Сэтгүүлч У.Болортуяа Түүхээ худалдсан түүхчид цуврал нэьтрүүлэг бэлтгэн гаргасан. Бүхэл бүтэн тусгаар Монгол Улс 1674-1911 оны хооронд буюу бараг 250 жилийнхээ түүхэн бичиг баримтын “М-1”, нийт 640’000 хуудас архиваа Хятадын талд 17’000 юаниар худалдаж, хуулбарлаж өгсөн тухай уг нэвтрүүлэгт гардаг. Үүнд тухай үед Түүхийн Хүрээлэнгийн Захирал асан, одоо Соёлын сайд С.Чулуун, мөн тухайн үед Архивын Ерөнхий Газрын дарга байсан Төрийн Соёрхолт, гавьяат түүхч Д.Өлзийбаатар нар уг “хэрэгт” оролцсон байдаг бөгөөд Хятадын талд шилжүүлэх гэрээнд гарын үсгээ зурсан тухай гарсан бөгөөд үүнд түүхч Д.Өлзийбаатар дараах тайлбарыг хийжээ.
Гүжир үгэнд хариугүй гэдэг. Гэхдээ олон жилийн өмнө хангалттай хариу тайлбар хийж, хангалттай шалгуулж төнхүүлж, ажлын үр дүнгээ баллуулж байсан түүхийг дахин сануулж “эрэн сурвалжлах” гэсэн нэрийн дор гутаан доромжлох хандлагатай гүжир үүсгэж буйд хариу өгье гэж бодлоо.
Энэ ажилд манай түүхчид оролцсонд энэ удаа би гүнээ харамсаж байна. Тухайн үед та нар минь энэ хамтарсан эмхтгэлийн талаар бүгд л сайшаан дэмжиж, чухал ажил болох тухайд нь үг саналаа хэлж байсан шүү дээ. Хэн нэгэнд хонзогносон уур хонзогнолоо шинжлэх ухааныхаа ажилтай битгий хольж хутгаа эрхэм нөхөд минь. Чулуун бид хоёр түүхээ хэдэн цаасаар худалдаад, архиваа ачаад явах хүмүүс биш гэдгийг та нар мэдэхийн дээдээр мэднэ. Намайг ажлаас өөрчлөхийн тулд бас л хэдэн хүний матаасаар энэ ажлыг зогсоон шалгаж, шалгасан газар нь ямар ч мөнгө цаас, албан тушаал эрх мэдлээ ашиглаагүй байна, хоёр улсын шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагаа байна гэсэн шийдвэр нь холбогдох газраа байж л байгаа. эрхэм эрэн сурвалжлагч үүнийг эрээд олохгүй яасан юм. Академич А.Очир анх 2010 онд холбогдож Түүхийн хүрээлэнгийн захирал байсан Чулуун бид тал талаас ярилцан энэ ажлыг 2011 онд эхлүүлж байлаа. Очир гуай бол манай дундад үеийн түүх судлалын тэргүүлэх эрдэмтэн, эх оронч, шударга эрдэмтэн. Энэ хүн түүхээ худалд гэж хэлэх үү. Та нарын амнаас яагаад “түүхээ худалдсан” гэсэн үг унаж чадаад байнаа. Бид эх түүхийнхээ хуудас бүрийг мэддэггүй юм гэхэд бүлэг, хэсгийг нь өөр өөрсдийнхөө хэмжээнд мэддэг улс. Түүхийнхээ сургамжийг олон түмэндээ хүргэх гэж, түүхийнхээ баялаг хуудсыг залуу үедээ өв болгон хүргэх гэж нойроо хугаслан явдаг л болохоос гадаадад зараад олсон мөнгөө оффшорт хийгээд сууж байдаг хүмүүс бишээ. Ийм ойлголт өгөхөөр гүжирдэж буйд нь үнэхээр гомдмоор. Би бол ард түмнийхээ өмнө түүхч хүнийхээ үүргийг зохих хэмжээгээр биелүүлсэн гэж боддог. Би Монголын түүхийн үнэ цэн, сургамжийг хойч үедээ мэдрүүлэх гэж үнэн сэтгэлээсээ хичээж явдаг хүн. Хийсэн бүтээл, авсан гавьяа шагнал ч бий. Энэ ажлаа би 1991 оноос хойш тасралтгүй хийж явна. Бид хоол идсэн тогоо руугаа нулимахгүй ээ.
