Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт, хэмжил зүйн газарт өрнөж буй хууль бус байж болзошгүй үйлдлүүдийн талаар www.Dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа найман цуврал баримтат нийтлэл бэлтгэн хүргэсэн тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурлаар мэдээллээ. Хэвлэлийн хуралд өмгөөлөгч М.Шаравнямбуу болон сэтгүүлч А.Баярмаа нар оролцлоо.
Сэтгүүлч А.Баярмаа өнгөрөгч 2017 оны 12 сараас Стандарт, хэмжил зүйн газартай холбоотой баримтат цуврал нийтлэлийг олон нийтэд хүргэсэн аж. Энэ талаар Өмгөөлөгч М.Шаравнямбуу хэлэхдээ “Dorgio.mn-ий сэтгүүлч Баярмаа тус үйлдэлтэй холбоотой нийт найман нийтлэлийг бичсэн. Ингэхэд СХГЗ эдгээр нийтлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад нийт долоон удаагийн гомдол гаргаж, зөрчлийн хэрэг үүсгэн явж байна” гэлээ.
Сэтгүүлч А.Баярмаа хэлэхдээ “Халуун, хүйтэн ус, цахилгааны тоолуур бүрт СХЗГ-аас баталгаажуулалтын гэрчилгээ олгодог. Баталгаажуулалтын гэрчилгээ нь өөрөө үнэт цаас гэж явдаг. Гэтэл энэхүү гэрчилгээг болон түүнд дээр дардаг тамга тэмдэгийг төрдөө тангараг өргөж үнэнч шударга ажиллах ёстой алба хаагчид нь үгсэн хуйвалдаж, хуурамчаар үйлдсэн байдаг. Энэ нь ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлт, СХЗГ-ын даргын тушаалаар баталгаажсан байдаг. Энэ бол яах аргагүй хууль бус үйлдэл бөгөөд цагдаад мэдэгдэж шалгуулах ёстой юм.
СХЗГ-ын дарга нь үүнийг цагдаад мэдэгдэж шалгуулалгүй нуун дарагдуулсан байдаг. СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийг гэмт хэрэг нуун дарагдуулсан тухай бичсэн миний мэдээллийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс энэ нь худлаа зүйл биш байна гэж үзсэн. Гэтэл СХЗГ-ын удирдлагууд энэ тухай тайлбарлахдаа нэг албан хаагчдаа үүрэг өгсөн байсан, тэр 2 жил үүнийг хийсэнгүй гэсэн тайлбарыг хэлж байгаа нь өөрсдийн хууль бус үйлдлээ бусадруу тохож, хариуцлагаас зугтах гэсэн үйлдэл гэж харагдаж байгаа юм.
2015 онд хуурамч гэрчилгээг анх олж, илрүүлсэн ажлын хэсэг нь хууль бус үйлдэл байж болзошгүй байна цагдаагийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй хэмээн санал дүгнэлт гаргаад СХЗГ-ын удирдлагад өгсөн байдаг. Хэсэг албан хаагчдынх нь хууль бус үйлдлийг ажлын хэсэг нь илрүүлээд гаргаад ирж байхад тухайн үед нь шууд цагдаад мэдэгдэх үүрэгтэй СХЗГ-ын дарга болон даргадаа хуулийн зөвлөгөө өгөх үүрэгтэй хуулийн зөвлөх нь тэр үедээ хэргийг нуун дарагдуулж байгаад хоёр жилийн дараа буюу манай нийтлэл энэ асуудлыг хөндөж гарсаны дараа цагдаад хандсан юм.
СХЗГ-н дарга Г.Гантөмөрийн хувьд хуулийн мэдлэггүйдээ санаандгүй нуун дарагдуулсан уу эсвэл санаатай юу гэдгийг нь шалгадаг байгуулаг шалгах ёстой. Ямар ч байсан гэмт хэргийг нуун дарагдуулсан гэдгийг нь сэтгүүлч би илчилсэн. Хэрэв тухайн үед нь энэ хэргийг цагдаагаар шалгуулсан бол улсад учруулсан хохирлын хэмжээг тогтоолгож, хууль бусаар олж авсан мөнгийг нь улсын орлого болгож болох байсан байх. Монголд жилд хэчнээн айлын орон сууц баригдаж байна. Тэр бүх айл усны, цахилгааны тоолууртай, тэр бүгд дээр баталгаажуултын гэрчилгээ олгож, тэр хэмжээгээр баталгаажуулалтын мөнгө улсад ордог. Гэтэл хуурамч гэрчилгээний мөнгийг улс биш хууль бус үйл ажиллагаа хийсэн хүмүүс нь авна.
