“Эмээ нь хотод хоёр давхар дүнзэн байшинтай баян хүн” гээд инээх М.Дэмбэрэл гуай нас сүүдэр 70 гарсан ч хөнгөн шингэн алхаатайн дээр үг хэл нь барагтай гүйцэгдэхгүй. Ирсэн гийчдийг эелдэгээр угтаж, цайлах тэрбээр малтай иргэдийг нийслэлээс нүүлгэх хотын мээрийн шийдвэрийг уухайлан дэмжиж, Чингэлтэй дүүргээс буурь сэлгэж, хотоос 60 км зайд орших Ногоон толгойн ам гэх газарт нүүж иржээ. “Эмээ нь есөн үнээтэй. Гурвыг нь саадаг. Олон малтай байхаас илүүтэй цөөн тооны, ашиг шим сайтай малтай байхыг эрхэмлэдэг. Тиймдээ ч 3.3 сая төгрөгөөр нэг үнээ худалдаж авсан. Өвс, тэжээл нь багадсан уу, яасан юм. Худалдаж авах үед өдөрт 16 литр сүү гардаг гэсэн. Одоогоор тэгж саагаагүй л байна. Алдчих вий гэж айсандаа уулын энгэр дээр аргамжсан” гэх зуураа хөрш айлуудынхаа сонин хачинг дуулгах энэ эмээтэй Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Б.Лхагвадоржийн хамт сурвалжлага бэлтгэх үеэр танилцсан юм. Сурвалжлагын маань зорилго нь нийслэлээс малаа авч нүүж гарсан малчин иргэдийн ахуй амьдрал хэр байгаа, тэр дундаа шинээр суурьшсан газрынх нь асуудлыг шийдэж өгөхөд ямар бэрхшээл тулгамдаж буйг олж мэдэх. Газар зохион байгуулагч Б.Лхагвадорж нь Сонгинохайрхан дүүргийн VI, VII, XIX, XXI хороог хариуцаж ажилладаг. Тэр дундаа түүний хариуцаж ажилладаг XXI хороонд нь шинээр төлөвлөлт хийж, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн малтай иргэдийг суурьшуулсан юм. Улаанбаатар хотоос засмал замаар 50-иад минут яваад хүрэх Төмөр замын 335-ын гарам буюу Ногоон толгойн ам нь дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, дагаад малын бэлчээр сайтай ажээ. Тус газарт өмнө нь 100 гаруйхан өрх мал маллаж амьдардаг байсан гэнэ. Харин нийслэлээс малтай айлууд нүүж очсоноор амьдрал өрнөсөн томоохон суурин болж тэлсэн байна. Айл өрхийн 98 орчим хувь нь эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг. Тэнд үнээний фермээс гадна тахиа, шувууны аж ахуй эрхэлдэг өрх олон бий. Саалийн хэдэн үнээнийхээ ашиг шимээрээ амьдралаа залгуулдаг цөөнгүй айл байдгийн нэг нь бидний эхний танил М.Дэмбэрэл гуайнх. Эмээ нийслэлээс 200-гаад хаягдал дугуй захиж авчруулан саравч барьснаа бидэнд сонирхуулах зуур “Зарим иргэд газрын хэмжээгээ голдог сурагтай. Надад бол хангалттай. Үүнээс илүү өг гэж нэхэхгүй” гэсэн юм. Эмээгийн амьдрал ахуйтай танилцсаны дараа хажуухантай залгаа амьдрах Г.Эрдэнэчимэг бүсгүйтэй танилцав. Тэднийх нийтдээ 50-иад үнээтэйгээс 15-ыг нь саадаг гэсэн. Зундаа 80 литр сүү саадаг байсан бол үнээ нь эхнээсээ ширгэж одоо өдөрт 30 литр сүү сааж буйгаа дуулгалаа.
