Төмөрийн Ариунаа гэхээр тас тас инээсэн ер бусын цоглог эрч хүч, эрэмгий зориг, элбэг хангалуун сэтгэл санаанд бууна. Дуучин Ариунаа гэхээр тайз эзэгнэсэн талын монгол, он цагийг хураасан оршихуйн үнэн, аялгуунд шингэсэн нялхамсаг агаад эрхэмсэг төрх санаанд тодорно. НҮБ-ын хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа гэхээр нийгмийн зүтгэлтэн болоод хувирчихна. Тэр хувь хүний хувьд хүчирхэг, дуучны хувьд хатан хаан суудалт, нийгэмд хандах хандлагаараа ариун сэтгэл, ариуслын төлөө тэмцэгч нэгэн билээ.
Хорь, хорин нэг гэх хоёр зууныг дамналдуулан монголын рок поп урлагт Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа гэх домогт гурван дуучин төрсний нэг нь тэр юм. Тэрбээр дуулах заяанд төрсөн хүн. Хар багахан насаасаа дуулж эхэлсэн. Хангинатал дуулсаар л явна. Харьж буцах, хорьж зогсох зүйл түүнд байсангүй.
Төмөрийн Ариунаагийн дуучин болсон замнал энгийн атлаа эрхэмсэг. Хэрэв ээж нь дуу хөгжмийн багш байгаагүй бол, аав нь агуу урлагийн замд хөтлөөгүй бол яах байсан бол. Хүний хувь заяанд ийм тансаг тавилан элбэг бус. Тиймээс Ариунаагийн урлагийн бурхад нь аав, ээж нь гэвэл зохистой мэт.
Ээж Даваадоржийн Баянжаргал нь Ардын дуу бүжгийн улсын чуулгад ятга, шанз хөгжим тоглодог хөгжимчин хүн байв. Тэрбээр ууган охин Ариунааг төрүүлээд чуулгаасаа гарч нийслэлийн 46 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багш болсон нь охиныхоо ирээдүйг зөгнөсөн мэт сонголт байлаа. Түмний хүүхдийг урлагийн суурь хүмүүжилтэй болгохыг зорьж буй багш хүний хувьд охиныхоо ирээдүйг нэвт шувт харж байсан байж таарна. Түүний сэтгэлд охин нь яахын аргагүй дуучин, ясны гэмээр урлагийн хүн болох нь танигдсан байх. Гэхдээ энэ нь эхийн сэтгэл, багшийн сэтгэлийн зааг дээрх зөн билиг, зөөлөн хатуугийн тэнцэтгэл байсан байх. Юутай ч тэрбээр охиноо дуу хөгжимд дуртай болгосон, тэр байтугай урлагаас насан туршдаа урвахгүй итгэлийн галыг бадраасан. Энд л ээжийн нь гавъяа оршино.
Аав Чүлтэмийн Төмөр нь авъяасыг бадраагч нэгэн байв. Ууган охин нь хар бага наснаасаа л хангинатал дуулж, ханатлаа бүжиглэх дуртай байсан нь авъяасын оч цахилж буйг мэдэрч байлаа. Аав ээж хоёрын ажигч гярхай нүдэнд Ариунаа дуучин болох нь гарцаагүй мэт харагдаж байлаа. Тэдний санал нэгдэнэ гэдэг охины хувь заяа шийдэгдэж байна гэсэн үг. Тиймээс аав нь охиноо хөтлөөд л очих ёстой газар, уулзах ёстой урлагийнхантай учирч явсан. Тэр ч байтугай байгаа хэдээ гөвж байгаад л охиноо дэмжиж, тэтгэж байлаа. Ариунаагийн дууны анхны клип болох “Амласан хайр”-ыг аав нь ивээн тэтгэж байлаа. “On and Off” продакшны бүтээсэн энэ клип 1000 доллараар бүтэж байсан. Монголчууд гоймон талхаар гол зогоож байсан 1995 он гээд бод доо. Ариунаа ингэж эцэг эхийнхээ буянаар урлагийн замд эргэлт буцалтгүй орсон юм. Энэ бол эхлэл бөгөөд монголын рок поп урлагийн аз гийсэн учралын нэгэн байлаа.
Т.Ариунааг дуучин болоход сургуулийн насанд нь хамгийн их нөлөөлсөн хүн нь Монгол Улсын гавъяат багш, хөгжмийн зохиолч Л.Галмандах, үел эгч дүүс болох эстрадын нэрт дуучин Х.Оюунбилэг, түүний том ах Х.Энхтайван гэж хэлж болно. Х.Энхтайван, түүний дүү Х.Энхбаяр хоёр “Багш та” хэмээх дууг гитар, баян хуур хөгжмөөр хөгжимдөж Х.Оюунбилэг, Т.Ариунаа хоёрт зааж өгчээ. Тавдугаар ангийн бяцхан охид ч хоршин дуулж урлагийн амтанд хөглөгдөж хөөр хөгжөөнд автагдаж гүйж явлаа. Хамгийн гайхалтай нь ЗХУ-д сурч байсан Х.Энхтайван “Багш та” дууг нь пянзанд бичүүлсэн явдал юм. Тэр нь яалт ч үгүй Х.Оюунбилэг, Т.Ариунаа хоёрыг дуу хөгжмийн ертөнцөд татан оруулсан “дэлхийн” тамганы дардас байлаа.
