НУЛИМСАНД ХҮЙС БАЙХГҮЙ…
Нийгмийн хэвшмэл дүрийг тулган шаарддаг нийгэмд бид амьдарч байна. Эр хүн хатуу, чанга байх ёстой.
Уйлах ёсгүй, бүхий л амьдралыг эр хүн авч явах ёстой. Эр хүн байж яасан арчаагүй юм. Эр хүн гүндүүгүй, хээгүй байх ёстой. Яасан шингэн хоолойтой юм, хүүхэн шиг шалчиганаад…
Та сонсож байсан л байх дээрх үгсийг. Ялгаатай байдал. Энэ зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бүх эрчүүд ижил биш. Бүх эрчүүдийн даван туулсан туршлага нь өөр. Гэр бүлийн байдал, хүмүүжил соёл, туулсан амьдрал. Бүх эрчүүдэд автоматоор хатуу байхыг тулгаж, хатуу чанга байхыг шаардсаар бодит байдал юунд хөтөлдөг вэ?
Эр хүн ч гэсэн хүн. Сэтгэл зүрхтэй хүн. Бусадтай адил стресдэж, уурлаж, бухимдаж, бачуурах үе гарна. Бусадтай ярилцах, ойлголцох дотроо нээх хэрэгцээ гарч л таараа. Гэвч тэд хураасаар л байдаг. Зүрх сэтгэл нь хад чулуу шиг болж бүхий л сэтгэл хөдлөлөө дотроо хадгалсаар сүүлдээ тэсрэлт үүснэ. Тэр нь хүчирхийлэл, уур бухимдал, хэрүүл маргааны гол суурь болж хувирна. Нэг ёсондоо дотроосоо эвдэрнэ. Магадгүй эхнэртээ, хайртай хүндээ гар хүрч эхэлнэ. Цагдаа дуудна, гомдоно тунирхана, үзэн ядалт, уур хилэн, тэгээд салалт. Харамсалтай олон олон жишээ бий. Тэд илэрхийлдэггүй, ярилцдаггүй учраас яаж даван туулах аргаа мэддэггүй. Сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаггүй. Тэгээд нэг л мэдэхэд буруу алхам хийчихдэг.
Бүх эрчүүдийг өмөөрч байгаа юм биш нийгэм нь өөрөө буруу хэвшмэл ойлголт, дүрийг хүчээр тулган хүмүүжүүлсээр байгааг тодотгох гэсэн юм.
Миний хүү эр хүн уйлдаггүй юм бус эр хүн хэзээ ч бусдыг уйлуулах хэмжээний муу зүйл хийж болохгүйг зааж, дотоод сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах, чиглүүлэх талаар томчууд хүүхдүүддээ зөвлөн сургаж өгөх хэрэгтэй.томчууд гэлтгүй боловсролын системд ч энэ талын ойлголтыг суулгаж өгөх хэрэгтэй. Жендерийн талаар ойлголт мэдлэгийг багаас нь өгөх хэрэгцээ шаардлага маш их байна.
Эр хүний нуруун дээр бүгдийг тавьчихаад, дотоод сэтгэлийг нь хад чулуу шиг хатуу, хүйтэн болгочихоод бид зөв хүн байхыг шаардах эрх бий болов уу.
Эрчүүдийг хайрлаарай. Чиглүүлээрэй. Тэдэнтэй ярилцаж урамшуулж байгаарай. Сэтгэлийг нь санаачлагаараа хөнгөлж байгаарай бүсгүйчүүд ээ. Хүчирхийллийн зарим нэг кейсийн гол суурь шалтгаан эмэгтэйчүүдийн дарамт, үглэлт, буруу хандлага, басамжилсан, үл ойшоосон хандлагууд тухайн хүний тэсрэх гол хүчин зүйл болсон жишээ цөөнгүй байдаг. Гэхдээ гар хүрэх нь зөв гээгүй шүү. Нэг талаасаа эмэгтэй хүн танд ямар буруу байна хүлээн зөвшөөрч засах хэрэгтэйг л тодотгох гэсэн юм. Тиймээс бүх зүйл 2 талтайг ухаарч уян хатан, харилцааны эерэг аргыг ашиглаж, жендерийн өндөр мэдрэмжтэй гэр бүл, хувь хүн байгаарай.
Эрчүүддээ эр цэргийн баярын мэнд хүргэе. Эрх чөлөө дур зоргыг биш хүндлэл хайрыг эрхэмлэдэг өдөр байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
У.Ганбаяр
2021.03.18