Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж буйтай уялдаатайгаар хүнд даацын машин, механизмтай холбоотой осол үе үе гарч, хүмүүс эрүүл мэнд, амиараа хохирч байна. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 19-ний 20.00 цагийн үед Өмнөговь аймаг Ханбогд сумын нутагт замын барилга, засварын компанийн механизм онхолдож жолооч нь амиа алдсан хэрэг гарчээ.
Үүнээс өмнө тус аймгийн Цогтцэций сумын нутагт “Эрдэнэс Тавантолгой” компанийн шинээр барьж буй кэмпийн хашаанд 13 настай хүү ковш буюу авто ачигч механизмд дайруулж амиа алдав. Хүүхэд амиа алдсан тухай дуудлагыг тус сум дахь хүн эмнэлгийн эмч нар цагдаагийн байгууллагад өгсөн аж. Ингээд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дээрх кэмпийн хашаан доторх ил зогсоолд ажиллаж байсан Д.Т нь “Liu gong GL 855 N” загварын ковшийг жолоодон хөдлөхдөө орчин тойрныхоо аюулгүй байдлыг нягтлалгүй явснаас сурагч хүүгээ дайрч амийг нь хохироосон байна. Хүү энэ сарын 4-нд аавынхаа ажилд туслахаар уг кэмпэд очоод байсан гэнэ. Харин Д.Т уг кэмпийн гадна дулааны шугамын угсралтын ажил гүйцэтгэж байгаа “Билгүүн-Од констракшн” ХХК-д гэрээгээр ажиллаж байжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Билгүүн-Од констракшн” компанийнхан бүтээн байгуулалтынх нь талбай дээр насанд хүрээгүй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаад хяналт тавиагүй атлаа эл ослыг ихэд нууцлахаар оролдож буй нь харамсалтай.