Х.Оюунбилэг, Т.Ариунаа хоёрыг зургаа, долдугаар ангид байх үеэс нь Х.Энхтайван гадаадын хамтлаг дуучдын уран бүтээлийг эрчимтэй танилцуулж байсан нь эстрадын урлагт шунан тэмүүлэх тэмүүллийг нь бадрааж өгчээ. “Смоуки”, “Бони-М”, “АББА”, “Би-Джис” хамтлаг, дуучдын дууг пянзнаас сонсч, бас дуулж сурна гэдэг том сургууль болж байв. Тухайлбал “Бони-М” хамтлагийн “Малайка”, “Би-Джис” хамтлагийн “Месес Чусес”, “Машина времина” хамтлагийн “Годы летят стрельею” дууг хоршин дуулж, дөрвүүл хамтлаг хүртэл байгуулж явлаа. Өнгөрсөн зууны наяад оны эхэнд ийм орчин, завшаан хүн бүрт тэр бүр тохиож байсангүй.
Т.Ариунаагийн сурагч ахуй цагийн дурсамж төдийгүй нээлт нь Хосе Мартийн нэрэмжит 52 дугаар дунд сургууль байлаа. 1975 онд тус сургуульд Батнямсүрэн багштай 1-ийн “а” ангид тэр орсон юм. Тэр даруухан атлаа нийтэч, мэриймтгий мөрөөдөмтгий хүүхэд байлаа. Тэр 13 насандаа буюу 5-р ангиасаа дуулж эхэлсэн. 6-р ангийн сурагч байхад нь “Багш та” дуу нь пянзанд бичигдсэн. 7-р ангид байхдаа Л.Галмандах багшийн хараанд өртөж багш шавийн гайхалтай түүх эхэлсэн. Тэр түүх бас түүхтэй. Ажилчины районы “Хөдөлмөр” кино театрт кино эхлэхийн өмнө урлагийн бяцхан тоглолт тоглодог байлаа. Нэг удаа Л.Галмандах багшийг кино үзэж байхад нь хоёр салаа гэзэгтэй цоглог охин “Годы летят стрельею” дууг гитартан дуулсан нь түүний багшилж буй 52 дугаар дунд сургуулийн 7-р ангийн сурагч Төмөрийн Ариунаа байж. Маргааш нь багш Л.Галмандах сурагч Т.Ариунааг дуу хөгжмийн өрөөндөө дуудаж уулзжээ. Тэгээд Т.Ариунаа тэргүүтэй 6 хүүхдээр сургуулийнхаа “Нарны дуулал” хамтлагийн шинэ үеийг бүрдүүлж шинэчилсэн байна.
“Нарны дуулал” хамтлагийн дуулсан “Сурагчийн жил”, “Цэнхэр аялал”, “Сүүлчийн хонх” зэрэг олон дуу сургуулийн ертөнцөд түгэн тархаж байлаа. Мэдээж гол дуучин нь Төмөрийн Ариунаа. Тиймээс хөгжмийн зохиолч, багш Л.Галмандах 15 настай түүнд зориулж “16 нас” дуу зохиосон нь Монголын радиогоос зарласан хүүхдийн дууны уралдаанд тэргүүн байр эзэлж эстрадын дуучдаас анх удаа Монголын радиогийн “Алтан фонд”-од дуугаа бичүүлэх эрхтэй болсон байна. Энэ нь үндэсний радио телевизийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр дуу нь байнга цацагдаж түмэн олны хүртээл болох зам нээгдэж байна гэсэн үг. Тэр үед хөгжмийн бүтээлийг монголд радиогоос өөр дууг бичиж орон даяар түгээн алдаршуулах, архивлан бүртгэн хадгалах газар байсангүй. Тэгэхээр энэ бол тухайн цаг үеийн чухал үнэлэмж байлаа.
“16 нас” дуу сурагч үеийн Ариунаагийн нэрийн хуудас болсон юм. Ялангуяа 1983-1985 онд энэ дуу үнэхээр босоо байлаа. Хот хөдөөгийн сонсогчдоос захидал хөвөрч, радиогийн хүсэлтийн хариу нэвтрүүлгийн байнгын зочин болж үйлдвэр албан газруудад уригдан Галаа багш баяанаа үүрч, Ариунаа гитараа бие даасан тоглолт хүртэл хийж байсан бөгөөд арав дугаар анги төгсөхдөө “16 нас” нэртэй мини пянзаа ЗХУ-д /1985/ хэвлүүлжээ. Тэр үед үеийн хөвгүүдийн дунд түүн шиг дуу хөгжмийн дуулиан шуугиантай сурагч ховор байсан бөгөөд ёстой л дурлалын охин тэнгэр болж байсан юм.