Бид хоёр улсын шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд ил тод гэрээ байгуулан архивын баримтын эмхтгэл гаргах ажлыг л хийсэн. ОХУ-тай ч ийм хамтын ажиллагааг 1991 оноос архивын байгууллага хэрэгжүүлж тэдний архиваас онцгой нууцад холбогдох олон мянган хуудас баримт хуулбарлан авчирч олон боть цуврал эмхтгэлүүд гаргасныг түүхч гэлтгүй олон нийтээрээ уншин судалж байдгийг энд хэлэх нь илүүц биз.
Хүрээ сайдын баримтын тухай хэдэн үг хэлье. Архив болон түүхийн хомс мэдлэгтэй хүн дуулиан хөөж мэдэхгүй зүйлээрээ оролдохын хор уршгийг би одоо харж байна. Олон түмэнд ямар муухай хар хор дагуулсан мэдээ өгч байна вэ, Ийм учир би өмнө өгч байсан тайлбараа ахиад л хэлье. Уг нь өөр ажил дээр зав багатай сууж байсан тул түвэг гээд орхиё гэж бодсон ч муухай хорон үгээр гүжирдээд байхаар нь үүнийг бичиж сууна.
Хаанаас гаргаж ирсэн 640000 хуудас вэ, хаана хэн худалдсан 3000 ам доллар вэ? Амазон дээр би ч гэсэн өөрийн болон бусдын номыг худалдах бүрэн боломжтой болсон цаг. За энэ яахав. Архивын хөмрөгийн тухай жаахан ойлголт өгье.
Манай архивт үндсэн 4 том хөмрөг буюу фонд байдаг юм.
Түүний нэг нь Манжийн үеийн фонд.. Энд 1674-1911 оныг хамарсан 224 хөмрөг, үүнтэй холбоотой 228 данс бүртгэл бий. Эдгээрт 137247 ширхэг хадгаламжийн нэгж баримт байдаг. Энэ фондын хэд хэдэн ангилалтай.
1- Манжийн төлөөний байгууллагууд.
2-Халхын 4 аймаг түүний хошуудын баримт.
3-Их шавь, түүний харьяа сүм дацан.
4-Өртөө.
5-харуул. Энэ дотроос Манжийн төлөөний байгууллагууд буюу Улиастайн манж жанжны газар, Ховд дахь Халхын жасаа, Хүрээнд сууж хэрэг шийдэгч Манж сайдын яам гэж бий. Гол газар нь буюу Монгол дахь Манжийн улс төрийн төв нь Улиастай жанжны газар юм.
