Зохиогч миний бие 2018 онд энэхүү номоо хэвлүүлж гаргаснаас хойш олон монголчууд 108 мөргөлийн талаар улам илүү сонирхож, амьдралдаа дадал хэвшил болгож, ач тусыг нь хүртэж байгаад туйлаас баярлаж явдаг билээ.
108 сунаж мөргөхийн ашиг тус хязгааргүй юм. Түүнийг энэхүү номонд цөөхөн үгээр, энгийнээр тайлбарлан бичихийг оролдлоо. Уншигчиддаа энэ ашиг тустай үйлдлийг өөрийн амьдрал ахуйдаа хэрэгжүүлэн, хооллох, ажиллах, унтахтайгаа эн тэнцүү үйлдэж хэвшихийг хүснэм. Сунаж мөргөхийн олон талт ашиг тус нь таны амьдралд цоо шинэ хуудас нээж, эрч хүчтэй эрүүл саруул, өөдрөг, ажил амьдрал нь санаснаараа бүтэж байвал энэхүү номыг гаргасан зохиогч миний хүсэл биелэх юм.
Бурхан багшийн сударт 108 сунаж мөргөснөөр тэнгэрийн төрлийг олохоос гадна уур хилэнгийн бузрыг арилгадаг гэх ба бум түм мөргөвөл ногоон дарь эх лугаа адил сайхан бие галбирыг өөртөө олж авна хэмээн бичсэн байдаг ажээ.
Номоос товчхон :
#1 108 сунаж мөргөх мөргөл хийх ёстой гэж? Энэ бол хүмүүсийн хамгийн олон, бас анхны асуулт. Мөргөлийг хийх үндсэн хоёр шалтгаан бий гэж бодож байна. Энэ бол хамгийн хямд, хамгийн үр дүнтэй, эм уухгүйгээр, тариа тариулахгүйгээр, хамгийн амархан эрүүл болох боломжтой дасгал юм. Нэгэн зэрэг үе мөч, булчин, тархи мэдрэл гэхчилэн бүхий л эд эрхтэнд эерэг нөлөөлж ядаргаа, сульдаа, хурсан хий, илүүдсэн өөх, алдагдсан даавар тэнцвэрждэг “ид шидтэй”. Жишээ нь цэвэршилтийн насны эмэгтэйчүүд өдөр бүр хийснээр элдэв эмгэг зовиурь арилна, жин ихтэй бол гуалиг болно, хэвлийн өөх маш үр дүнтэй шатна, булчин хөгжинө, булчин ачаалал авна, шөрмөс сунана, үе мөч өвддөг бол аажим бүрэн арилна, нойргүйдэлийг мартана. Нэн ялангуяа тархи мэдрэлд онцгой нөлөөтэй. Хоёрт ухамсарын хөгжил сайжирдаг ач холбогдол бий. Ухамсарын төвшин дээшлэх нь та амьдралын аливаа асуудалд дур хүсэл, бие махбодын хэрэгцээнээс хальж, үүнээс илүү нарийн төвшинд үйлийн үр, нүгэл буяны хүрээнд ухамсартайгаар ханддаг болно гэсэн үг юм. Энэ бол туйлын чухал хандлага билээ. Яагаад гэвэл аливаа хүн амжилттай сайн явах эсэх нь түүний хандлагаас хамаардаг.
#2 108 мөргөлийг үйлдэх хамгийн сайн цаг? Сунаж мөргөх мөргөлийг өглөө эрхтэн цайнаасаа өмнө эсвэл цайныхаа дараа хийхэд тааламжтай байдаг. Ингэхдээ бурханыхаа өмнөх гүнцэг идээг тавьж, тансаг хүж, арц уугуулаад мөргөвөл бүр илүү сайхан.
#3 108 мөргөлийг орой үйлдэж болох уу? Болно. Энэ нь ядарч сульдсан биемахбодод эрч хүч өгөх болно. Харин та яг унтахын өмнө бүү үйлдээрэй. Унтахаас 2-3 цагийн өмнө хийхэд тохиромжтой. Ер нь нар ургах агшинд, эсвэл сар гарсан үест хийвэл илүү өгөөжтэй гэж үздэг.
#4 Хаана үйлдэж болох вэ?
Сунаж мөргөх мөргөлийг ер хаа ч хэзээ ч хийж болдогоороо тун энгийн бөгөөд амар хялбар. Үүнийг хийхэд ямар нэгэн газар, орон хувцас хэрэгсэл, нөхцөл огт шаардахгүй. Ердөө нэг дэвсгэр худалдаад авчих. Миний хувьд ёогийн дэвсгэр хэрэглэдэг.