Сурагч Т.Ариунаагийн сурагчийн дүрэмт хувцас, гитартай зураг нь төвийн сонинд хэвлэгдэв. Зургийн тайлбар нь “Телевиз, радиогоор “Арван зургаан нас” гэдэг дууг гитарт хөгжимдөн дуулдаг, зөвлөлтийн хүүхдийн дуу дуулаачдын аварга, Ардын боловсролын Яамны тусгай шагналт, Хосе Мартын нэрэмжит 10 жилийн 52 дугаар сургуулийн улс төрийн дууны “Нарны дуулал” хамтлагийн гоцлол дуучин, 10-р ангийн сурагч Т.Ариунааг манай уншигчид сайн танина” гэжээ. Энэ бол ховор зүйл байлаа.
Сурагч насандаа Зөвлөлтийн дуу дуулаачдын уралдааны дэд байрын шагнал /1981/, “Найрамдал” зуслангийн урлагийн үзлэгийн алтан медаль /1981/, Монголын пионерийн байгууллагын урлагийн үзлэгийн мөнгөн медаль /1982/, МПБ-ын Төв Зөвлөлийн Алтан медаль /1985/-иар шагнуулж товчхоноор хэлбэл тэр хэдийнэ арваад медаль хүртэж хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч болчихсон байлаа.
Т.Ариунаагийн дунд сургуулийн нас урлагийн ертөнцөд нэвтрэх хаалгыг цэлийтэл нээсэн нь дуу хөгжмийн чиглэлээр гадаадад сурах сонирхлыг төрүүлсэн нь мэдээжийн хэрэг юм. Тиймээс арав дугаар ангийн төгсөлтийн хонхны баяраас аавтайгаа цуг шууд л Улсын филармонийн байранд очиж Болгарын эстрадын дуулаачийн сургуульд шалгалт өгссөн байна. Шалгалтын комиссынхон ухаалаг шийдвэр гаргасан бөгөөд нэг жилийн хугацаанд Улсын филармонид дагалдан дуучнаар ажиллуулах болсон юм. Тэр ингэж домогт “Соёл эрдэнэ” хамтлаг, “Баян монгол” чуулгад арав дугаар ангиа төгсүүтээ шууд дагалдан дуучнаар ажиллах боломжтой болсон нь хувь заяа төдийгүй амьдрал, уран бүтээлийн суурь сургалт болсон юм. Тэнд ажиллахдаа домогт хамтлаг, чуулгын бүх тоглолтод оролцож, хөдөө орон нутагт аялан тоглолт хийж, Монгол-Зөвлөлтийн залуучуудын фестивалд оролцож, Ч.Насантогтоход шавилж байлаа.
Т.Ариунаа дараа жил нь буюу 1986 онд Болгарын хөгжмийн дээд сургуулийн эстрадын дуулаачийн ангид сурахаар явлаа. Хэлний бэлтгэлд хоёр жил сурч үндсэн ангидаа оржээ. Түүнтэй хамт сурч буй болгар оюутнууд бараг бүгд хөгжмийн дунд сургууль төгссөн, эстрадын тайзнаа багаасаа дуулж туршлагажсан залуус байсан бөгөөд тэдэнтэй харьцуулахад түүнд хөгжмийн суурь боловсрол илтэд дутагдаж байлаа. Тиймээс машид хичээнгүйлэн сурч, дуучин Д.Эрдэнэцэцэгийн багш Парапановын гарын шавь болж, завсарт нь Югославын “Дайре” /1990-1991/ хамтлагт гоцлол дуучнаар ажиллаж хотуудаар аялан тоглож юм үзэж нүд тайлж явсаар 1993 онд тус сургуулиа онц дүнтэй төгсчээ. Дараа нь Болгарын “Дони и Момчил” /1993-1994/ хамтлагт гоцлол дуучнаар хэсэгхэн зуур ажилласан байна. Тэрбээр Болгарт зөвхөн сураад зогссонгүй европын хамтлагуудад гоцлол дуучнаар ажиллаж болгар, англи, югослав хэлээр дуулж байсан нь түүнд өрнийн соёл, хөгжмийн урлагтай гүн гүнзгий танилцахад ихээхэн нөлөө үзүүлсэн байна.
Болгар бол рок поп урлагийн хувьд европод дээгүүр ордог дуу хөгжмийн өндөр соёлтой орон. Түүний сурсан Болгарын хөгжмийн дээд сургуулийн эстрадын дуулаачийн ангийг монголоос анх дуучин Д.Эрдэнэцэцэг төгссөн бөгөөд хоёр дахь нь Т.Ариунаа байлаа. Болгар бол түүний хувьд хөгжмийн урлагийн дээд боловсрол хайрласан хоёр дахь эх орон нь юм.
