Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д гаргах үеэр өнөөг хүртэл хэрэг шийдвэрлэгдээгүй хэргийн талаар зарим гишүүд асууж байсан. Энэ талаар тодруулга өгнө үү?
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээргүй, хуулиар хориглосноос бусад асуудлаар зарим нэгэн хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар товч мэдээллийг өгье. Эхний ээлжид УИХ-ын нэр бүхий гишүүдээс ирүүлсэн гомдлын дагуу Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээл, төсөл хөтөлбөрийн санхүүжилт болон хөрөнгийн зарцуулалттай холбоотой хэргийн хувьд мэдээлэл өгье.
Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгсөн. Энэ шалгалтын хүрээнд тайланд тусгасан 18 зээлийн санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтыг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзэж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Үүний дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2017 оны нэгдүгээр сард “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээл, төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт болон хөрөнгийг зарцуулах явцад холбогдох албан тушаалтнуудаас албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй” гэж үзэн, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 26.2 болон 264 дүгээр зүйлийн 264.2, 265 дугаар зүйлийн 265.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах алба болон Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэ хэргийг бид цогцоор нь нэг дор шүүхэд өгч шийдвэрлүүлэх боломжгүй. Учир нь тус тусдаа олон төсөл хөтөлбөрүүд байгаа. Тус тусад нь эдийн засгийн шинжилгээний дүгнэлт гаргуулах, аудит хийлгэх гээд маш их ажилтай. Энэ үүднээсээ хэрэг удааширч байгаа асуудал бий. Гэхдээ шинэ хуульд нийцүүлэн нотлогдож, тогтоогдсон хэмжээнд нь зарим хэргийг тусгаарлан шүүхэд өгч шийдвэрлүүлж байгаа.
-Тухайлбал?
-“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б нь 2015-2016 онуудад албаны эрх ашгийг урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг тусгаарлан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын яамны сайдаар 2015-2016 онд ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нь тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б-тэй бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улмаар улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцэж, нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан.
“Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г нь 2013-2016 онуудад “ОССК”-ийн дүрмээр олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан, бусдаас хээл хахууль авсан. Мөн тус газрын маркетинг борлуулалтын хэлтсийн дарга нарын хэргийг тусгаарлан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцээд, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.
“Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн 2013-2016 оны хооронд арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг тусгаарлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан байгаа. Одоо хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.
Эдгээрээс гадна Эдийн засгийн хөгжлийн сайдаар 2012-2014 оны хооронд ажиллаж байсан Н.Баярбаяр нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг тусгаарлан, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт . зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.
Энэ мэтчилэн “Хөгжлийн банк’’-ны үйл ажиллагааг шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгсөн ажлын хэсгийн тайланд тусгагдсан бусад санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Удахгүй зарим нотлогдож, тогтоогдсон үйлдлүүдийг тусгаарлан шүүхэд өгч гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг авна.
-Сүүлийн үед ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудал олны анхааралд орж, дуулиан тариад байна. Энэ хэргийн хүрээнд тодорхой нэр бүхий албан тушаалтанг шалгаж эхэлсэн. Энэ хэрэг юу болж байна вэ?
-ЖДҮХС-гийн зээлийг төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтан нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр авч өгч өөртөө болон бусдад давуу байдал олгосон тухай хэрэгт өнгөрсөн аравдугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хэрэг нээсэн.
Одоо АТГ болон Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. ЖДҮХС-гаас олгогдох зээл нь экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, гарааны бизнес эхлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд урт хугацаатай, хөнгөлөлттэйгөөр олгохоор зохицуулсан. Гэтэл улстөрийн өндөр албан тушаалтан нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглан авсан байж болзошгүй.
Улмаар зээлийг зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бий эсэхийг шалгаж байна. Тухайлбал, уг зээлийг тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэнд олгож болохгүй. Авсан зээлээ дээрх байдлаар зориулалтын бу-саар ашигласан байх юм бол хууль зөрчсөн үйлдэл болно.
-ЖДҮ-ээс зээл авсан аж ахуйн нэгж, иргэдийн зээлийг төлүүлэх зорилгоор эд хөрөнгийг нь битүүмжилж, үйл ажиллагааг нь хааж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байхгүй. Хууль хяналтын байгууллага зөвхөн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд бусдын эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулдаг. Зээл авсан болгоныг буруутгаж, хар, цагааныг ялгалгүйгээр нэг тогоонд хийж буруутгаад байж боломгүй байгаа юм.
