Манай улс эрт үеэс эхлэн байгаль эх болон элдэв хэрэгсэлээ дээдлэн билэгдэж ирсэн. Одоо үед ёс заншил, дээдийн билэгдэлээ умартах нь элбэг болоод байна. Бид ядаж гэр орондоо сайн сайханыг хүсэж явдаг бол эртний ёс заншилаа санаж явах нь зүйтэй хэмээн энэ мэдээг бэлтгэлээ.
1. ДАЛЛАГАНЫ УУТ хадгалах нь айлын орлогын үүдийг нээж, идэж уух, өмсөж зүүх, эд баялгаар элбэг байхын билэгдэл гэж үздэг.
Монголчууд бид “буян арвижиг” хэмээн бэлгэдэж айл бүр даллаганы уутыг бурхан шүтээндээ залдаг. Даллаганы уутыг хүмүүс өөрсдөө хийж болно. Хэмжээ нь өөрийнхөө мухар тохойноос багагүй байхаар хийх бөгөөд түүнээс бага байвал буян хишиг нь тэр хэмжээгээр тааруу байна гэж үздэг. Мөн тухайн орны будаа тариа хэмждэг хамгийн жижиг сав суулганаас бага байж болохгүй ч гэлцдэг. Монголчууд бид ихэвчлэн торгоор хийдэг. Даллаганы уутын утга учир, хэмжээ дамжаа, бүтцийн талаар товчхон өгүүлье. Даллаганы уутны ёроол нь гэрийн эзэгтэйн буян хишгийн махбодийн өнгөтэй байх ёстой. Тухайлбал, төмөр махбодид төрсөн эмэгтэйн буян хишгийн махбодь нь төмөр /төмөр махбодийг цагаанаар төлөөлүүлнэ/ болно. Төмрийн өнгийг цагаанаар төлөөлүүлэн даллаганы уутны доод ёроолыг цагаанаар эмжиж хийнэ. Гэрийн эзэн модон бар жилд төрсөн аваас ногоон /модон махбодийг ногооноор төлөөлүүлнэ/ даллаганы , уутны гол эх биеийг /торго/ ногооноор хийнэ. Тухайн айл гурван хүүхэдтэй байлаа гэхэд хүүхдүүдийнхээ төрсөн махбодийн гурван /гал-улаан, шороо- шар, ус-хөх, төмөр-цагаан, мод-ногоон гэх мэт/өнгийн хуруу хэрийн өргөнтэй даавуу эсвэл торгоор солонго адил татуулан оёно. Ингэхдээ айл ууган хүүхдийнхээ төрсөн махбодийг доор нь хийж, дунд хүүхдийнхийг түүний дээр, отгон хүүхдийн төрсөн махбодийн өнгөөр амсрын солонгыг хийнэ. Жишээ нь отгон хүүхэд усан махбодид төрсөн бол хамгийн дээд солонгыг хөх өнгөөр оёж, оосрыг мөн адил өнгөөр хийнэ. Даллаганы уутны дотрыг улаан / их зүйл, их хүчийг хураадаг/ юм уу, шар /аливааг арвижуулдаг/ өнгийн даавуугаар хийнэ. Дээрх хоёроос өөр өнгөөр хийдэггүй. Даллаганы уутан дотроо хамгийн багадаа 25 зүйлийг заавал хийсэн байх ёстой. 25 зүйлийн эд зай бүрдвэл бусад бүх сайн зүйлсийг дуудах хүчин болдог байна. Ингэж чадахгүй бол буян хишиг, эд хөрөнгө, олз омог, санасан сэдсэн бүхэн дүүрэн тогтохгүй, дутуухан байна гэж үздэг. Эдийн талаасаа хүчин бүрдэхгүй аваас эрдмийн талын хүчин бас бүрдэхгүй гэлцдэг ажээ. Эдгээр 25 зүйлст нь, 5 их эрдэнэ болох алт, мөнгө, шүр, сувд, номин. Дээр нь нэмээд хэд ч болгож болох бөгөөд орлуулж огт болдоггүй. Байгалийн язгуур амь зүйлийг хийхгүйгээр орлуулсан зүйлээс хэзээ ч адистид гардаггүй аж. 5 үр тарианы зүйлс байх ёстой. Үүнд, улаан буудай, цагаан буудай, арвай, буурцаг, дэл. Таван рашаан болох зөгийн бал, мөсөн чихэр, тараг, сүү, тос. Эдгээр дээр нэмж, хатсан идээний зүйлс хийж болно. Ингэхдээ хуурай сүү, хатсан тараг эсвэл ааруул, зөгийн бал, тосыг хатсан бол хатсанаар нь, үгүй бол шилэн саванд савлаад уутандаа хийж болно. Таван эм болох лидэр, гандигаар, банлаг, далайн хөөс, шудаг, мөн 5 үнэртэн хэмээх улаан зандан, цагаан зандан, задь, гавар, хаш гүргүм заавал байна. Дээр нь агар нэмж ч болно. Дээрх 25 нэр төрлийн зүйлээс гадна ариун болон тахилгат газар орны шороо, чулуу, модноос гадна үр жимстэй модны хэсэг, цай, давс, таван өнгөт хоргой даавуу, эх орны мөнгөн тэмдэгтүүд, сайн хүний эдлэж хэрэглэж асан эд зүйлс, хайртай хүүхдүүдийнхээ даахь сзвлэг, дээлийн өөдөс тэргүүтэн, олон