Гадаадад эстрадын дуулаачийн дээд боловсрол эзэмшсэн шинэхэн боловсон хүчин 1994 онд эх орондоо ирлээ. Дунд сургууль төгсөөд дагалдан дуучин байсан домогт “Соёл эрдэнэ” хамтлагийнхаа гоцлол дуучнаар ажиллаж эхлэв. Монголын эстрадын урлагт шинэчлэл хийх хүслээр тэр буцаж байв. Тэр хэдийгээр Шилдэг дуулаачдын “Рок, поп шоу-94” тэмцээн, Улсын циркт болсон “Саятан” шоу тэмцээнд тус тус тэргүүлж, “Пентатоник-94” хөгжмийн наадмын шилдэг дебют дуучнаар шалгарч, “Ая дууны жигүүр-95” тэмцээнд шилдэг наймд шалгарч байсан ч сэтгэл ханаж байсангүй. Түүний хүсэл тэмүүллийг илэрхийлэх уран бүтээл тэр үед ховор байж. Тэрээр “Хүмүүс намайг “16 нас” дуугаар минь мэднэ. Надаас сайхан дуу хүсэн хүлээж буйн би мэдэрч байна. Иймд би өөрийн дууг эрсээр байна. Надад дуу олдохгүй хэцүү байна. Дуунууд цөм уянгын, нэг хэвийн” гэж ярилцлага өгч байв.
Үнэндээ тэр үед монголын нийгмийн байдал үндсээрээ өөрчлөгдсөн байлаа. Түүнийг сургуульд явж байсан наяад оны үеийн социалист систем задран унаж ерэн оны хувьсгалаар ардчилал зах зээлийн нийгмийн шинэ тогтолцоонд шилжих шилжилтийн хатуу ширүүн үе ид шуурч байлаа. “Соёл эрдэнэ” хамтлаг, “Баян монгол” чуулга төрийн харъяаллаас гарч, эстрадын хамтлаг дуучид борооны дараах мөөг шиг олширч, чөлөөт уран бүтээлчдийн цоо шинэ эрин үе эхэлж байлаа.
Монголын эстрадын урлаг ерээд оны эхэн дунд үесэд олон асуултын дунд ид тийчэлж байв. Нэг талаас хөрөнгөтний урлаг гэж хавчигдаж, сэрдэгдэж байсан үе өнгөрч уран бүтээлчдэд хязгааргүй боломжийг олгосон, нөгөө талаас эстрадын урлагийн олон урсгал чиглэлээс юуг нь хуулбарлаж, хэрхэн монголчилж, яаж хөгжүүлэх нь зөвхөн уран бүтээлчдийн хүсэл эрмэлзлийн хэрэг болж хувирсан байв. Яг ийм үед монголын эстрадын урлагийн түүхэнд эстрадын дуулаачийн ангид гадаадад сурч дээд боловсрол эзэмшсэн монголын хоёр дахь дуучны нь хувьд Төмөрийн Ариунаагаас урлагийн тайз их зүйл хүсэн хүлээж байлаа. Энэ их хүлээлтэнд хагас чөлөөт байдалтай болчихсон “Соёл эрдэнэ” хамтлаг учир дутагдалтай байсан тул тэрбээр 1997 оноос чөлөөт уран бүтээлчийн замыг тууштай сонгосон билээ.
Т.Ариунаагийн уран бүтээлийн анхны том тэсрэлт нь 1996 он байв. Энэ онд тэрбээр “Эрос №1” /Eros number one/ уран бүтээлийн анхны бие даасан концертоо тоглосон юм. Тоглолт нэрнээсээ эхлээд, дууны сонголт, найруулагчийн тавилт, тайз декораци, бүжгийн чуулбар төдийгүй аав нь ивээн тэтгэсэн гэх зэргээр бүхий л зүйлээрээ содон бөгөөд хувцаслалт, бүжгийн хөдөлгөөн зэргийн “ёс зүйн хэм хэмжээг” зоригтойгоор эвдсэн зүйлсээр арвин байлаа. Энэ тоглолтыг “Free Line” пропакшны Гансэрээ санаачилж, “SD” студийн захирал Амарсанаа, зураач Тэгшээ нар найруулж, “Боролдой” студийн зураачид тайз засч, бүжигчин Түвшин 10 гаруй бүжиг дэглэсэн юм. Тоглолт бүхэлдээ шинэлэг, өвөрмөц, ер бусын байсан тул нийгэмд шуугиан дэгдээж рок попын тайзнаа цоо шинэ эрос Ариунаа дахин гарч ирсэн юм.
