Одзаяа&Онон
Өнгөрсөн зуны турш гэр бүлийн аялалын влогоороо үзэгчдийг байлдан дагуулж байсан хүмүүс бол “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин Заяа, нийтийн дуучин П.Идэржавхлан нарын гэр бүл.
Тэдний эхнэрүүд болох нэвтрүүлэгч Одзаяа, жүжигчин Онон нар үе зайгүй найзууд. Уг нөхөрлөлөө бататгахын тулд өнгөрсөн зуны турш хамтдаа дурсамж бүтээж, уг дурсамжаа влог болгон, мөнгө олохоо мартаагүй.
Жерри& О.Цэнгэл
Тэдний хувьд насны зөрүүтэй ч дотно найзууд. Нуруу туруу зүс царайгаараа ойролцоо тэд хэн хэн нь ганц хүүхэдтэй. Жүжигчин Жерригийн хувьд хүүхдээ төрүүлээд уран бүтээлдээ шамдсан бол О.Цэнгэл найз нь гардан охиноо өсгөж яваа мундаг ээж. Жүжигчин бүсгүйчүүд тэмдэглэлт баяруудаа үргэлж хамтдаа тэмдэглэдэг.
Ганцэцэг&Ганчимэг
Тэдний хувьд насны зөрүү 10-аар хэмжигдэх хэдий ч, ажил амьдралын бүх зүйл дээр гар гараасаа хөтлөлцөн яваа ганц бие ээжүүд. Нэгнээ УЭДТ-аас олсон тэд “хуурай эгч” МУГЖ У.Уранчимэгийн хүсэлтээр Хувьсал продакшинд орсон ч, таван жилээс хэтрээгүй өөрсдийн Аримун нэртэй уран бүтээлийн нэгдлийг байгуулж, тусдаа гарсан. Хоёр жилийн тэртээ “Халуун зүрх” уран сайхны кино хийж үзэгчдийн байлдан дагуулсан тэд өдгөө гоо сайхны салбарт хүч үзэж яваа.
С.Жавхлан & Ноён Бондгор
Гарсан ч, орсон ч эхнэр, нөхөр мэт хамт байдаг нийтийн дууны ханхүү С.Жавхлан, ноён Бондгор хоёрын нөхөрлөл олон жил үргэлжилж буй. Эцэг эхээс заяасан нэрээ Ноён Бондгороор сольсон энэ мяраалаг дуучин эрийн эл алдрыг ч С.Жавхлан ах нь хайрласан гэдэг. Найз ахынхаа нөлөөгөөр уран бүтээлийн жанраа хүртэл умартаад буй Ноён Бондгор найзуудын тухай дуу дуулж, клипэнд нь нийтийн дуучдыг тоглуулсан байдаг. Эндээс үзвэл С.Жавхлангийн нөлөө хүчтэй юм гээч.
Ж.Алтанцэцэг & С.Наран
Хоёр дива “Найзууд” хэмээх дуу дуулж клипжүүлсэн нь нэлээн хүчээ авч байв. 2006 онд таван дива анх дуулж байсан санагдана, энэ дууг. Наран, Алтаа хоёр дахин дуулсан нь тэдний дотно нөхөрлөлийнх юм болов уу. Ямартай ч 90-ээд оны дунд үед Ангирмаа, Алтаа, Сараа, Наран, талийгаач С.Эрдэнэцэцэг хэмээх таван бүсгүй “Вавилон мөрний эрэг дээр” хэмээх тоглолт хийж, нэг хэсэг олны анхаарлыг татаж байв. Тэдэн дундаас дотно нөхөрлөлөөр харилцаагаа үргэлжлүүлсэн нь Ангирмаа, Сараа хоёр. Уран бүтээлийн зузаан анд энэ хоёр бүсгүйн амьдрал дээрх нөхөрлөл хэр нимгэн, зузааныг тэд өөрсдөө өгүүлэх байх.
