Ичиж уулзах 7 өдрөөс
Инээж уулзах 70 өдөр үүсч
Санаж уулзах 7 сараа
Салж хагацашгүй 70 жил үргэлжилнэ
Ямар хосуудын үерхэл удаан үргэлжилдэг вэ?
Бүх л хосууд хоорондын харилцаагаа удаан тогтвортой байлгаж , ирээдүйд гэрлэхийг хүсдэг нь тодорхой биз. Тэр минь л миний заяаны хань гэж боддог байх. Хоорондын харилцаа ямар байвал үерхэл удаж , гэрлэлт болдог юм бол?
Бие биедээ хувийн орон зайг гаргаж өгдөг хосууд
Энэ хамгийн том шалтгаан шүү. Учир нь та 2 үерхсэн ч гэсэн хувь хүн хэвээрээ л байгаа. Чи тэрний найз охин боллоо гээд бүх зүйлийг нь мэддэг байх , найз болгоныг нь таньдаг байх , цаг минут тутамд хаана явж байгааг нь мэддэг байх шаардлагагүй. Чиний найз залуу найз нөхөдтэйгөө уулзаж , өөрийн дуртай спортоор хичээллэж , өөртөө цаг зав гаргах хэрэгтэй. Үргэлж чиний хажууд манаач болоод суух хэрэггүй юм шүү. Чиний найз залуу ч гэсэн ийм бодолтой байх хэрэгтэй.
Бие биедээ итгэдэг , хоорондоо сайн ярилцдаг хосууд
Урт удаан үерхэлийн нууц түлхүүр бол яах аргагүй хоорондын итгэлцэл. Бие биедээ итгэхгүй бол хамт байгаад ч хэрэг байхгүй биз ээ.
Сайн ярилцах гэдэг нь итгэлцэлтэй хамтран оршдог. Учир нь найз залуудаа итгэдэггүй бол өөртөө тохиолдсон хамаг зүйлээ түүндээ ярьж чадахгүй биз. Бие биенээсээ юм нуугаад байвал та 2-н үерхэл удна гэдэг юу л бол. Гэхдээ энэ нь хамаг юмаа нэг нэгэнгүй яриад бай гэсэн үг биш шүү. Хүн бүрд бусдад хэлж болдоггүй хэдхэн нууц байдаг. Тэр зүйлүүдээ хасаад хоорондоо сайхан ярилцаад , ойлголцдог хосууд удаан хамт байдаг юм шүү.
Бие биендээ бүх хүнийг орлож чаддаг хосууд
Найз залуугийнхаа хувьд ээж , эгч , хамгийн сайн эмэгтэй найз , дэлхийн хамгийн шилдэг тогооч , өхөөрдөм хөөрхөн эмэгтэй дүү гээд л түүний хажууд байж болох бүхий л хүнийг орлож чаддаг байгаарай. Чамтай хамт байхад өөр хэнийг ч сандаггүй , хүсдэггүй , хүлээдэггүй байхад хангалттай. Чи ч гэсэн тийм залуутай учраарай.
Бие биедээ буулт хийж чаддаг хосууд
Энэ зан чанар бол ихэнх хосуудыг салалтын шалтгаан болдог. Учир нь хэн хэнийхээ доор орохгүйн тулд хэрэлдэж муудалцаад л , хайртай байсан ч муугаа үзүүлэхгүйн тулд “зайл ” гэж өөдөөс нь орилоод л , хамт байхыг хүссэн ч хаяж гүйж одоод л…
Ийм л харамсалтай зүйлүүдээс болж сайхан хосууд салан 2 замаар алхцгаадаг. Бусдын хийсэн алдааг өөрийн алдаа болгохгүйн төлөө , тэгэхэд ганцхан удаа уучилдаг байждээ гэж дараа нь харамсахгүйн төлөө яг одоо хайртайгаа хэл , очоод тэвэр , ганцхан боломж олго. Тэр чамд хайртай л бол чиний олгосон боломжыг амь шигээ хайрлах болно.
Бие биедээ эерэг сэтгэгдэл төрүүлдэг хосууд
Аар саархан асуудалд хэрэлдэж муудалцдаггүй , муудалцсан ч түүнийгээ мартаж яг л анхных шигээ хайрладаг хосуудын үерхэл уддаг юм шүү. Найзуудтайгаа 3 цаг гарсны төлөө сүр бадрааж , өөдөөс нь орилох шаардлагагүй. Дараа эрт ирэхийг бодоорой хайраа , саналаа шүү гээд уруул дээр нь үнсээрэй. Тэгвэл хайртай залуу чинь дараа найзуудтайгаа уулзаж байхдаа чамруу яарах болно.
Бие биенийгээ дэмждэг хосууд
Түүний сонирхдог спортод чи дургүй байж болно. Гэхдээ түүнийхээ хүслийг хүндэтгэх хэрэгтэй. Хэрвээ чи хүсвэл тэр спортоор хамтдаа хичээллэж болох л юм. Бие биенийгээ дэмжиж , чадахгүй зүйлийг нь хамтдаа чаддаг болж , шантарсан үед нь гарнаас нь атган босгож , амжилттай байгаа үед нь хамтдаа баярлах хэрэгтэй. Ийм л хосууд хамтдаа амжилтанд хүрдэг юм. Чи ганцаараа мундаг байгаад яах юм бэ? Ирээдүйд хамтдаа л амьдрая гэж бодож л байгаа бол хамтдаа урагшаа тэмүүл.