… Час улаан савхин хүрэм, бор өнгийн шоорт өмсч, урт түрийтэй лакин гутал жийсэн хээнцэр бүсгүй “Java” мотоцикль дээр доржтойхон сундлаж Соёлын төв өргөөний тайзыг тойрч “Эрос №1” тоглолт эхэлж байна. “Янаг уруулын чинь бал бурам мансууруулах бодистой байдаг” хэмээн янагийн явдлыг янжуурын утаа шиг суунаглуулж “Анхны хайр”, “Мартахгүй”, “Баяртай гэж хэлж чадахгүй” хэмээн нялуун эзэмдэх сэтгэлийг шалаар нэг цацаж байсан нь үзэгчдийг ёстой нэг алмайруулж байсан билээ. “Эрос №1” /1996/ цомог хэвлэгдэж түүнд “Мартахгүй”, “Амласан хайр”, “Хайрыг минь чи сонсооч”, “Утасны дугаар”, “Баяртай гэж хэлж чадахгүй” зэрэг 10 дуу орсон байна.
Энэ онд Т.Ариунаа “Эрос №1” тоглолтын зэрэгцээ БНАСАУ-ын Олон улсын хөгжмийн “Хаврын баяр-12” их наадамд оролцож “Мөнгөн цом” хүртсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 12 аймагт очиж тоглосон юм. Түүний тоглолт бүхэн үзэгч түмний уухайн түрлэгийн дор болж байлаа. 1996 оны энэ тэсрэлт дараа жилүүдэд үргэлжилж уран бүтээлийн концерт шил шилээ даран цуварч “Зөвхөн чиний тухай” /1998/, анхны амплаггед /1999/ тоглолтоо тоглогдов. “Зөвхөн чиний тухай” /1997/ хоёр дахь цомог хэвлэгдэж дуучин Х.Оюунбилэгтэй хамтарсан “Хайрын тухай ярилцья”, дуучин Маркатай хамтарсан “Үггүй мордсон чи минь” болон “Зөвхөн тэр хайрандаа”, “Хайрлахын цаана” зэрэг хит 9 дуу багтжээ. Тэрбээр Монголын рок поп хөгжмийг дэмжих “Пентатоник” хөгжмийн наадмын шилдэг эмэгтэй дуучнаар 1997, 1998 онд шалгарч Монгол Улсын Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” /1997/ цол тэмдгээр шагнагдсан билээ.
2000 он гарсаар гэр бүлийн амьдралд наран мандаж хүүтэй болжээ. Тиймээс уран бүтээлд завсарлага гарсан ч энэ үед гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллах талаар ихээхэн анхаарч байв. Тухайлбал 9-р сард “Смоуки” хамтлагийн загалмайлсан эцэг Крис Норман /Chris Norman/-тай хамтарч Улаанбаатар хотноо “Stumbling`ln” дууг дуулав. Энэ дууг тэрбээр эртнээс шүтэн биширч ирсэн бөгөөд сурагч байх үедээ сургуулийнхаа “Нарны дуулал” хамтлаг, дараа нь “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнтэй хамтран дуулж байсан юм. Мөн 2000 оны 12-р сард Японы нэрт хөгжмийн зохиолч Эндо Минорүгийн дууны мэргэжлийн дуучдын уралдаанд шалгаран оролцож тэргүүн байр эзэлсэн билээ.
Монголын поп дива дуучин Т.Ариунаагийн уран бүтээлийн хоёр дахь тэсрэлт нь 2001 он байсан бөгөөд мөн онд төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртсэн юм. Гол дуулиан нь “Чи минь” тоглолт, түүний эргэн тойронд өрнөв. Тэрбээр гэр бүлээ зохиож, амаржиж уран бүтээлээ хэсэгхэн завсарласны дараа “тайзгүйгээр амьдарч үнэхээр чадахгүй гэдгээ ямар их мэдрэв ээ” гэж телевизэд ярилцлага өгч, цоо шинэ дүр төрхөөр тайзнаа дахин гарч ирсэн нь тэр. Энэ нь эрос имижийг нь шүтэн биширч, үргэлжлүүлэхийг хүсэн хүлээж байсан фенүүдийн нь төсөөллөөс тэс өөр шийдэл байлаа. Гэвч “Чи минь” тоглолтоо хань Г.Буяндоржид зориулж, ээж нь энэ тоглолтыг хамгийн сүүлчийн удаа үзэж, “Нарны хаан хүүхэд” дуугаараа хүүхдийн төлөө за гэж хэлцгээе хэмээн уриалснаас хойш эх хүн гэдэг талаас нь түүнийг фенүүд нь хүлээн авч, өөрөөр хэлбэл ээж Ариунаатай эвлэрч эхэлсэн билээ. “Чи минь” тоглолтдоо тэрбээр циркийн манежинд агаарт нисэх зэргээр шинэ соргог олон шийдлээр үзэгчдийг алмайруулж, мэргэжлийн дуучны ур чадварыг шавхан харуулснаараа онцлог болсон юм.