Б.Ангирмаа & Сараа
Аялгуут ертөнцөөр амьдралаа холбосон дотно найзууд болох МУГЖ Б.Сарантуяа, Б.Ангирмаа нар. Мөн л насны зөрүүтэй хэдий ч найзын нандин үерхэлээ он удаан жил хадгалж яваа тэд уран бүтээлээр илүүтэй холбогдсон гэдэг. Монголын рок попын ертөнцөд өөр өөрсдийнхөө зам мөрийг тодоос тод үлдээсэн энэ хоёр хатагтай уран бүтээлээрээ дамжуулан бие биедээ найзын нандин хайраа үргэлж шивнэж явдаг гэж болно.
Ах дүү гурван манга c
Бид түүнийг ах дүү гурван мангас гэж нэрлэх дуртай. “Харанга”-ын Лхагваа, “Хар сарнай”-н Амараа, “Номин талст”-ын Дээгий гурав. Монголын рок попт зузаан нөхөрлөлөөрөө түүх бичиж яваа насны зөрүүтэй гурван найз тун ч амь нэгтэй. Нэгнийгээ хар гэрт байхад хүртэл сэтгэл, зүрхээ буруулаагүй амьдралын найзууд урлагийн тайзнаа нөхөрлөлөө гаргаж ирсэн. Улсын баяраар “Монголын нууц товчоо“ дууг дуулж, “Ажнай”-гаар ивээн тэтгүүлж, дүрсжүүлсэн нь хэсэгтээ хит болсон.
Түшээдийн гэргий нарын нөхөрлөл
АН-ын үнэнч партизанууд З.Энхболд, С.Баярцогтын гэргий нар Дуурийн театрын байнгын үзэгч, үнэнч фенүүдийн нэг. Үргэлж хөтлөлцөж ирдэг хоёр бүсгүй боловсрол, вкус бүх зүйлсээрээ ижилсдэг. С.Баярцогтын гэргий Нарантуяа хатагтай гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн тун ч боловсон хатагтай. Ямартаа л дөч шахаж яваа насандаа хувийн багш авч төгөлдөр хуур заалгаж байсан гэхээр тун ч сонгодог мэдрэмжтэй болох нь харагдаж байгаа юм. Эрхэм гишүүн З.Энхболдын гэргий Т.Бат-Өлзий хэмээх бүсгүй нөхрөөсөө биерхүү, эршүүд, эгэл нэгэн. ХЗДХЯ-нд газрын даргаар ажилладаг төрийн албан хаагч. Эрхэм түшээдийн эгэл даруухан хоёр хатагтайг нөхөрлүүлдэг нэг зүйл нь сонгодог урлагт хайртай таашаал гэдэг.
Загварлаг хатагтай нарын дотносол
Мөнхийн залуу тодотголтой топ модель Э.Одгэрэл хотын дарга Д.Сумъяабазарын гэргий, нэгэн цагт монголын миссын титэм хүртэж байсан Ч.Мичидмаа болон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэргий О.Байгал нар үе зайгүй найзууд. Гоо төрх, нуруу туруу, зэрэг зиндаагаараа ижилдэг тэд хаана ч явсан олны харааг булаадаг бүсгүйчүүд.
Насны зөрүүтэй нөхөрлөл
Насны зөрүүтэй нөхөрлөлын эзэд тун ч олон. Тэдний нэг нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны гэргий Ц.Энхтуяа хатагтай “Морьтхангай”-н Ц.Эрдэнийн экс гэргий Ц.Наранханд нарын үерхэл. Иргэний зориг намын гишүүн, дизайнер Ц.Энхтуяа хатагтай олон жилийн өмнө эр нөхрөөсөө өрх тусгаарлаж, тусдаа амьдарч буй. Харин “Лаки минт“ ооны рекламаар анхлан олонд танигдаж, урлагт нэлээн юм дуулгах болов уу хэмээн үнэлэгдэж байсан өвөрмөц эрлийз төрхтэй Ц.Наранханд нэг л өдөр “Морьтхангай”-д бэрлэж усанд хаясан чулуу мэт таг чиг болсон. Гэвч хэдэн жилийн өмнөөс гарч эхэлсэн нь шинэ амьдрал эхэлсэнтэй холбоотой гэнэ лээ. Нэг нь дөрвөн хүүхдийн ээж, нөгөөх нь гурван хүүгийн эх болсон тэд нэгэн цагт бизнесмэн жентельмэн эрчүүдийн цайг чанаж явсанаараа ижилсдэг байж ч болох юм. Тун ч сайн найзууд гэсэн шүү.