Мэргэжлийн сүмо бөхийн шилдэг монгол бөхчүүдийн нэг, Улсын заан Д.Амгаагийн хүү Сэйро А.Өнөболд өнгөрсөн Ням гарагт Токио хотноо гэрлэх ёслолоо хийн, гал голомтоо бадраалаа. Тэрбээр өдгөөгөөс хоёр жилийн өмнө эхнэр Халиунтайгаа гэр бүл болон бүртгүүлсэн боловч хуримаа хийж амжаагүй байсан ажээ. Түүний гэрлэх ёслолд мэргэжлийн сүмогийн Их аваргууд болох Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд тэргүүтэй 250 орчим зочид гийчид хүрэлцэн очсон байна.
Сэйро А.Өнөболд дээд зиндаанд дэвшин гарч байсан боловч гэмтэл бэртлээс болон зиндаа уруудан хуримаа хойшласан гэнэ. Дараа сарын тэмцээнд тэрбээр жюүрёо зиндаанд дээгүүр эрэмбэлэгдэх бөгөөд дээд зиндаанд дахин гарахын төлөө улам их хичээн зүтгэхээ зочиддоо илэрхийлсэн байна. Ийнхүү арлын Японд нэгэн монгол гэр бүл гал голомтоо албан ёсоор бадраалаа.