2001 онд Т.Ариунаагийн дуулиан CD, клипээр үргэлжилсэн юм. Тэрбээр “Чи минь”, “Хаврын шөнийн бодол” хос цомог хэвлүүлэв. “Чи минь” цомогт “Нарны хаан хүүхэд”, “37 дахь захидал”, “Санааны чимээ”, “Чи минь”, “Үд дундын наран” зэрэг 16 дуу, “Хаврын шөнийн бодол” цомогт “Дөрвөн цагийн тал”, “Талын монгол айл”, “Хаврын шөнийн бодол”, “Амрагийн дуу”, Жинжиймаа киноны дуу зэрэг 9 дуу орсон байна. Эхний цомог нь дуулаачийн тухайн цаг үеийн хит дуунууд голлосон бол дараагийнхад нь бүх цаг үеийн уянгын дуулиант дуунуудыг сонгожээ. Энэ хоёр цомогт орсон дуу бүхэн хөгжмийн найруулгын мэргэжлийн өндөр түвшинд дахин амилж үзэгч, сонсогчдын талархлыг хүлээсэн билээ.
Бас “Нарны хаан хүүхэд”, “Санааны чимээ” клипүүд энэ онд бүтээгдсэн бөгөөд шинэлэг шийдэл, сонирхолтой тавилтуудаараа анхаарал татаж байв. Тухайлбал “Нарны хаан хүүхэд” дууны клип нийгмийн бүхий л давхаргыг хамарсан байдлаараа, “Санааны чимээ” дууны клип сул чоныг дуучинтай зэрэгцэн давхиулсанаараа шуугиан дэгдээж байлаа.
2001 онд Т.Ариунаа “Нарны хаан хүүхэд” дуу дуулсан нь зөвхөн тэр жилийн дуулиан бус он жилүүдийн уртад түүний нэрийн хуудас болон үргэлжлэх мөнх наст уран бүтээлийн нь нэгэн мөн байв. Арван жилд нэг удаа болдог НҮБ-ын Ерөнхий ассамблейн Хүүхдийн асуудлаархи тусгай чуулганд зориулж зарласан олон улсын дууны уралдаанд хөгжмийн зохиолч Л.Балхжав бид хоёрын зохиосон “Нарны хаан хүүхэд” дуу шалгарсан юм. Тэр дууг өөр хэн ч бус дуучин Т.Ариунаа дуулсан билээ. Энэ нь НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучнаар монголоос анх өргөмжлөгдсөн дуучинд урам нэмж, баталгаажуулж, хүүхдийн сайн сайхны төлөө үйлсийг манлайлах ариун сэтгэлийг нь улам бадраасан юм.
НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачлан даян дэлхий даяар өрнүүлж буй “Хүүхдийн төлөө За гэж хэлье” энэхүү хөдөлгөөн нь Монгол Улсад 2001.06.01-ний өдөр “Нарны хаан хүүхэд” дуугаар орон даяар эхэлсэн билээ. Ёслолын цуглаан Сүхбаатарын талбайд болж төр, засгийн удирдлага оролцож дуучин Т.Ариунаа хүүхдийн найралтай энэ дууг дуулж, орой нь бараг бүх телевээр “Нарны хаан хүүхэд” дууны клип цацагдаж төр засаг, түмэн олны талархлыг хүлээж байсныг би сайн санаж байна. Энэ дуу монголын нийгмийг бүхэлд нь доргиож хүүхдийн төлөө За гэж хэлэх долгисыг үүсгэж чадсан бөгөөд тэр эрчис хүчин одоо ч үйлчилсээр байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа 2001 оны 9-р сард гэхэд л нийслэлийн 20 шахам сургуульд уригдаж “Нарны хаан хүүхэд” дуугаа дуулж хүүхдийн элч үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд ийм их ачаалал түүний өдөр тутмын ажил болон хувирсан юм. Тэрбээр НҮБ, эмзэг давхаргын хүүхдүүдэд тусалдаг төрийн бус байгууллагуудтай хамтран “Нарны хаан хүүхдүүд” тоглолтоо хийхэд 350 гаруй хүүхэд оролцож зөвхөн эхний өдөр гэхэд хотын захын сургуулиудын эмзэг давхаргын 1500 орчин хүүхэд үнэгүй үзэж байлаа. Хэдэн жилийн дараа рок попынхон энэ уриан дор нэгдэж нэгэн бяцхан хүүд хандив цуглуулах хөдөлгөөн өрнүүлж, оддууд “Нарны хаан хүүхэд” дууг хамтдаа дуулж дахин клипжүүлсэн юм.