малтай айлын хонины ноос, адууны дэл сүүл тэргүүтнийг хийнэ. Яагаад чухам ийм олон төрлийн зүйлсийг хийх ёстойн учир нь, ариун, дагшин газар орны шороо, мод чулуу тухайн газар оронтой танай гэр бүлийг холбож, баян чинээлэг хүний буян хишиг танай гэрт тогтох бэлгэдэлтэй. Буян хишиг дуудаж, хурайлах нь дээрх зүйлсийг авсан газар орны буян хишиг, эд баялгийг танай гэрт цуглуулж, гэр орон тань дээрх зүйлсийг гэртээ цуглуулж буй хэрэг. Даллаганы уутны доор найман дэлбээтэй лянхуа цэцгийг дүрслэх, эс бөгөөс зургийг уутан дотор хийж ч болно. Мөн эдийн бурхад болох Намсрай, Гомбо, Норжмоо зэргийн алиныг ч хийж болно. Замбалын амин хүрд ч хийж болно. Замбалын амин хүрд нь байгаа газрыг Замбал бурхан сахина гэсэн тангарагтай. Хаана тавина тэнд буй зүйлс цугладаг тангарагтай. Намсрайн хулганатай эрдэнийн зураг ч байсан болно. Тэгэхээр Намсрай бурхан ивээж, даллагын уутанд, танай гэр оронд заларч байгаагаас өөрцгүй. Номоо уншуулж байхад дараа нь юм юм цуглана. Даллага авч байхдаа л амсрыг нь нээгээд бусад цагт амсрыг нь чанга бус сул биш боогоорой.
2. МОНГОЛ АВДАР гэртээ байлгах нь тухайн айлын буян хишгийг тогтоодог гэж үздэг байна.Авдарт элдсэн хурганы арьс, алд сур, таван өнгийн хадаг, шимийн охь архи, дөрвөн бэрхийн шагай, өөрийн улсын мөнгөн зоос, арц, ганга, хүж, таван төрлийн арвай буудааны дээж зэргийг хадгалах нь эд баялаг хуран арвижихын билэгдэл хэмээн үздэг.
Хүүхэд өвдөөд байвал нэрийг нь солиод л зүгээр болгочихдог Хөх толбот Монголчууд бид билэгдлийг өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэглэж агуу түүхийг бүтээж чадсан ард түмэн билээ. Мартагдах шахсан ёс уламжлалууд маань сэргэж буйг хархад таатай. Жишээ нь айлууд гэртээ авдар тавиад эхэлчихжээ. Гэвч яг нарын утга учрыг нь төдийлөн сайн мэдэхгүй байх шиг. Хятад ,Солонгосын юу нь мэдэгдэхгүй хээлсэн бараан авдруудыг хоймортоо залах нь гоёл чамирхалаас цаашгүй санагдана. Бид үнэ цэнэтэй бүхнээ хадгалж хоймортоо залах эрдэнэсийн авдар дээрээ ямар учраас арсланг тодотгон дүрсэлдэг байсан талаар дуулгая. Урьд цагт элдэв өнгө хээтэй авдар олдохгүй эсвэл хийж чадахгүйдээ арслантай авдар хэрэглэж байсангүй. Монголчууд эдийн тэнгэрийн хамгаалагч хэмээн дөрвөн нүдтэй банхар нохойгоо үүднийхээ баруун хаяанд тэжээж. Дөрвөн хүчтэний нэг арслангаар эд баялгаа хамгаалуулан авдар дээрээ зурж сийлдэг байжээ. Айлын хойморт аав, ээжийн хоёр авдар байх бөгөөд дээр нь нэг нэг арслангийн дүрсийг гадагш харуулан дүрсэлж тохирох хээгээр хүрээлэн чимэглэнэ. Мөн хээ зураг чимэглэл нь тухайн айлын онцлогт тохирох билэгдлийг агуулсан байх бөгөөд чандмань эрдэнэ, ам цагаан хулгана зэргийг билэгдэл болгон оруулж арслангийн аманд эдийн дээд хэмээн билэгдэн хадаг зуулгах эсвэл саварт нь эрдэнэ билэгдэж молор атгуулсан, үр удмаа хамгаалж байхыг билэгдэж гүеэг тэврүүлсэн гэх мэт олон янзаар дүрсэлсэн байдаг. Арсланг хоёр тийш харуулдаг нь сахин хамгаалах билэгдэл болно. Авдартаа үнэ цэнэтэй зүйлээ хадгалахаас гадна хурганы арьс, шагай, сур, арвай, арц ганга гэх мэт 9 зүйлийг дээжлэн хийдэг байсан нь эд баялаг, буян хишгээ хураахын билэгдэл болгон тусгайлан хийдэг байжээ. Хүн төрөлхтөн билэгдлийн ач холбогдлыг чухалд тавьдаг. Жишээ нь төрийн сүлд, туг дарцгаас эхлүүлээд компани аж ахуйн нэгжүүдийн лого таних тэмдэг гээд бүгд ямар нэгэн утга санаа билэгдэл илэрхийлж байдаг. Билэгдэлийн агуулга, ач холбогдолоос болж мандан бадрах уруудан доройтох нь ч бий.
