Хавдрын мэс заслын эмч доктор Ишигүрогийн онлайн зөвлөгөөг сонсож мэдээлэл авдаг юм. Энэ удаа сонирхолтой санагдсан тул доорх сэдвийг товчлон орчуулж орууллаа.
~СЭТГЭЛЗҮЙД ТААГҮЙ НӨЛӨӨЛӨХ ХҮНС ТЭЖЭЭЛ~
Сэтгэл санаа тогтворгүй, санаа сэтгэл хэвийн бус түгшүүртэй байх үед зарим хоол хүнс биднийг тийм байдалд оруулдаг талаар бодож үзэх шаардлагатай. Сэтгэлийн түгшүүр гэж юу вэ гэвэл, сэтгэл санаа тавгүйтэж, аюулыг мэдрэх, дасан зохицох боломжгүй нөхцөл байдал үүсэхэд ирээдүйд гарч болох ямар нэгэн аюулаас эмээхийг хэлнэ. Иймэрхүү стресс жирийн үед ч хааяа тохиолддог зүйл. Жишээ нь ямар нэг чухал үйл ажиллагаанд оролцох, ярилцлагад орох, эсвэл хүний өмнө гарч ярих зэрэг тохиолдолд өмнө нь бид сандрах, санаа зовох, догдлох зэрэг стресст орж байдаг. Энэ бол хэвийн үзэгдэл юм. Гэхдээ тийм байдал хэтэрхий олон удаа давтагдах, эсвэл байнга үргэлжлэх тохиолдолд өдөр тутмын амьдралд бэрхшээл учруулахаас гадна, түүнийг хянахад хэцүү бөгөөд хувийн амьдралд төдийгүй нийгэмтэй харьцахад төвөг учруулна. Зарим хүний хувьд санаа зовнил (сэтгэлийн түгшүүр)-ын үед зүрхний цохилт нь нэмэгдэж паник, шоконд орох явдал ч тохиолддог.
Хэрвээ та биедээ орж ирж байгаа шим тэжээлийн бодисууд таныг ийм сэтгэлзүйн тавгүй байдалд оруулж болно гэдгийг мэдэж авах юм бол хандлага чинь өөрчлөгдөж магадгүй юм. Тиймээс үүнийг мэдээд авчихаасай гэж бодож байна. Сэтгэлзүйн тавгүйтэл үүсгэдэг ямар хоол хүнс байдаг вэ гэвэл, нэг үгээр сахар ихтэй хүнс юм. Цусан дахь сахрын хэмжээ ихсэж багасах өөрчлөлт нь сэтгэл санааг тавгүй байдалд оруулах шалтгаан болдог гэдгийг баталсан судалгаанууд байдаг. Сахрын хэмжээ өсөхөд нөлөөлдөг хүнс бол ялангуяа цэвэршүүлсэн элсэн чихэр, үйлдвэрийн аргаар боловсруулсан органик бус хүнсний бүтээгдэхүүн юм. Эдгээр хүнсийг хэрэглэхэд цусан дахь глюкозын хэмжээ огцом ихсэх бөгөөд тэр хэрээр их хэмжээний инсулин хэмээх гормон ялгарч, сахарын хэмжээг буулгах үйлчлэл үзүүлнэ. Үр дүнд нь сахар их хэмжээгээр буурна. Эдгээр хүнсийг голлон идэх тусам энэ байдал давтагдсаар, биед сахарын огцом хэлбэлзэл байнга үүснэ гэсэн үг. Үүнийг сахрын сүйрэл (Sugar crash) гэж нэрлэх бөгөөд энэ үед сэтгэлийн хөөрөл гутрал тавгүйтэл, гуниг, догдлол гэх мэт зовууриудыг үүсгэдэг байна.
Энэ нь шинэ нээлт биш юм. 1966 онд сахар нь сэтгэлийн тавгүйтэл үүсгэдэг тухай бичсэн судалгааны ажлын мэдээлэл гарсан байдаг. Функционал гипогликеми (Functional hypoglycemia) өвчтэй, өөрөөр хэлбэл цусан дахь глюкозын хэмжээ буурах явцад сэтгэл зүйн өөрчлөлтөд ордог хүмүүсийг сонгож тэдэн дээр судалгаа хийсэн байдаг.