2002 оны тав дугаар сард Нью-Йорк хотноо НҮБ-ын хүүхдийн асуудлаарх Тусгай чуулган чуулж 190 орны дээд хэмжээний төлөөлөгчид, НҮБ-ын төрөлжсөн байгууллагын удирдлага, Нобелийн шагналтнууд, 117 орны төрийн бус байгууллагын 2000 гаруй төлөөлөгчид, соёл урлаг, спортын алдартнууд нэг дор цугларсан бөгөөд НҮБ-ын түүхэнд анх удаа 400 гаруй хүүхэд чуулганы ажиллагаанд идэвхтэй оролцсон юм.
2002.07.03-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Кэрол Беллами /Carol Bellamy/ “Нарны хаан хүүхэд” дууг дуулсан дуучин Т.Ариунаад захидал ирүүлж “Хүүхдүүдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжүүлье уриан дор болсон концертыг өндөр амжилттай болоход Таны оруулсан хувь нэмрийг үнэлж гүн талархал илэрхийлье. Дэлхийн хүүхдүүдийн хувьд маш өндөр ач холбогдолтой Тусгай чуулганы долоо хоногийн хамгийн мартагдашгүй дурсамжтай, хамгийн их сэтгэл догдлуулсан мөч нь тэр концерт болж чадсан билээ” гэж дурдаад “Хүүхдийн төлөө ажил үйлс ямар чухал болохыг бид концерт дээр бас дахин гүн гүнзгий мэдэрч ухамсарласан бөгөөд таны дуулсан дууны уянгалаг сайхан аялгуу, гүн утга учир бүхий үг, үзэгчдийн таашаал бүгд бидний хийж буй үйлс ямар чухал болохыг улам тодотгон өгч байсан” гэж өндөр үнэлсэн билээ.
НҮБ-ийн хүүхдийн асуудлаарх Тусгай чуулганы үеэр дэлхийн улс орнуудын дунд зарласан дууны уралдаанд шалгарсан бүтээлүүдийн концерт НҮБ-ын төв байранд тоглосон бөгөөд тэнд монголын дуучин Т.Ариунаа “Нарны хаан хүүхэд” дуугаа Нью-Йоркийн оркестртэй дуулсан юм. Дэлхийд монгол дуу шалгарч, монгол дуучин НҮБ-ээс захиа бичтэл дуулна гэдэг, НҮБ-ын төв байранд хэдэн жил дараалан өглөө бүхэн монгол дуу эгшиглэнэ гэдэг даруухнаар хэлэхэд гайхамшигт хувь зохиол байлаа. “Нарны хаан хүүхэд” дуу дуучин Т.Ариунаагийн урын санд ийнхүү дуулиан шуугиантайхан орж ирснээс хойш 17 жил өнгөрөхөд нэрийн хуудас болсон хэвээр байсаар байна. Цаашид ч өнө удаан үргэлжлэх буй за.
2001 оны Т.Ариунаагийн уран бүтээлийн энэ тэсрэлт хэдэн жилийн турш өндөр түвшинд үргэлжилсэн билээ. Тухайлбал “Миний шинэ орон зай” /2003/ тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж, “You are my life” /2003/, “Ариунаа&Чука”, “Дурлал шиг асна” /2006/ цомог хэвлэгдэж, “Хайрын зай” /2003/ клипэп хар цагаан хоёр хатан сэлбэлзэж, “Хөх монголын үр сад” клип олныг хамарч нүрэглэн байлаа. “You are my life” цомогт “Ирэх л гэж…”, “Чи миний амьдрал”, “Хайрын зай” зэрэг 5 дуу, “Миний шинэ орон зай” цомогт “Жаргаж үзээгүй зул дурлал минь”, “Ижий минь ирж явна уу даа”, “Маяамы аялгуу”, “Догь байгаа биз”, “Шөнө дундын бүжиг” жүжгийн дуу зэрэг 12 дуу орж “Би”, “Жаргаж үзээгүй зул дурлал минь”, “Маяамы аялгуу” дуунд клип хийж олны хүртээл болгожээ.
2004 онд Т.Ариунаа “Нэг л үдэш” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хоёр удаа тоглоход нийт 25000 хүн үзэж сонирхсон байна. Мөн онд “Би” дууны клипийг Өмнөговь аймгийн Хэрмэн цав хэмээн байгалийн үзэсгэлэнт газарт зураг авахын тулд 2000 км замыг туулж ихээхэн цаг, хөрөнгө хүч хаяж бүтээсэн байна.
