Хадгаламж банк Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 384 дүгээр тогтоол, Сангийн сайдын 259 дүгээр тушаалаар Төрийн Банк болж нэрээ өөрчлөн үүсгэн байгуулагдсан төрийн өмчит банк. Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 280 АТМ, 2500 гаруй картаар үйлчилгээ үзүүлж байгаа тус банкны одоогийн болон экс дарга нар, гурван теллерийн хамт мөнгө угаах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар бид мэдээлсэн. Бид энэ хэргийн талаар эх сурвалжуудаас тодруулан эргэн мэдээлж байна.
Тун удахгүй Төрийн банкийг хувьчлах гэж байгаа. Тодруулбал, дуудлага худалдааны доод үнийг 300 тэрбум төгрөгөөр тогтоосон байдаг. Ингэхдээ 75 тэрбум нь төсөвт төвлөрөхөөр, 225 тэрбумыг Монголбанкны өрөнд өгөх шийдвэр гаргасан. Өнгөрсөн оны санхүүгийн үзүүлэлтээр Төрийн банк хоёр их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, Монгол Улсын банкны салбарын топ дөрвөн банкны нэг. Анх 130.2 тэрбум төгрөгийн активтай байсан бол одоо хоёр их наядыг давсан активтай, 28.6 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан бол эдүгээ 170-аад тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, жилдээ 10 илүү тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг банк. Олон жилийн өмнөөс энэ банкийг хувьчлах талаар ярьж байсан ч ажил хэрэг болсон нь үгүй.
Тэгвэл тус банкны эрх бүхий албан тушаалтнууд нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн Төрийн банканд байршуулсан мөнгөнөөс их хэмжээгээр хуурамч бичиг баримт үйлдэн завшиж байгаа хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчлахтай зэрэгцээд хэд хэдэн салбарт нь нэгжлэг хийж, зарим эд мөрийн баримтуудыг нь хураан авсан байна. Хэрэгт холбогдсон хүмүүсийг 60 гаруй хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөнөөс завшсан, хээл хахууль авсан, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн албан бус эх сурвалжууд хэлж буй.
“Мөнгө угаасан” гэх хоёр ч тусдаа хэрэг шалгаж байгаа аж. Тодруулбал, Тээврийн товчоо, “Хараа” зочид буудлын дэргэдэх салбаруудад нэгжлэг явуулсан юм. Төрийн банкныхнаас ямар хүмүүсийг эрүүгийн хэрэгт шалгаж буйг тодруулахад “2-3 жилийн өмнө захирлаар ажиллаж байсан хүмүүс хэрэгт холбогдсон. Одоогийн удирдлагын багт байгаа хүмүүстэй холбоогүй” хэмээн мэдээлж байсан. АТГ-ынхан “Төрийн банкны нэр бүхий албан тушаалтнуудыг эрх мэдэл албан тушаалаа урвуулсан, хахууль авсан гэх үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэсэн мэдээлэл өгөв.
Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан Төрийн банкны ажилтан С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг эхэлж цагдан хорьж, улмаар шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүгчийн захирамжаар тэднийг хорьсон юм. Тэднийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт эд хөрөнгө завшсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм билээ. Эдгээр хүмүүсийн үйлдлийг тодруулахын тулд хуучны Тээврийн товчоон дахь салбарт нэгжлэг хийсэн аж.
Харин АТГ-ынхан Төрийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж буй Д.Ганбаатар, тус банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нарыг яллагдагчаар татсан юм. Тэднийг их хэмжээний мөнгө завшсан, хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж буй. Нийслэлийн Прокурорын газраас тэднийг цагдан хориулах санал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд дээрх хоёр хүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ. Тэдэнтэй хамт Төрийн банкны “Хараа” тооцооны төвийн захирлаар ажилладаг Б.Энхбаатарыг яллагдагчаар цагдан хориулах хүсэлт хүргүүлсэн ч шүүхээс түүнийг улсын хилээр гарахгүй байх, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээсээр байх болно.