Нэг литр сүүг зуны улиралд 700 төгрөгөөр зардаг байсан бол саяхнаас үнэ нэмэгдэж 950 төгрөгөөр АПУ компанид өгдөг болжээ. Гэтэл боодол өвс 5500, ногоон тэжээл 6000 төгрөгийн ханштай байна. Ийм байхад малчин өрхийн амьдрал яаж дээшлэх вэ дээ. Аргаа бараад зээл тусламж өгөөч гэж банкинд хандсан ч бүтээгүй аж. Улсаас малтай иргэдээ дэмжиж, дэд бүтэц татаж өгөн газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн ч хувийн компаниуд саалийг нь хэтэрхий бага ханшаар худалдаж авдагт сэтгэл дундуур байгаагаа хэлсэн юм. Тэрбээр 4х8 хэмжээтэй хоёр давхар байшин барьж, под хийтэл тохижсон бөгөөд 14х8 хэмжээтэй ферм барьсан гээд өнгөрсөн зуныг борив бохис хийлгүй өнгөрүүлжээ.
Газар дээрээ амьдардаггүй иргэдэд газар олгохгүй
Дээрх хэлсэнчлэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас хэсэгчилсэн төлөвлөгөө хийж 315 малтай өрхөд газар олгоод буй. Ингэхдээ малын А дансаар баримтжуулж газар зааж өгчээ. Гэвч зарим иргэд газраа зарсан тохиолдол гарчээ. Өөрөөр хэлбэл, хотын мээрийн гаргасан шийдвэрээр бол тус дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт зөвхөн малтай иргэдэд газар олгох ёстой. Гэтэл хотод мал маллаж байсан иргэд шинээр суурьшлийн бүсэд олгосон газрыг бусдад шилжүүлэх, өөрсдөө амьдардаггүй хэрнээ газраа авна гэх зэргээр заргалдах болсон байна. Энэ талаар газар зохион байгуулагч Б.Лхагвадорж “Ийм иргэдэд газар эзэмших эрх олгохгүй. Хэрвээ олгох юм бол газрын “наймаа” болж хувирна. Ногоон толгойн ам орчимд зөвхөн эрчимжсэн мал аж ахуйг дэмжих зорилгоор газар олгох ёстой. Малаа зараад хот руу нүүсэн иргэдэд газар олгох ямар ч боломжгүй. Учир нь зарим айлууд газрынх нь хэмжээ багадаж байна гэж хүсэлт гаргасан. Тиймээс өөрсдөө амьдрахгүй хэрнээ газар авахыг санаархсан хүмүүст биш харин мал маллаж амьдарч байгаа иргэдэд олгох нь зүйтэй” гэсэн юм.
Нийслэлээс малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан шинээр суурьшлийн бүсийн дэд бүтцийг бүрэн шийдвэрлэж өгсөн. Ингэхдээ төслийн шугамаар гурван худаг ухсан ч харамсалтай нь өнөөг хүртэл бүрэн ажиллагаанд ороогүй аж. Хэдийгээр урин дулаан цагт гол, горхины урсгал татрахгүй ч хэзээ мөдгүй цас орж, хүйтэрнэ. Энэ үед урсгал усгүй болох учир дээрх гурван худгийг яаралтай ажиллуулах шаардлагатай байгааг малчид учирласан юм. Одоогийн байдлаар нэг худаг нь алдаг оног ажилладаг юм байна. Учир нь зэргэлдээх айлын эзэн худгийн түлхүүрийг “хадгалдаг” учир айлын эзнийг худаг нээсэн цагт малчид ус авах эрхтэй болдог байна. Тиймээс төслийн шугамаар барьсан гурван худгийг бүрэн ажиллагаанд оруулах цаашлаад картаар ажилладаг болгох хэрэгтэйг дуулгав. Хэрвээ карт уншдаг болчихвол худаг хэзээ онгойх бол гэж хүлээж суухгүй гэдгийг хэлсэн юм. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Газрын харилцааны албаны дарга Б.Алтанхундага болон газар зохион байгуулагч Б.Лхагвадоржоос дараах зүйлийг тодрууллаа.
Б.Алтанхундага: Өргөдлийг газар дээр нь очиж авна
-Малтай иргэдэд олгосон газрын эрхийн зөвшөөрлийг олгох асуудал шийдэгдсэн үү?
-Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит чуулганаар уг асуудлыг ярилцаад 2018 оны газар зохион байгуулах төлөвлөгөөний тодотголд малтай айлуудын газрын асуудлыг шийдсэн. Яагаад газар эзэмших зөвшөөрөл олгохгүй байсан бэ гэхээр 2018 оны газар зохион байгуулах төлөвлөгөөнд тусгаагүй байсан учраас шийдвэр гарахгүй байсан юм. Харин өчигдөр зохиогдсон чуулганаар асуудлыг шийдвэрлэсэн учир малтай 315 иргэний газар хүссэн өргөдлийг хүлээж авч, шийдвэрлэх бүрэн эрх нээгдлээ гэж ойлгож болно.