2005 оны таван сард Төмөрийн Ариунаа Монгол Улсын Гавъяат жүжигчин цол хүртэв. Энэ бол түүний уран бүтээл, хөдөлмөр зүтгэлийг монголын төр үнэлсэн үлэмж бардам үнэлэлт мөн байлаа. Гавъяат жүжигчин цол хүртсэнээс хойших уран бүтээлийн замнал нь нийгэм, соёл урлагийн хөгжлийг дэмжих чиглэлд үндсэндээ чиглэгдэж, уран бүтээлийн чанарт түлхүү анхаарах болсон нь тодорхой харагдаж байна. Тэр түмэн олондоо түгээж буй уран бүтээлийнхээ чанарыг дээшлүүлэхийн тулд хөрөнгө хүч, авъяас чадвараа дайчлан ажиллаж байлаа. Тухайлбал “Хөх монголын үр сад” /2005/ дууны клипэд 800 орчим хүн оролцсон бөгөөд 25 сая төгрөгийн өртгөөр бүтсэн бол “Домгийн өглөө” кино-клип нь 50 сая төгрөг, “Миний шинэ орон зай”, “Чамтай бас чамгүй” цомгууд нь хамгийн өндөр өртгөөр буюу нийт 30000 доллараар бүтээгджээ.
Бас тоглолтуудын чанар, үнэ, үнэлэмж ихээхэн өсчээ. Тухайлбал, “Дурлал шиг асна” /2006/ тоглолт UB паласт 4 өдөр дараалан тоглоход ОХУ, Сингапураас хөгжимчид ирж оролцов. Энэ тоглолт дээр Нисванисийн Амгаатай хамтран дуулсан нь граж рок дуучинтай хамтарсан анхны тохиол байсан бөгөөд тоглолтод анх удаа “Apple ibook computer” ашиглаж байсан зэрэг нь тухайн үедээ шинэлэг зүйл байлаа. Мөн “Гайхамшигт үдэш” /2009/ нь тансаг зэрэглэлийн тоглолт болсон бөгөөд хамгийн өндөр өртгөөр буюу 120 сая төгрөгөөр бүтсэн бол “Best of Ariunaa” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох үеэр дуучин маань нийт 33 дуу ам барилгүй дуулж рекорд тогтоож байв.
Монгол Улсын гавъяат жүжигчин, поп дива дуучин Төмөрийн Ариунаагийн гурав дахь тэсрэл ирж байх шиг байна. Түүний оршил нь “Тэнгэр шиг бай” тоглолт гэж хэлж болно. Тэр ир нь ханхалсан ид насан дээрээ хийж бүтээхийн хүслээр дэрвэж явна. Хэсэг хугацаанд тайзнаас хөндийрч завсарласан мэт харагдавч тэр цаг ямагт уран бүтээлийнхээ төлөө цуцалтгүй хөдөлмөрлөсөөр байсны үр шим уран бүтээлийн гурав дахь тэсрэлт болон айсуй. Тэр оюунлаг дуучин бөгөөд монгол суу ухаан, мөнх тэнгэрийн сургаалийг судалж, суралцаж, ухаан санаа нь задарч цэгцэрч олз омогтой яваа.
Т.Ариунаагийн бусдаас ялгарах онцлог нь нэгдүгээрт, хэтийдсэн авъяас. Тэр нь эрт тодорсон. Хоёрдугаарт, урагшаа гэсэн уриатай уран бүтээлч. Түүнд ухрах араа байхгүй. Тэр нь урлагт шинэчлэл хийхэд нөлөөлсөн. Гуравдугаарт үе эзэлсэн уран бүтээлч. Хэдэн жил гялсхийгээд унтардаг авъяастан олон. Харин Ариунаа бол насан туршдаа зүтгэсэн, цаашид ч зүтгэх хүн. Түүний дуучин болсон замнал энгийн атлаа эрхэмсэг хэвээр үргэлжилсээр байна.
Төмөрийн Ариунаа гэхээр НҮБ-ийн Хүүхдийн сангийн элч дуучин гэх тодотгол овог шиг сонсогдоно. Сурагч үедээ “Нарны дуулал” хамтлагт дуулж байсан охин ид цэцэглэлтийн үедээ “Нарны хаан хүүхэд” дууг дуулж НҮБ-ын Хүүхдийн асуудлаархи Тусгай чуулганд дуулж дэлхийд тэргүүлсэн нь цаанаа л нэг наран учир жанцантай. Дуучин Т.Ариунаа гэхээр яруу найргийн торгон мэдрэмжтэй, үгийн ил далд утга, эрчим долгисыг ухаардаг, тэр чанараараа үгийг шаглаж, имэрч, тэмтэрч дуулдаг нь санаанд бууна. Түүнийг дуулахад үг цэгцэрч, чивчирч, ивлэж, амлаж, амилж байх шиг санагдана.
Хорь, хорин нэг гэх хоёр зууныг дамналдуулан монголын рок поп урлагт Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа гэх домогт гурван дуучин төрсний нэг нь тэр юм. Тэрбээр дуулах заяанд төрсөн хүн. Хар багахан насаасаа дуулж эхэлсэн. Хангинатал дуулсаар л явна. Харьж буцах, хорьж зогсох зүйл түүнд байсангүй. Энэ бол “Нарны хаан хүүхэд” буюу Төмөрийн Ариунаа.
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар
“Зууны мэдээ” 2019.11.08. №222 /6189/