Зээлдэгч дунд хууль болон сонгон шалгаруулалтын шаардлагыг хангаж зээл авч, зориулалтын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулж, зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу төлж барагдуулж байгаа аж ахуйн нэгж, иргэн олон бий. Үүнийг бид ялгаж салгана.
-ЖДҮ-ийг дэмжих сангаас Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар зээл авсан талаар мэдээлэл гарсан. Энэ хүнтэй холбогдох хэрэг та нарын шалгалтын ажилд хаалт болох юм биш үү?
-Прокурор хүн шийдвэрээ зөвхөн хуульд нийцүүлэн хараат бусаар гаргах учиртай. Прокурорын шийдвэр гаргах, үйл ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс оролцож болохгүй. Бид зөвхөн хуулийн хүрээнд шийдвэрээ гаргана.
Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтээ Улсын Ерөнхий прокурорт гаргасан. Үүнийх нь дагуу Улсын Ерөнхий прокурор хүсэлтийг нь хүлээн авч хянаад ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэн энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргасан.
-Прокурор нь хүртэл зээл авсан юм чинь хэргийг нь дараад өнгөрнө гэсэн эргэлзээ төрж байгаа шүү дээ. Үнэхээр ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэдэгт иргэд итгэлтэй байж болох уу?
-Огт эргэлзэх хэрэггүй. Бид хууль дүрмээ баримталж ажиллана. Харин ч энэ асуудлыг шалгая гээд УИХ-д асуудлаа оруулсан биз дээ. Хэн ч байсан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх учиртай.
-Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд мөнгө завшсан гэх хэрэг гарсан. Энэ асуудлыг хэзээ эцэслэн шийдвэрлэх вэ?
-Энэ хэргийн хувьд нийслэлийн Прокурорын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, мэдээлэлд үндэслэн агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт нь хуульд нийцэж байгаа эсэх асуудлыг шалгуулахаар
2017 оны арванхоёрдугаар сард Эрүүгийн хуулийн 24.9 дүгээр зүйлийн 24.9.1 дэх зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Энэ хүрээнд АТГ болон ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг байгуулж, агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл хөтөлбөрүүд нь бодитой, хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа эсэхийг шалгах ажиллагааг явуулж байна.
Үндэсний аудитын газраас “Цэвэр агаар сан” болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийсэн ажилд гүйцэтгэлийн аудит хийж баталгаажуулж, илэрсэн зөрчилтэй асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар 2018 оны аравдугаар сард шийдвэр гаргасан. Яг одоогийн байдлаар уг асуудлыг шалгуулахаар албан ёсоор хандаагүй байна. Гэхдээ Нийслэлийн прокурорын газраас Үндэсний аудитын газарт албан бичгээр хандсан.
-Ази Европын дээд төвшний XI уулзалтыг зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгаж байгаа. УИХ-ын чуулганы үеэр зарим гишүүд энэ хэргийн шалгалт ямар шатанд үргэлжилж байгааг асуусан. Энэ асуудлыг тодруулж болох уу?
-Үндэсний аудитын газраас Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны санхүү, төсвийн гүйцэтгэлд аудитын шалгалт хийсэн. Уг аудитын тайланд АСЕМ-ийг зохион байгуулахтай холбоотой илэрсэн зөрчлүүдийн талаар ирүүлсэн мэдээлэлд үндэслэн АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн хоёр болон 22.8 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
-“Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг юу болсон бэ?
-Хуурамч баримт бичиг үйлдэн Өмнөд Африкийн Стандарт банктай 2009-2010 онуудад зээлийн гэрээ байгуулж, их хэмжээний ам.долларын зээл авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан. Уг үйлдлийн улмаас Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ хэрэгт “Жаст” группийн захирал Ш.Батхүү болон “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Г, тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан М, худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан А нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.
Ш.Батхүүгийн хувьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Хэрэгт яллагдагч Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр дээр бүртгэлтэй олон тооны үл хөдлөх хөрөнгө бусдад шилжсэн байдаг. Эдгээр хөрөнгө бусдад шилжсэн асуудал нь хууль ёсны эсэх асуудлыг шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ утгаараа хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бага зэрэг удааширч байгаа нь үнэн. Гэхдээ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ авч байгаа. Цаашид гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
-“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, Монголбанкны үйл ажиллагаатай холбогдолтой хэргүүд олон нийтийн анхаарлын дунд байна. Эдгээр хэргийн мөрдөн шалгах ажиллагаа ямар шатандаа яваа бэ?
-УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийх болсонтой холбогдуулан үйл ажиллагааг нь шалгаж, аудитын дүгнэлт гарсан. Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гурван албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн хоёр, 22.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар 3-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.