-Малын А дансаар газар заалгаж авсан хэрнээ газар дээрээ амьдардаггүй, газраа бусдад зарсан тохиолдол цөөнгүй гарсан байна. Эдгээр хүний өргөдлийг хүлээж авах уу?
-Тухайн дүүргээс “Манай энэ иргэний газрын асуудлыг шийдвэрлэж өгөөч. Ийм тооны малтай” гэсэн жагсаалт ирдэг юм. Энэ дагуу айлуудад газар зааж өгсөн. Зааж өгсөн газар дээр хашаа хатгачихаад газраа ч, малаа ч зарсан тохиолдол олон гарсан. Ийм хүмүүст газар олгохгүй. Тиймээс газар дээр нь очиж өргөдлийг нь авна. Иргэд газрын албанд ирэх шаардлагагүй гэсэн үг. Газар дээр нь очиж авахаар тэндээ амьдарч байна уу, үгүй юү гэдэг нь тодорхой болно.
Б.Лхагвадорж: XXI хорооны нутаг дэвсгэрийг мэдээллийн санд бүрэн оруулсан
-Малтай иргэдийг XXI хороонд суурьшуулж, газар олгосон. Газар эзэмших эрх олгохдоо ямар шаардлага тавих вэ?
-Эхний ээлжид газраа зориулалтын дагуу ашиглах ёстой. Үүний тулд мэдээж өөрсдөө амьдардаг байх гэсэн шаардлага тавина. Тэгэхгүй бол огт амьдардаггүй хэрнээ малтай байсан гэдгээрээ шалтаглаж газар нэхэж болохгүй. Ер нь бол нийслэлийн хэмжээнд газар шинээр олгох болон эрх шилжүүлэх захирамж огт гаргахгүй байгаа. Учир нь одоо байгаа асуудлаа цэгцэлье гэдэг үүднээс удирдлагууд ийм шийдвэр гаргасан. Энэ нь ч зөв юм л даа. Учир нь эзэнгүй юм шиг хоосон газар байгаад байдаг. Гэтэл мэдээллийн сангаас харахаар хэзээний эзэнтэй болчихсон. Газрын тухай хуульд хоёр ба түүнээс дээш жил хүндэтгэж үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй бол газар эзэмших эрхийг түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл газар эзэмших эрх авсан хэрнээ ашигладаггүй тохиолдол олон бий. Тиймээс 2018 оны хэмжээнд эхний ээлжид XXI хороонд мэдээллийн сантай болохоор шийдсэн юм.
-Яагаад XXI хороог сонгосон юм бэ?
-Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй түлхүү хөгжсөн. Мөн нийслэлийн 153 хороотой харьцуулахад газар нутгийн хэмжээгээрээ том, мөн газар эзэмших эрхийг олноор олгосон. Нөгөө талдаа дүүргийн бусад хороог бодвол шинэ суурьшил олонтой. Газар эзэмших эрхтэй хэрнээ ашиглахгүй байгаад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. XXI хорооны хувьд зарим газар дэд бүтэц хөгжөөгүй нь үүнд нөлөөлдөг. Эдгээр шалтгаанаар энэ хороог сонгосон. Мэдээллийн сан бий болгохын тулд дроноор гүүглийн зураг хийж байгаа. Одоогоор бүрэн боловсруулж дууссан. Өөрөөр хэлбэл, газрын төлбөрөө төлсөн эсэх, зориулалтаар нь ашигласан эсэх, зай талбайгаа томруулсан, хашаа хатгаагүй зэргээр ангилж өнгөөр ялгахаар мэдээллийн нэгдсэн сантай болсон гэсэн үг. Хамгийн гол нь бага зардлаар хийж байгаа нь хамгийн чухал. Нөгөө талаасаа ашиг сонирхлын болон бусад хөндлөнгийн зүйлсээс шалтгаалж тухайн газар зохион байгуулагч нарыг дүүрэг хооронд сэлгэж ажиллуулдаг юм. Нэг талаасаа зөв шийдэл ч гэлээ нөгөө талдаа шинэ хорооны нөхцөл байдалтай танилцахад цаг хугацаа их ордог. Хэдэн өргөдөл ирсэн, хэд нь шийдэгдээгүй, хэчнээн иргэн зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа гэдгээс эхлээд олон асуудал бий. Тэр бүгдийг судлах шаардлагатай болдог юм. Миний хувьд гэхэд 2016 оны аравдугаар сард энэ ажлаа хүлээж авсан. Бүтэн жил гаруй хороодоор нэг бүрчлэн явсан. Эндээс мэдээллийн сантай болох хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, дрон ашигласан юм.
