Эр хүнд эрхийг нь үлдээ, энгэр газарт нөмрийг нь үлдээ!
Өө тэгээд сүртэй, сүлдтэй үгсээр сүнс сэрмээр сайхан мэндчилгээ бичиж болж л байна.
Гэхдээ миний хөвгүүд шиг энэ сайхан залуусаар гангарч байгаад өнөө цагийн эр хүний тухай өөрийн бодлыг шулуухан бичнэ ээ. Хүн төрөлхтний өнгөрсөн бүх цаг үед эрчүүд хүндийг үүрч, хүчрийг нугалж ирэв. Тэдэнгүйгээр үйлдвэрийн хүнд тоноглолууд эргэхгүй, үндэстэн дамнасан дайны хүнд төмөр зэвсгүүд босохгүй, жавар тасхийсэн өвлөөр ууланд түлээ унагах хүнгүй, тулгаа тулъя гэсэн ч хонин чинээ чулууг хомоол шиг өргөөд ирэх хүчгүй, амьтны аминд хүрч, хүрсэн ч арьсыг нь өвчөөд ам бүлээ тэжээх боломжгүй байв.
Нийгмийн болон гэр бүл, хөдөлмөрийн харилцаанд эрчүүд ачаа үүрч, амьдрал чирч, эмэгтэйчүүдийнхээ гараас хөтлөөд, зам зуур гараараа далайлгаж байгаад бэрхийг давж, хэцүүг нугалж ирсэн. Тиймээс хүн төрөлхтний өнгөрсөн түүх бол эрчүүдийн түүх, эрчүүдийн эрин үе байлаа. Гэр бүл улс орноо хамгаалж, тэжээж тэсч үлдэхийн тулд эрчүүд хатуугаас хатуу захирагч болох шаардлагатай байсан. Тэгж ч чадсан. Харин шинжлэх ухаан, техник технологи хөгжсөнөөр энэ үүргийг эмэгтэйчүүд хуваалцах болов.
Ганц товч дараад үйлдвэрийн араа эргэж, ганц түлхүүр эргүүлээд машин техник хөдөлж, ганц крандаад байшин барьж, ганц боолт эргүүлээд уурхай ухах болсон энэ цаг үед эрчүүдийн ажлыг эмэгтэйчүүд ч бас хуваалцан үүрэх болов. Эр хүнгүй л бол энэ бүхэн нам зогсдог байдал үгүй болов. Эр хүнгүй байсан ч эргэж л байдаг ажил, эргэлдэж л байдаг амьдралын хүрд болж хувирав. Үүний хэрээр эмэгтэйчүүдийн эрх нэмэгдэж, эрчүүдийн давамгайлал дарагдав.
За юу үнэн, энэ үнэн. Үүнээс шалтгаалан орчин цагийн эрчүүдэд нийгэм, гэр бүл дэх хөдөлмөрийн харилцаа, эрх, үүргийн шилжилтэнд зохицон өөрчлөгдөх шаардлага тулгарав. Нэг үгээр хэлбэл хүссэн ч, эс хүссэн ч эрчүүд шилжилтийн үед тулж ирэв. Энэ хүйснийхэн шинэ цагт зохицон өөрчлөгдөх шаардлагатай болов. За зарим нь төөрөлдөөд бүсгүй хүн шиг бүсэлхийгээрээ найгав.
Нөгөө хэсэг нь зохицон өөрчлөгдөж, эмэгтэйчүүдийн эрх үүрэг нэмэгдэж буйг талархан угтаж, тааваараа хувьсан хөгжив. Өө олонх нь өөрийн байтугай өрөөлийн учрыг л олохгүй, нийгэм цаг үеийн өөрчлөлттэй эвлэрч чадахгүй, энүүхэндээ гэхэд сөхрөв, гөжүүдлэв, шаралхав, шанаа өгөхийг илүүд үзэв. Ядаж байхад дээр нь эрдэс баялаг ихтэй, эрсдэл туучиж яваа улс орнуудад Жендэрийн тэгш эрх гэдгийг Эмэгтэйчүүдийн эрх гэж зориуд буруу орчуулж нутагшуулаад, зовлон дээр зовлон нэмэв. Ингээд нэг л мэдэхэд эрчүүд буланд шахагдав. Адлагдав, гадуурхагдав. Буланд шахуулж модоор чичлүүлсэн араатан буцаж дайрсаар байгаад бүр алуулна уу л гэхээс бууж өгөөд номхрох нь ховор доо. Тийм л байдал хаа хаанаа үүсэв. Ааг омогоо багтааж ядаад анд морддог, алалцаад гардаг, нэг нэгнийгээ халз тулаанд дууддаг, нэр төрийн төлөө илд сугалдаг, эх орныхоо төлөө амиа өгдөг байсан эрчүүд гал тогоондоо хоол хийж, гангар шаазан шиг хүүхдүүдээ өсгөж, ганган чамин эхнэрээ халамжлах хүртлээ, хатуугаас зөөлөн рүү хувьсталаа ихийг туулсан, илүү ч туулах болно.
