хувийн амьдралаас дурдвал сайн найзыгаа амьдралынхаа ханиар сонгосон. Түүний нөхөр Б.Одбаяр хэмээх залуу байдаг бөгөөд хувийн компаниа удирдан авч яваа чадварлаг залуу байдаг аж. Тэд дундаасаа хоёр охинтой.
Найзынхаа нөхрийг булааж, бөөгийн сахиус авсан Ч.Ундрах
Загвар өмсөгч Ч.Ундрах 2012 онд “Топ модель” өргөмжлөл хүртсэн. 12 жил загварын тайзнаа хөдөлмөрлөхдөө ил, далд “фронт”-д ижил үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Учир нь тэрбээр өнөөг хүртэл загвар өмсөхийн хажуугаар өөрөөсөө илүү бусдыгаа үзэсгэлэнтэй харагдуулах нүүр будагчийн ажлыг давхар хариуцаж ирсэн юм. Тэрээр өдгөө МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэгийн нөхөр Г.Сүхбуянгийн дүү болох “НИК” ХК-ийн захирал Г.Гансүхтэй ханилсан тэрбээр гурван хүүхэд төрүүлсэн.Топ модель болоод удалгүй анхны нөхрөөсөө салсан гэх Ч.Ундрах бараг арваад жилийн дараа дахин гэр бүлийн амьдрал зохиож, ганц охиноо дүүтэй болгосон нь тэр. Дотны найз Ч.Туяацэцэгийнхээ амраг залууг өөрийн болгож, багагүй хэл аманд өртсөн тэрбээр топ хүүхнүүдийг муудалцуулсан “дуулиант” нөхөртөө удам залгах хүүтэй болгож байсан. Түүний нөхөр Ч.Ундралтай суухдаа Ч.Туяацэцэгт таван өрөө байр, “Range Rover” машин өгч гэмээ цайруулсан гэлцдэг юм билээ. Харин хоёр дахь амьдралаа зохиогоод удалгүй бөөгийн онгод сахиусаа авсан гэх топ Ч.Ундрах аз жаргалтай амьдарч байна.
Хүүхнүүдийн эрлэгийг тогтоон баригч О.Пүрэвдулам
Загвар өмсөгч О.Пүрэвдулам 2013 оны топ модель юм. Тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгсчээ. “Дурлалын ангууч” уран сайхны кинонд гол дүр бүтээсэн уран бүтээлч, мөн электро транс, поп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Catwalk” охидын хамтлагийн ахлагч билээ. “Asian Model-2011” уралдаанаас “Asian Star Model” өргөмжлөл хүртэж байсныг нь тодотгох хэрэгтэй. Өдгөө “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяртай хамтран амьдарч байна. Тэрээр хүүхнүүдийн эрлэг гэх Мянгаа захиралыг хамгийн удаан хажуудаа тогтоон барьж байгаа билээ.
Нөхрөө сольсон топ С.Ариунбилэг
Загвар өмсөгч С.Ариунбилэг”Гоёл-2014″ наадмаас “Топ модель” өргөмжлөл хүртсэн. Тэрбээр “Энэ наадмын тайзнаа 12 жил алхахдаа хэзээ ч шагнал горьдож байсангүй. Гэнэтийн зүйл боллоо” хэмээн топоор шалгарсан мөчдөө сэтгэгдлээ хуваалцаж байсан нь саяхан. Тэрээр топ болсныхоо дараахан охиныхоо ааваас салж, “Хөх чоно” группын өв залгамжлагч залуутай хамтран амьдрах болсон.
Дуучин залуугийн халамжит хань Х.Бадамгэрэл
Загвар өмсөгч, “Андра модель” агентлагийн захирал Х.Бадамгэрэл загварын ертөнцөд эрт хөл тавьсан ч 2015 онд буюу нэлээд хожуу “Топ модель” өргөмжлөл хүртсэн гэж хэлж болно. Түүний биеийн өндөр 178 см, биеийн харьцаа 86:59:87. Бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа мисс бүсгүй айлын ууган охин гэдэг. Тэрээр топ модель болохоосоо өмнө хүүгээ төрүүлсэн. Насны ханиараа дуучин Мөнхбаярыг сонгосон байдаг.
Хамгийн сайхан хөлтэй гэгддэг Х.Уянга
“Гоёл-2016” наадмын “Топ модель”-иор загвар өмсөгч Х.Уянга тодорч байлаа. Тэрбээр өнөөг хүртэл тасралтгүй 18 жил загварын тайзан дээр алхаж байгаа. Загварынхан дундаа хамгийн сайхан хөлтэй модель гэж үнэлэгддэг. Тэрээр баруун аймгаас гаралтай бөгөөд 13 настайгаасаа хойш тасралтгүй 16 жил “Гоёл” наадамд оролцсоны үр дүнд топ болсон байдаг.