3. НАМСРАЙН БУМБА, ГОНГОРЫН БУМБА хоёрын аль нэгийг хадгалах.
Бумба нь айлын ноён нуруу тэгшитгэн, эд баялаг, эрүүл мэнд, ажил үйлс дэвжин дээшлэхийн билэгдэл гэж үздэг.
Монголчууд эрт дээр үеэс Гонгор Намсрай зэрэг хоёр бурханыг тахин шүтэж эдгээр бурхадын бумбыг олон амьтны үгүйрэл хоосролын зовлонг арилгахыг бэлэгдэж гэр орон сүм хийдэд бүтээн залж ирсэн билээ, энхүү бумбыг гэр орон албан байгуулга хувь хүн бүтээлгэн залж тахиваас үгүйрэл хоосролын зовлон арилах, өвчин зовлонгүй, нас буян, цог учрал, хийморь золбоо, эд хөрөнгө, идээ ундаа, төгс эдлэл бүхэн хурах шалтгаан бүрдэх бөгөөд энэ хойтын сайн бүхэн шамдалгүй аяндаа бүтэх болой. Гонгор бурхан: Арван зүгийн гурван цагийн хамаг бурхадын нигүүлсэхүйн эрдмийг нэг дор эрхшээгч Аръяабал, түүний хувилгаан дүр Цагаан Гомбо буюу Гонгор нь нэг нүүртэй, зургаан мутартай, хоёр өлмийт, баруун талын дээд мутартаа чандмань эрдэнэ, дунд мутартаа үгүйрэл ядуурлыг үндсээр нь тасдагч тонгорог барьсан, доод мутартаа дамар барьсан, зүүн талын эхний мутарт эрдэнийн гавал бумба, удаах мутартаа эрхэнд хураагч гурван үзүүрт сэрээ, гурав дахь мутарт муу заяанаас татагч гох дэгээг тус тус барьсан, тэнгэрийн эдлэлээр бүтсэн сайн хувцасыг соёрхсон, тэргүүн, хоолой, чихэндээ эрдэнийн чимэгтэй, энэрлийн их сан, үгээгүйн зовлонг арилгагч эрдэмт, эрдэнэсийн их эзэн болой. Намсрай бурхан: Намсрай нь болгомол алт мэт үзэсгэлэнт алтан шар өнгөтэй, нэг нүүрт, хоёр мутартай, барууун мутартаа эрднийн дүвааз, зүүндээ элдэв эрднээр бөөлжигч хулгана барьсан, хэвтэж буй арслангийн дээр хагас завилан суусан, амнаас нь эрднийн хур бууж хоосрол ядуурлын зовлонг арилгах, элдэв үнэт эрднийн чимэг биедээ зүүсэн байдлаар ертөнцийн хойд зүгт эд агуурсын санг хариуцсан найман түшмэлийн хамтаар оршино.
4.ДЭЭЖИЙН ЦӨГЦ гэртээ байлгаж түүндээ цай сүүнийхээ дээжээ өргөж, цөгцөө байнга дүүрэн идээтэй байлгах нь айл гэрийн ажил үйлс, буян хишгийг тогтооно гэж үздэг.
5. УЛААН ДАВС гэртээ байлгаснаар айл гэр, ам бүлийг нь гадны хэрүүл тэмцэл, хар цагаан хэл амнаас хамгаалдаг байна.