#5 Өөрийн биеийг хүндэл, хэт хүчлэх хэрэггүй.
Ялангуяа анхлан мөргөл үйлдэгчид хэт хүчилж хийх нь их. Хүний биемахбод бүр харилцан адилгүй чадамжтай, уян хатан чанар нь ч тэр. Иймээс өөрийн чадах хэмжээнд хэт хүчлэлгүйгээр харин чармайлт мэрийлт сайтай, тууштай хийхийг эрхэмлэх хэрэгтэй. Эхлээд чадах хэмжээнд 20, 30 хий, дараа нь аажим нэм, 50,60 болго ингэсээр 108 хүргэ.
#6 Сунаж мөргөх дасгалыг хийсэн байхад та нэг дор, нэгэн зэрэг маш олон хэрэгтэй зүйл хийчихлээ гэж бодож болно. Та нэгд, хөдөлгөөний идэвхтэй байна, хоёрт, та тарни маань уншдаг бол мөргөх явцдаа 108 удаа тарниа уншчихлаа гэсэн үг, гуравт эрүүл болох “эмээ” уусан гэж тооц жнь илүүдэл жинтэй бол өөх шатаагчаа, нойр муутай бол нойрны эмээ уусан гэж бод, нуруу үе мөч өвддөг бол тариагаа тариулчихлаа гэж итгэ, дөрөвт, хийд орох шаардлагагүй -та өнөөдөр хангалттай буян хийчихлээ. Халзан хүн бүр үс нь ургасан гэж бичсэн харагдана лээ!
#7 Мөргөлийг ямар хурдтайгаар үйлдэх нь зохимжтой вэ?
108 сунах мөргөлийг удаан, дунд, хурдан гэсэн хурдтайгээр хийж болно. Хэрэв та аливаа зүйлд төвлөрч, тарниа уншиж, амьсгалаа бүрэн мэдэрч бясалгах маягаар хийхийг хүсвэл танд удаавтар аажуу хийх нь зохино. Энэ нь нэг мөргөхдөө дунджаар 15 орчим секунд зарцуулна гэсэн үг. 108 мөргөхөд дунджаар 25 минут зарцуулагдана. Ингэснээр булчингийн хүч массанд ч нөлөөлдөг. Харин хурдтай хийхэд бодисын солилцоо эрчимжин хөлөрч өөх шатаалт явагдана. Энгийн хурдтай хийхэд дасгалын өмнөх, сайхан бие халаалт болно.
#9 Мөргөл хийхэд нуруу болон өвдгөөр өвдөж байвал эмчийн зөвлөгөө авахад илүүдэхгүй.
Нуруу, өвдөгний өвдөлттэй хүн дасгалыг аажим хийж дадуулах нь зүйтэй. Дасгал хийснээр өвдөлт аажим арилж хөл, нуруу дасвал нэн сайн. Харин өвдөлт арилахгүй аваас эмчээс зөвлөгөө авахад илүүдэхгүй. Ер нь хувийн зүгээс хэлэхэд, хэрэв ямар нэг өвчин эмгэгтэй бол Манал бурханы зүрхэн тарнийг уншиж мөргөлийг үйлдэж байх аваас таны өвчин эмгэгт сайн байх боловуу.
#10 108 мөргөлийг үйлдэхэд дунджаар нэг мөргөхөд 1 орчим ккал шатаах ба 100-120 ккалыг нийт 108 мөргөлд шатаадаг гэсэн тооцоо бий. Гэхдээ хэрэв жин ихтэй байх тусмаа шатаах илчлэг илүү байдаг. 56 кг жинтэй хүн 120-ыг шатаах бол 70 кг жинтэй хүн 149 ккал шатаадаг болохыг Harvard Health Publications сэтгүүлд дурдсан байна.
#11 108 мөргөлийн дараах эмгэг хөндүүр
Хэрэв та ямар нэгэн дасгал фитнес огт хийдэггүй бол мөргөлийн дараа нуруу, гарын булчин, гуяны булчингууд хөндүүрлэж өвчин орно. Үүнийг үл тоож дасгалыг улам шургуу хийхийг зөвлөе. Дасгалын дараа шууд хэвтэх, хүнд хоол шууд идэх хэрэггүй, цэвэр ус ууж агаарт алхвал сайн.