Дурлаж болох үй олон хүн “тэнд” буй.
Хэрэв чи мөрөөдөлгүй бол ном унш! Ирмүүн хүслээр зүрх чинь халгиж цалгиад л эхэлнэ.
Хэрэв өлсөж, зүдэрч яваа бол ном унш! Ингээд чи хэзээ ч дундрахгүй шидэт, дүүрэн ширээтэй боллоо.
Хэрэв гадуурхагддаг бол, зүгээр л, ном унш! Өгөөмөр ном чам руу өдөр бүр гар сунгана.
Хэрэв ядуу бол ном унш! Нэг л өдөр чи хамгийн баян хүн болсноо мэднэ.
Харин баян бол бүр ч их унш. Мөнгөөр авч чаддаггүй зүйлсийг номоос олсноор мөнхөд баян амьдарна.
Хэрэв алдаа хийсэн бол ном унш! Өнгөрснийг мартан урагшлах мянган аргыг өвгөдийн алтан ном шивнээд л өгнө.
Хэрэв өнчин бол ном унш! Ном – хагацашгүй эцэг, эх.
Хэн нэгэнд гомдсон бол ном л унш! Өршөөл, уучлалыг номоос олсон чи үзэсгэлэнт баян бүрд болж хувирна.
Элгэн саднаасаа хол, харь нутагт яваа бол ном унш! Эх хэл дээрээ унших ном эх орон чинь болно.
Л.Өлзийтөгс