Тэдгээр өвчтөнүүд нүүрс ус, сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол их хэмжээгээр хэрэглэдэг, мөн кафейны агууламж ихтэй зүйлүүдийг байнга уудаг байжээ. Кафейн бол бөөрний дээд булчирхайг цочроох ба тэндээс ялгардаг адриналин хэмээх гормон нь элгэнд сахар ялгаруулах тушаал өгч түүний үр дүнд цусан дахь сахарын хэмжээ эрс ихсэх бөгөөд түүнийг буулгахын тулд инсулин ихээр ялгардаг аж. Тиймээс кафейн бол сахарын хэлбэлзлийг өдөөдөг зүйл юм. Ихэнх өвчтөн жишээлбэл кофе ууж зайрмаг идэх, талх жигнэмэг бялуу идэхдээ кофе уух гэх мэт чихэр сахар болон кафейн ихтэй зүйлүүдийг ихээр хэрэглэдэг зуршилтай байсан байна. Сахрын хамааралтай, өөрөөр хэлбэл сахаргүйгээр байж чаддаггүй тийм улсуудын хувьд цусан дахь сахрын хэмжээ өчүүхэн төдий багасгахад л тэсвэрлэхэд хэцүү болж ирдэг. Тиймээс сахрын хэмжээ буурах үед эл янз бүрийн сэтгэл мэдрэлийн зовууриуд илэрдэг байх нь. Харин тэдгээр өвчтөний хоолны дэглэмийг өөрчилж сахар бага, уураг ихтэй хоол, кафейн агууламжгүй уух зүйл өгөхөд сэтгэлзүйн тавгүйтэл нь арилсан байна.
Түүнчлэн сахрын хэмжээ ихсэж багасах нь сэтгэлзүйн зовуурь үүсэхэд нөлөөлдөг талаарх судалгаанууд цөөнгүй байдаг ажээ. Жишээлбэл 2015 онд гарсан мэдээллээр, сахрын хэмжээг хялбархан өсгөдөг хүнс, тухайлбал ундаа, органик бус аргаар боловсруулж бүтээсэн хүнс хэрэглэгчдийн дунд сэтгэл гутралын өвчин тусах эрсдэл өндөр байна. Мөн 2016 онд гарсан судалгааны мэдээн дээр чихэрлэг амттан маш их хэмжээгээр иддэг хүүхдийн өвчтөний түүхийг хавсаргасан байх бөгөөд тэр хүүхэд үргэлж сэтгэл тавгүйтэж, гэдэс эвгүйцэх, бие сульдах,түүнээс гадна булчин сулрах, анхаарал сарних гэх мэт шалтгааны улмаас сургуульдаа явж чаддаггүй байжээ. Энэ зовуурь хүүхдэд арван хоёр наснаас нь эхэлж үүссэн байх ба зовуурь илэрмэгц шоколад чипс гэх мэт зүйлүүдийг идэж биеийнх нь байдал дээрддэг гэнэ. Харин тэр хүүхдийн хоолны дэглэмийг өөрчилж, уураг ихтэй, өөх тостой, ислэг сайтай хоол идүүлснээр цусан дахь глюкоз бууралтын зовуурь багасаж бие нь илэрхий сайжирсан байна. Харин эргээд урьдынхаа хоол хүнсийг хэрэглэж эхлэхэд өмнөх зовууриуд дахин үүсэж байжээ. Хоолны дэглэмийг нь хэрхэн өөрчилсөн бэ гэвэл, өглөөгүүр жимс, уураг ихтэй хүнс хэрэглэж, өдөр оройд аль болох нүүрс усны агууламж бага, уураглаг хоол хүнсийг давуу өгчээ. Ингэж хоолны дэглэмийг өөрчлөх төдийд л хүмүүсийн сэтгэл зүйн байдал нь өөрчлөгдөж, маш тайван тогтуун байдалд орсон байдаг гэнэ.
Хэрвээ танд одоо ямар нэгэн сэтгэлийн хэт хөдлөл, догдлол, тавгүйцэл мэдэгдэж байвал сахарын хэмжээг огцом өсгөдөг хоол хүнс хэрэглэсэн эсэхээ хянаад үз. Ямар ч гэсэн хоолныхоо дэглэмд дээрх өөрчлөлтийг хийгээд үз. Сэтгэл зүйн зовуурь тань дарагдах боломжтой юм. Гэхдээ мэдээж бусад шалтгаанууд ч нөлөөтэй.
Жишээ нь мэдрэлийн дамжууллын бодис буюу Нейротрансмиттер холбогч эд болох амин хүчлүүд дутагдах, мөн магнийн дутагдлаас сэтгэлзүйн янз бүрийн зовуурь үзэгдэх боломжтой. Аа бас өөх тос байна. Жишээлбэл хүний тархины жаран хувь нь өөх тосны бүтэцтэй байдаг. Сайн өөх тос хэрэглэнэ гэдэг нь маш чухал зүйл бөгөөд өөх тос дутагдахад бас сэтгэл гутралд орох, заримдаа бүр амиа хорлох хүртэл аюултай гэсэн судалгаанууд байдаг. Тиймээс сэтгэл зовнил болон сэтгэлийн таагүй тогтворгүй байдал үүссэн тохиолдолд түүнийг хүчээр зогсоох гэж ямар нэгэн оролдлого хийхээсээ өмнө идэж байгаа хүнс тэжээлийн зүйлээ хянах,өөрчлөх аргыг хэрэглэхэд үр дүнтэй байх магадлалтай юм аа гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй. Сүүлийн үеийн элдэв мэдээ мэдээллүүдээс болж сэтгэл зүй хямрахын хажуугаар хэт их сахар агуулсан хүнс хэрэглэдэг бол тэр зуршлаа засах нь мэдрэлийн тогтвортой байдлыг хамгаалж болох юм.