МАН-ын гишүүд нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах үеэр хоёр талцаж, Бага хурал ширүүхэн үргэлжилсэн гэх нь бий. Хэдий гишүүд намын бодлогоо дагаж, шийдвэр гаргана гэж нүүрэн дээрээ мушилзаж байгаа ч хэн хэнд нь хувийн амбиц байгаа нь тодорхой байлаа.

Одоо намыг толгойлон удирдаж байгаа томчууд хэд хэдээрээ фракц үүсгэж, ар талаа зузаатгахаар өрсөлдөж байгаа гэнэ шүү. Өнгөрсөн удаагийн парламентад МАН 33, 32 бүлэглэлээрээ талцаж, төрийн эргэлт хийсэн удаатай. Өөрөөр хэлбэл, парламентад хэд олонх болсон эрх баригч намынхан дотроо хагарч, бүлэглэл үүсгэсэн нь намаа хагалахад хүргэсэн. Энэ удаад ч тэд Засгийн газраа өөрсдөө унагаж, эрх мэдлийн төлөөх “дайн” эхлүүлж буй бололтой.
Л.Оюун-Эрдэнэ 2016 онд Засгийн газраа унагаж, УИХ-ын даргыг суудлаас нь огцруулахад гол үүрэг гүйцэтгэж, лоббиг нь зохиолцсон хүний хувьд Засаг унагаах техникээс мэр сэр гадарлахтайгаа болсон. Иймдээ ч тэрбээр араа зузаатгаж, “хий” гаргачихгүй гэж ихэд хичээж байгаа бололтой. Нэг хэсэг хотын дарга Д.Сумъяабазартай сүжирч, нэгнээ халамжилсан нь ч түүний төрд тэсэж үлдэх бас нэгэн заль байсан байж мэдэх. Цаад санаа нь Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын даргаар ажилладаг, “Хотын фракц” нь нам дотроо нэлээд жин дардаг учир дэмжлэг болох нь тодорхой байв. Харин хотын дарга Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгогдох цаад амбицыг ойлгож, хоёул хүчээ нэгтгэн нөхөн сонгуульд өөрсдийн хүнээ зүтгүүлэх гэж хэрэндээ хичээлээ. Гэвч тохирсон тохироо, ярьсан яриа намын хуучин дарга У.Хүрэлсүхэд нэгэнт байсан учир залуу дарга нар хүчгүйдэж, буулт өгөхөөс өөр аргүйд хүрэв бололтой. Магадгүй энэ тохироо У.Хүрэлсүхийн хувьд намын даргаар ажиллаж байсан хугацааных нь сүүлчийн нөлөө бүхий шийдвэр байж мэдэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, намын харьяалалгүй болсон тэрбээр намдаа нөлөөлөх эрх мэдэл нь бага багаар буурсаар буй. Харин түүний зөвлөх, намын генсек Д.Амарбаясгалан намынхаа гал тогоог удирдаж, У.Хүрэлсүхийн тохироонд дэмжлэг болсон нь зайлшгүй. Гэхдээ Ерөнхий сайд, хотын дарга нар энэ чигээрээ буултаа өгч, урсгалаараа явчихгүй нь тодорхой. Угтаа бол МАН-ын дайн дөнгөж эхэлж байгаа нь гарцаагүй.
Намын хуучин гишүүд ч залуу дарга нарт дургүйлэхэж, тэднийг түлхэн унагаах тактик дотроо боловсруулаад эхэлсэн бай таараа. Тиймээс Ерөнхий сайд, хотын дарга нар дараагийн тактикаа боловсруулж, ар талдаа дахин хүч авсан нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга байв. Ардчилсан намаа орхиод Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх болох дээрээ тулсан нь цаанаа учиртай болж таарав. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нар хамтрах цаад шалтгаан нь Сү.Батболдын фракцынхан хөдөлж эхэлсэнтэй ч холбоотой байж мэдэх.
Ямартай ч Ардын намын хагарал эхэлж, нам доторх бужигнаан эд өрнөж байгаа сурагтай.

