“NTV” телевизийн “Эргэдэг гал тогоо” шоуны шүүгчээр ажиллаж байсан Таки буюу Г.Өлзийбатыг “аашны набор” хэмээн тус нэвтрүүлгийн хөтлөгч Алтаншагай цоллож байсан.
Өмнө нь ч “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлгийн үзэгчид “хамгийн ааштай тогооч”-оор нэрлэгдэж байсан тэрээр шавь хайж эхэлжээ. Өөрийн цахим хуудаснаа тогооч болох сонирхолтой залуусыг сургаж ажлын байраар хангана гэдгээ тэрээр онцолсон байна.
Түүний шавь болохыг хүсэгчид хоол хийх сонирхолтой байх ба цаг сайн барьдаг, үг сайн даадаг, аливаад сэтгэл гаргадаг байх ёстой гэнэ.
Монголдоо төдийгүй гадны орнуудын тансаг ресторануудад уригдан зоог бэлтгэдэг Таки үеийнхээ тогооч нар дундаасаа хэгжүүн, ууртай гэдгээрээ гайхагддаг. Түүний энэхүү зан байдлыг даахаар байх ёстой аж. Өөрийнхөө зан байдлын талаар тэрээр сурсан сургууль, заасан багш нарынх нь өв, харизм гэж хариулсан удаатай. Ер нь мэргэжлийн гал тогоонд асар өндөр сахилга бат, хариуцлага оршин байж гэмээ нь дээд зэрэглэлийн ховорхон зоогууд төрөн гардаг гэнэ.Ийм сахилга батыг бий болгохын тулд ахлах тогооч асар их стресстэн уурлаж бухимддаг.
Энэ байдлаа нуулгүйгээр өөрөөрөө байх нь амар байдаг хэмээн Таки тогооч хариулсан байна. “Сурсан юмыг сураар боож болдоггүй” гэдэгчлэн “Эргэдэг гал тогоо”-ны шүүгчээр ажиллахдаа ч энэ ааш авираа гарган үзэгчдийг ихэд бухимдуулсан удаатай.