Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойн өдрүүд тохиож байна.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан. Мөн иргэдийг ес хоног амраах шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Энэ жил цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж эрийн гурван наадам хийхээргүй болсон. Гэхдээ 850 сая төгрөгөөр бүтсэн үзэгчдэд цахимаар хүргэх наадмын нээлт, хаалт гарна. Уг нь тус үйл ажиллагаа өнгөрсөн жилүүдэд 600 сая төгрөгт багтдаг байсан гэдэг.
Албан ёсны “Эрийн гурван наадам” зохион байгуулагдахгүй байгаа хэдий ч өчигдөр Хүй долоо худагт уяачид, баячууд бэсрэг наадмаа хийж эхэлсэн байгааг та бүхэн тэдний оруулсан сошиал хуудаснаас харж болно. Мөн иргэд олон нийтийг гэр бүлийн хүрээнд баяр наадмаа зохион байгуулж, олуулаа цугларахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас сануулаар буй.
Гэвч урьд жилүүдийн нэгэн адил нэгнийхээ зуслан, амралтын газруудад ах дүү, амраг садан, найз нөхдөөрөө дор хаяж 20-30 хүн цугларч наадмын хорхог боодгоо идсээр байна.
Түүнчлэн, ес хоног амралтыг ашиглан орон нутгийг зорьж, дотооддоо аялах иргэдийн цуваа тасрахгүй байна. Наадмын өмнөх өдөр буюу энэ сарын 10-наас эхэлсэн тус цуваа баруун тийш Төв аймгийн Лүн сум, зүүн тийш Багануур дүүрэг хүртэл үргэлжилж байна.
Ямартаа ч, иргэд та бүрэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өргөн дэлгэр сайхан наадаарай.