Төдийгөөс өдий хүртэлх энэ замд омогтой шартай, ойворгон бардам нь үрэгдэж, ойлгож ухаарсан нь үлдэнэ. Харамсалтай нь эр хүн ч гэсэн тогоо барьж, хүүхдээ өсгөж, мөнгө үрж, моод дагаж, бэлэг авч, бэлзэг хүлээж, нулимс унагааж, нууцхан баярлаж, гэртээ үлдэж, гэргийгээ харуулдах эрхтэй гэдгийг ойлгож хүлээн зөвшөөртлөө эмэгтэйчүүд бүр ч бэрхийг гатална. Өөр гарц үгүй. Өөрөөр хүн гэдэг амьтан оршин тогтнодоггүй. Эр, эм ялгаагүй, хүний сэтгэл, хүний зүрхтэй болгонд адилхан заяасан эрх ба үүрэг, хүйсээр ангилах аргагүй үйлдэл ба илрэл юм. Дээр нь эр хүн яах вэ болно, охиндоо боловсрол мэдлэг эзэмшүүлье гэж 30 жил туйлширсны уршиг өдгөө гарч, өнөө эрчүүдийн маань олонх нь “Би чадна” хэмээх сайн дурын давхарга үүсгэв. Эр юм чинь болно доо гэсэн энэ хэнэггүй үгсийн цаана малчин, ачигч, өрлөг, засал чимэглэл, ухагч малтагч, халтуурчин төдийхөн үлдэв.
Бусад бүх ухаан мэдлэг шаардсан салбар эмэгтэйчүүдийнх болов. Эрчүүд маань шилжилтийн үеийг туулж байна. Энэ хүйсийнхэн цаашид хүн төрөлхтний хувьд хэн байхаа шийдэж байна. Тэдэнд өөрчлөгдөх боломж олгох нь эмэгтэйчүүдийн үүрэг юм, ээлж юм. Халамжит сайн аав уу, хаяад гарсан хатуурхал уу, хогоо асгадаг гэрийн эзэн үү, хогон дундаа үлдэх хог уу, амьдралын нэгэн нулимст эгшиг үү, амиа хорлон хорвоогоос буцагч уу? Одоо тэдэнд тэсч үлдэхийн тулд хатуугаас хатуу зан чанаруудаа зарим талаар орхиж, зөөлнөөс зөөлөн болох шаардлага тулж ирэв. Цаг үе өөрчлөгдөж, цадиг түүх эргэж, энэ цагт зохицож үлдэх гэж эрчүүд маань хаягдаж, хадарч, төөрөлдөж, төгөлдөржиж, эсэргүүцэж, элдэвлэж байна. Энэ бүхэн мэдээж гашуун. Бас хатуу. Гэвч юу гээч. Ганц хүн гал болдоггүй, ганц хүйс улс төлөөлж, гариг эзэмшихгүй. Ажилд орох, амьдралд хөлөө олох, сурч боловсрох, цаг үетэйгээ зохицох, эрхээ хамгаалуулах боломжууд нь улам бүр хаагдаж, улам бүр буланд шахагдаж, улам бүр уналтанд орж буй эрчүүдээ хэрхэн дэмжих вэ? Тэд цаашдаа нийт амиа хорлогчдын 80 орчим хувийг эзэлсээр л байх уу? Тэд цаашдаа буланд шахуулсан араатны зангаар нийгэм цаг үе рүүгээ араагаа үзүүлэн архирсаар байх уу? Тэд цаашдаа хаа нэгтээ, аль нэгэн гудамжны адагт зүгээр л чимээгүйхэн осгож, хөлдөж, архинд хордон үхсээр л байх уу? Тэдний нулимсыг хэн арчиж, тэдний зангидсан гарт хэн боломж атгуулж, тэдний оч нь унтарсан нүдэнд хэн гал асааж, тэдний буусан зовхи, мартсан инээмсэглэлийг хэн өргөж, тэдний агшчихаад байгаа зүрхийг хэн дэвтээн тавируулах вэ? Тиймээс эр хүнд боломжийг нь үлдээ, эрхийг нь үлдээ, энгэр газарт нөмрийг нь үлдээ!
Эмүжин