2017 ОНЫ ТОПГҮЙ “ГОЁЛ”
“Гоёл-2017” наадмаас топ модель шалгаруулаагүй. Шалтгааныг нь Дизайнеруудын холбооны нарийн бичгийн дарга Х.Байгалмаа ‘Шаардлага хангах модель байсангүй. Загвар өмсөгч бэлтгэгдээд топ моделийн хэмжээнд хүрсэн цагт тодруулах болно’ гэж тайлбарласан юм. “Гоёл” наадмын 29 жилийн түүхэнд анх удаа топ модель шалгаруулалгүй өнжсөн наадам нь энэ болсон билээ.
Хоёр хүүхэд төрүүлснийхээ дараа топ болсон Т.Халиун
“Гоёл-2017” наадмын “Топ модель” өргөмжлөлийн эзнээр Т.Халиунаа шалгарч байсан билээ. Анх 13 настайгаасаа загварын тайзнаа хөл тавьсан тэрбээр тухайн оныхоо “Гоёл” наадамд орохгүй гэсэн бодолтой байсан гэдэг. Гэхдээ жил бүр хүсэн хүлээдэг, хүндэтгэдэг наадам нь учраас оролцохоор шийдсэн нь түүнийг топ модель болох замд хөтөлжээ. Тэрээр нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлийн хувийн бизнес эрхэлж байна.
Нэвтрүүлэгч топ модель
“Гоёл-2019” наадмын топ модель 14 жил загвар өмссөн Н.Сарнай тодорсон. Тэрээр ТВ9 телевизийн нэвтрүүлэгч хийдэг бөгөөд дөрвөн хүүхдийн ээж юм. Хоёр том хүүхдээ ойрхон зайтай төрүүлээд дөрвөн жил завсарлаад 2018 онд ажилдаа орсон жилдээ топ модель болсон. Топ болсныхоо дараа дахин амаржиж ихэр охид төрүүлсэн.
Тал бүрийн авъяастай отгон топ Д.Долгион
Загварын хүрээллийнхний хүсэн хүлээсэн 32 дахь удаагийн ‘Гоёл-2020’ наадмын топ моделиор загвар өмсөгч Д.Долгион өргөмжлөгдсөн билээ. Тэрээр 28 настай Маркетинг, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй. Мөн “Golden International beauty association” Монгол дахь захирал.
Түүний хувьд загварын тайзтай дунд сургуулийн сурагч байхаас нөхөрлөжээ. Японд хар нялхаасаа амьдарч, бага сургуулиа дүүргэн дунд сургуульд орсон хойноо Монголд ирж “Сакура” сургуулийн сурагч болсон охин загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй байж. Бас ч үгүй хэдэн тэмцээнд өөрийн урласан хувцсаар уралдаад үзчихсэн нь мөрөөдлөө бодитой болгох их хүсэл тэмүүллийг өгчээ.
Зав л гарвал элдэв янзын загвар зурж, бас оёж шидэж суудаг байсан охин есдүгээр ангид байхдаа үсчин, гоо сайханчийн тэмцээнд оролцох найздаа туслахаар анх удаа модель болж. Анхны тэмцээнээсээ шилдгээр тодорч шагнал авсан Долгионд загварын ертөнц сонирхолтой санагдсан гэдэг. Тэгээд ч найз нөхөд нь ятгаснаар загварын агентлагийн хаалга татах зориг хүчийг өгсөн гэнэ.
Улмаар “Эра” төвөөр овоглон загварын тайзнаа ур чадвараа сорьж эхэлсэн Долгион “New face”-д түрүүлж, “Мода Арт” тэмцээний шилдэг 15-д багтан, “ТВ мисс” тэмцээний үндэсний ялагч болж нэг үгээр загвар өмсөгчийн карьераа тун ч эрчтэй эхэлсэн. Тэрээр спортод ч чамгүй одтой нэгэн. Багадаа гимнастикаар хичээллэж, Японд амьдарч байхдаа усанд сэлэлтийн сургуульд сурч байжээ. Монголд ирээд Усан спорт сургалтын төвд дасгал сургуулилалтаа үргэлжлүүлэн 2000 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Бас бишгүүр хөгжмөөр эвлэгхэн нь аргагүй тоглож буйг “Монголын мисс”-т өрсөлдөх үед нь хүмүүс харсан байх.Монголын үе үеийн топ моделиуд хэрхэн амьдарч байгаа вэ