Үүнээс гадна СХЗГ нь 2016 оны сонгуулиас өмнө СТАНДАРЧИЛАЛ, Хэмжил Зүйн Газар гэдэг нэртэй байж байгаад сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрын бүтцэд Стандарт, Хэмжил Зүйн Газар болж өөрчлөгджээ. Гэтэл 2017 онд зарсан номон дээрээ байгууллагын хуучин нэртэй санхүүгийн тамгаа дарж байгаа нь хууль бус үйлдэл юм.
Ном зарсан мөнгөө Төрийн сангийн дансанд хийдэггүй, санхүүгийн тайланд тусгадаггүй, мөнгө авсан баримт нь Монголд байхгүй газрын тамга тэмдэгтэй гээд ямар ч хүн харсан яах аргагүй санаатай хийж буй хууль бус үйлдэл байгаа. Мөнгийг бэлнээр авахаас гадна хувийнхаа дансандаа авдаг тухай мэдээлэл ч байгаа.
Үүнийг шалгуулахын тулд тухайн албан хаагчдын хувийн дансыг нь шалгах шаардлагтай. Үүнийг хуулийн байгууллага хийхгүй бол сэтгүүлчид тийм эрх, боломж байхгүй. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ асуудлаар хүсэлт гаргахад хүсэлтийг хангаагүй. Энэ нь тус байгууллагаас ийм аргаар “хөлжиж” байгаа нэр бүхий хүмүүст хууль бус үйлдлээ нуух боломж олгоод байна.
Уг нь ном зарсан мөнгийг Төрийн сангийн дансанд оруулж, санхүүгийн тайланд тусгаад, улсын төсөвт орох ёстой. Гэтэл СХЗГ-ын удирдлагууд он цагийн хувьд зөрүүтэй, энэ асуудалд ямар ч хамааралгүй Шадар сайдын нэгэн албан бичгийг үзүүлээд Шадар сайдын зөршөөрлөөр энэ бүгдийг хийж байгаа мэтээр тайлбарлаж байгаа нь хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах гэсэн дэндүү хариуцлаггүй үйлдэл юм.
“Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага” нэртэй энэ ном нь Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжсэн төслийн хүрээнд үнэгүй тараагдахаар бүтээсэн ном юм. Гэвч СХЗГ-ынхан энэхүү хоёр номын тус бүрт нь 100,000 төгрөгөөр зарж байна. Уг ном зарсан мөнгийг Төрийн дансанд оруулж, санхүүгийн тайланд тусгаад улсын төсөвт орох ёстой. Зарсан мөнгөө Төрийн сангийн дансанд хийдэггүй ба санхүүгийн тайландаа тусгалгүй, мөнгө авсан баримт нь байхгүй болсон тамга тэмдэгтэй гээд яах аргагүй санаатай хийж буй үйлдэл юм.
Гэтэл СХГЗ-ын удирдлагууд он цагийн хувьд зөрүүтэй, энэ асуудалд ямар ч хамааралгүй, Шадар сайдын албан бичгийг үзүүлээд, сайдын зөвшөөрлөөр энэ бүхнийг хийж байгаа гэх мэтээр тайлбарлаж буй нь хууль бус үйл ажиллагааг нуун дарагдуулах гэсэн үйлдэл юм. Энэ талаар удаа дараа дарга Гантөмөрөөс ярилцлага авах гэж очсон боловч огт уулзахгүй зугтсаар өнөөдрийг хүрээд байна.
Түүнчлэн албаны машинаар баяр наадмаар буюу бүх нийтийн амралтын өдрүүдээр эхнэрээ дагуулж зугаалсан. Машин албан бус хэрэгцээнд унахаас гадна “осолдуулсан”. Ингээд машиныг засахгүйгээр айлын хашаанд хэдэн сар өвөлжүүлсэн байгаа юм. Харин осол гаргасан жолооч нь өнөөдөр сантехникч хийгээд явж байна. Энэ мэтчилэнгээр тус газарт олон хууль бус байж болзошгүй үйл ажиллагаанууд болсоор байгаа бөгөөд бид энэ талаар цувралаар хүргэх болно” гэлээ.
П.Нарандэлгэр
www.newswall.mn