-Малтай иргэд ногоон тэжээлээ тарих хүсэлтэй байдаг юм билээ. Энэ тал дээр газрын албанаас дэмжиж, туслах боломжтой юу?
-Ногоон тэжээл тарья гэж хүсэлт гаргавал бид хүлээж авахад бэлэн. Би нэг жишээ дурьдая. Би ажлаа хүлээж авсныхаа дараахан Нарийн, Шар хадны аманд оршин суудаг малчидтай уулзсан юм. Тэгэхэд “Хөндлөнгийн аманд орших 100 гаруй га газар дээр гурван өрх ногоон тэжээл тарьдаг. Бид ч гэсэн ногоон тэжээл тарьмаар байна” гэдэг хүсэлт гаргасан юм. Нөгөө газрыг нь шалгаж үзэхэд зөвшөөрөлгүй ашигладаг байсан. Ингээд малчдыг дахиж цуглуулаад “Энэ газрыг та нарт хувааж олгоё. Гэхдээ газрын зөвшөөрлийг Засаг даргын Тамгийн газрын нэр дээр гаргана. Гэрээ байгуулж, ногоон тэжээл тарь” гэсэн. Иргэд ч зөвшөөрсөн. Ингээд 170 га газрыг нутгийн 170 орчим иргэнд хувааж олгосон. Одоо тариалалт хийж байна. Саяхан очиход “Энэ жил өвс бараг худалдаж авахгүй. Ногоон тэжээл хангалттай хүрэх юм шиг байна” гэсэн.
-Зарим уулын амыг хааж хашаалсан тохиолдол цөөнгүй гардаг. XXI хороонд ийм зүйл бий юу. Малын бэлчээрийг яаж хамгаалж байна вэ?
-Хорооны хувьд нэг хэсэг газарт нь цахимаар газар олгосон. Уулын ам хааж, хашаалсан 11 тохиолдол байсан. Шалгаж үзэхэд нэг л айл нийслэлийн Засаг даргын захирамжтай. Гэхдээ хэмжээгээ томруулж хашаа хатгасан. Тиймээс бүх хашааг иргэдтэй хамтарч буулгасан. Одоо уулын амыг хааж, хашаалсан нэг ч тохиолдол байхгүй учир малын бэлчээрт санаа зоволтгүй. Гол нь худгийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.
-Газрын албаныхан хүнд сурталтай гэж иргэд дургүйцдэг. Судлаад үзэхээр газар зохион байгуулагчдын ажлын ачаалалтай холбоотой юм шиг.
-Тэгэлгүй яах вэ. Ажлын ачаалалтай шууд холбоотой. Манай дүүргийн Газрын алба нь найман газар зохион байгуулагчтай. Гэтэл дүүрэг 310 мянган иргэнтэй. Эдгээрийн хамгийн багадаа 30 хувь нь газрын асуудлаар манайд ханддаг. Дүүргийн хаалгаар өдөрт 500 иргэн орлоо гэхэд 250 иргэн нь манайхаар үйлчлүүлдэг. Газрын албаныхан өдөрт найман цаг ажилладаг гэж боддог байх. Гэтэл үгүй шүү дээ. Өглөө ажил эхлэх үеэс өргөдөл хүлээж авч, цохолтоо хийнэ. Маргаантай асуудал байвал судална гэсээр ажлын цаг дуусдаг. Ингэхээр бичиг баримтаа цэгцлэх, гэрээ, гэрчилгээ бичих гээд ажил цаана үлддэг учир шөнө болтол суух үе олон гардаг. Амралтын өдрөөр байнга ажилладаг. Механик ажил ихтэй болохоор ингэхээс өөр аргагүй юм л даа. Механик ажиллагааг багасгахаар шинэчлэлийн ажил хийж байгаа.