Бид Хүрээний сайдын яамны хуулга данснаас 140 мянган тал хуудас баримт сонгон олон боть эмхтгэл хийхээр төлөвлөж ажлаа эхэлсэн юм. Энэ нь нийт Манжийн үеийн баримтын 1,7 хувь хавьцаа л юм. Энэ фондын баримтыг хуудсаар тоолбол сая гаруй хуудас болно гэдгийг архивынхан бүгд мэднэ. Гэтэл Манжийн архивыг гаргачихсан гээл ярих юм., арай л байна нээрээ. Хуулга данс гэдэг юу вэ. “Эрэн сурвалжлагч” үүнийг олж мэдэхийг хүссэнгүй, эсвэл ойлгосонгүй. Архивт данс гэгддэг нэр томъёо байдаг юм. Үүнд Хуулга данс, эр төөлүүрийн данс, алба тэгшитгэх данс гэх мэт олон. Үүний хуулга гэдэг нь ирсэн болон явуулсан бичгийг нэг дэвтэрт хуулж бичсэн баримт гэсэн үг. Өөрөөр хэлбэл бичгийн эх нь өөр газарт явсан гэсэн үг. Эхийг нугалбар гэнэ. Тэгэхлээр бид нугалбараас буюу эхээс биш хуулбараас хувилж авсан баримтаар эмхтгэл хийсэн юмаа. Одоогоор тус бүр нь 500 гаруй хуудастай 20 боть гараад байгаа. Цаашдаа та нарын энэ балай ажлаас болоод саатчихгүй бол үлдсэн хуудаснуудаа ботилоод гаргах юм. Үүн дээр түүхч Ганбат уг нь ажиллаж байгаа.
Эмхтгэл хийхийн ач холбогдол юу байсан юм бэ? Чулуун, Очир бид гуравт л хэрэгтэй юм уу. Үгүй ээ, бид харин хийлээ гээд сайнаасаа мууг илүү дуулж байгаа биз дээ.
Дэлхийн Монгол судлаачид Манж чин улсын түүх судлахдаа Хятад руу л очдог, тэнд үндсэн судалгааны баз бий гэж үздэг. Үнэхээр тэнд их баримт бий. Хятад судлаачдын ярьдгаар 1000 хүн 100 жил сууж орчуулаад дийлэхгүй баримт Бээжингийн 1,2 дугаар архивт бий гэдэг. Бид цаашдын хамтын ажиллагаагаа энэ дотроос өөрсдийн түүхэнд холбогдох, манай түүхийн балархайг нөхөх баримтыг нөхөн олох алсын бодол агуулж байгаа юм. Манжийн төрийн төв нь Бээжин байсан гэдгийг эрэн сурвалжлагч нар эрх биш гадарлаж байдаг байлгүй дээ. тэгвэл Монголын архивт судлагааны арвин баз байна гэдгийг дэлхийн судлаач нарт мэдрүүлэхийг, мэдүүлэхийг хүссэн юм. Танайд АРХИВ гэж байдаг юмуу гэж хэлдэг судлаач нар ч байдаг юм шүү дээ. Харин манайд ирээд архивыг маань харчхаад бидний өвтэй болохыг мэдээд буцдаг юм. Архив бол түүхэн баримтыг даран нуудаг сав бишээ. Архив нээлттэй, судалгааны эргэлтэнд ордог байх юм. 1991 оноос эхлэн дэлхийн архивууд нээлттэй гэдгээ зарлаж олон ботиор баримтаа хэвлүүлэн өөрсдийгөө болон улс орныхоо баялаг өвийг гадаадад сурталчлан таниулдаг болсон юм. Үүний нэг жишээ нь хамгийн хаалттай, их нууцтай гэгддэг ОХУ-ын архивууд.
Одоо манайд байгаа голдуу манж хэл дээр байгаа энэ их баримтыг судлах судлаач нар гарын таван хуруунд байх ба архивт бол одоо үндсэндээ нэг ч хүн байхгүй болсон. Бид Монголын архивт манж судлалын тасаг байгуулж чадварлаг архивч–түүхчтэй болохыг мөрөөдөж байсан юм. Харамсалтай нь энэ ажил одоо зогсоод байна. Тэнд ажиллаж байсан манж хэлэнд ихэд сайн болж байсан хүүхдүүдийг тараачихсан. Гэхдээ алдаа засагдана гэдэгт найдаж байна.
Цааш нь олон зүйл бичмээр байвч бичвэр маань ихэд урт болсон тул ингээд орхиё, шаардлага гарвал нэмээд бичиж болох биз.
Гүжир үгэнд сөөм хариу барив. Түүхээ тулж өндийдөг ард түмний түүхч түүхээ худалдахгүйгээ мэднээ.