Хавдрын улмаас харах нүдээ алдсан цэл залуухан амийг авч үлдэхэд халуун сэтгэлээр тусална уу хэмээн нэгэн ээж бидэнд хандлаа. Түүний хүү Ганболдын Ууганбаатар одоо гучин настай. Тэрбээр Энэтхэг улсад мэргэжил эзэмшсэн бөгөөд сургуулиа төгссөн тэр жилдээ хараагүй болжээ. Гэтэл өнчин тархины хавдар гэх аймшигт онош гарснаас хойш энэ айлаас гунигийн сүүдэр салаагүй ажээ. Г.Ууганбаатарын ээж С.Долгорсүрэнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Юуны өмнө та өөрийгөө болон хүүгээ манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг С.Долгорсүрэн гэдэг. Манайх гурван хүүтэй айл. Том хүү болох Ууганбаатар маань 77-р сургуулийг төгсөөд, үргэлжлүүлээд Энэтхэг улсад Дижитал анимейшн мэргэжлээр суралцаж 2013 онд төгссөн. Мэргэжлээрээ ажиллахаар эх орондоо ирээд ид ажиллах үедээ хараагүй болсон. Юуны учир хараагүй болов гээд шинжилгээ өгөхөд өнчин тархины хавдар гэсэн онош тогтоогдсон.
-Албан ёсны оношийг хаана хэрхэн тогтоосон юм бэ?
-Хятад болон Солонгос улсад шинжлүүлсэн. Өвчний албан ёсны онош нь өнчин тархины суурьт 7,4*4,3, 4,8*4,0 хэмжээтэй хоёр ширхэг хавдар үүсч нүдний мэдрэлийн солилцоог дарсан гэх оноштой.
2015 онд ойр дотныхноосоо хандив тусламж цуглуулж байгаад монголдоо хагалгаанд орж хавдрыг авахуулсан. Түүнээс хойш уламжлалт эмчилгээ хийлгээд айх хэрэггүй гэж байсан. Гэтэл саяхан үзүүлэхэд хавдар дахиж, өмнөхөөсөө илүүтэй томорсон байсныг мэдээд дахин шинжилгээнд ороход яаралтай хавдарыг авах хэрэгтэй гэж хэлсэн. Гэхдээ хагалгаанд орсон ч хагалгааны дараах хүндрэл ихтэй, амь насыг нь авч үлдэнэ гэж амлаж чадахгүй гэж хэлсэн. Монголд төдийгүй хятад солонгос улсуудад амь насыг аврах баталгаа өгөхгүй гэсэн хариу ирсэн. Тиймээс японы эмнэлгүүдэд хандахад нааштай хариу өгсөн учраас хүүгийнхээ амь насыг аварч үлдэхийн тулд ард түмнээсээ хандив гуйхаар шийдсэн юм.
-Одоо хагалгаанд орвол хараа орох боломжтой юу? Эсвэл зөвхөн амь насыг нь авч үлдэх үү?
-Хагалгаанд ороод ямартай ч эхний ээлжинд хавдрыг авах шаардлагатай гэсэн. Хараа орно гэж их зүйл горьдоод хэрэггүй. Хагалгааны дараах хүндрэл маш их байдаг учраас амь насыг нь авч үлдэх тухай л бод гэж хэлсэн. Хараагүй ч хамаагүй хүүгээ амьдруулахыг хүсэж байна. Миний хүү өөрөө амьдрах чин хүсэлтэй байгаа. Энгийн сайхан амьдарч байгаад гэнэт хараагүй болсон. Гэсэн хэдий ч би амьдарна, хараа орно гэсэн итгэл сэтгэлтэй байгаад нь баярлаж байгаа.
-Хавдрын эмчилгээнд маш их мөнгө шаарддаг. Өнөөдрийг хүртэл хэдий хэмжээний мөнгө зарцуулаад байна вэ?
-Хүүгээ хараагүй болсноор хойш эмчилгээ оношлогоонд 50 орчим сая төгрөг зарцуулаад байгаа. Манайх энгийн нэг айл. Цалин мөнгөний зээл авч, ажлын хамт олон хамаатан садны дэмжлэгээр өнөөдрийг хүрсэн. Гэтэл дахиад санхүүгийн асуудалтай тулгараад хаана хандахаа мэдэхгүй сууна.
-Японд хагалгаанд ороход эмчилгээ, оношлогооны өртөг хэд орчим төгрөг болох бол?
-Бид нарын хандсан эмнэлэг тэд эд гэсэн мөнгөний тоо хэлж чадахгүй гэсэн. Яагаад гэхээр эхлээд өөрсдөө оношоо дахин гаргаж, шинжилгээ хийгээд ямар арга замаар эмчлэх талаараа шийддэг юм байна. энэ шинжилгээ, оношлогооны зардал, хагалгааны урьдчилсан төлбөр зэрэгт нийтдээ 150 орчим сая төгрөг шаардлагатай байгаа. Энэ их мөнгийг бид гаргаад өгөх боломж байхгүй учраас та бүхнээсээ сэтгэлийн дэм гуйж байгаа юм шүү. Хүүгээ амьдруулахын тулд эгч нь юу хийх боломжтой байна бүгдийг хийнээ.
–Хүүгийн тань амь насыг аврахад тусламжийн гараа сунгах хүмүүс олон бий гэдэгт итгэж байна. Та бүхэнтэй хэрхэн холбогдож болох вэ? Мөн ямар дансанд хандив цуглуулж байна вэ?
-Баярлалаа та бүхэнд. Надтай холбоо барих бол 9900-2064, аав Д.Ганболд 9900-2164 гэсэн утсаар холбогдоорой. Та бүхний сэтгэлийн дэм бидэнд энэ цаг үед хамгийн их хэрэгтэй байгаа шүү гэдгийг хэлмээр байна.
ЗУРАГ: Г.Ууганбаярын өнчин тархины хорт хавдрын хэмжээ