Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2030 он гэхэд монголчууд 1 тэрбум мод тарина гэх амлалтыг олон улсын хурлын танхимд үг хэлэхдээ өгсөн.
Уг амлалт хэрэгжиж эхлээд хэдэн өдрийн нүүр үзэж байна. Гэтэл тус тэрбум модныхоо эхлэлийг Эрдэнэтийн Хялганатаас их хэмжээгээр зөөвөрлөн авчирч буй талаар нэгэн иргэн цахим хуудаснаа бичжээ.
Модны ач холбогдол биологийн үйлчлэл зайлшгүй хэрэгцээтэй, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ч шаардлага бий. Тухайлбал, Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 5 метр квадратад хүргэхээр ажиллаж байгаа юм. Харин дэлхийн томоохон хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дунджаар 15-18 метр квадрат байдаг.
Түүнчлэн манай дэлхий дээр ойролцоогоор 1.2 их наяд орчим мод тарихуйц зай, талбай байгаа бөгөөд бид ийм хэмжээний мод тарьж чадвал ойрын 10 жилийн хугацаанд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах боломжтой хэмээн Швейцарын Их сургуулийн экологич Томас Кроувтерийн судалгаанд онцолжээ. Үүнээс улбаалан НҮБ-ын гаргасан “Их наяд мод тарих” кампанит ажлын хүрээнд дэлхий даяар ойролцоогоор 15 тэрбум орчим мод тариад байгаа аж.
Ерөнхийлөгчийн 2010 онд гаргасан 63 дугаар зарлигийн дагуу жилд хоёр удаа буюу хавар, намрын улиралд бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулдаг болж, иргэд, ААН-үүд идэвхтэй мод тарьдаг болоод буй.
Гэсэн ч мод тарьсны дараах арчилгаа хийдэггүй, хий дэмий хөрөнгө мөнгө үрж байна гэх шүүмжлэлүүд хөвөрсөөр байгаа юм. Энэ шүүмжлэл бодитой гэдгийг мэргэжлийнхэн ч хэлдэг. Мод тарих гэдэг нь нэг амралтын өдөр цуглаад нүхэнд суулгац тариад, түүнийгээ хувинтай усаар услаад үлдээхийг хэлдэггүй байна. Тухайн модны суулгац хөрсөндөө дасан зохицож, ургах хүртэл арчилгаа үргэлжлэх ёстой аж. Тодруулбал, та хамгийн багадаа нэг жил модоо арчлах ёстой аж.
Тиймээс хаана ямар модыг сонгож тарих ёстой, хэрхэн арчлах талаар ХААИС-ийн Таримал судлал, Ой, Ландшафт архитектурын тэнхимийн дэд профессор Ж.Бат-Эрдэнийн зөвлөгөөг багцлан хүргэж байна.
Улаанбаатарт ямар мод тарих нь тохиромжтой вэ?
Улаанбаатарын хотын хөрсний онцлог, агаар, орчны бохирдлыг харгалзан үзвэл шилмүүст мод/ Гацуур, шинэс, нарс гэх/ тарих нь тохиромжтой. Түүнчлэн агаарын бохирдол ихтэй Улаанбаатарын нөхцөлд гацуур, шинэс нь нарсыг бодвол арай амьдрах чадвар сайтай.
Нарс агаарын бохирдолд өртөмтгий, нахиан дээр нь тортог унахаар үхчихдэг. Модны төрлөө сонгосны дараа хэдэн настай модыг шилжүүлэн суулгах вэ гэдэг нь маш чухал. Ер нь бол мод үржүүлгийн газар үрээр тариалаад, 2-3 удаа өөр талбай руу шилжүүлэн бойжуулсан суулгацыг таривал ургах магадлал өдөртэй байдаг.
Анх үрээр тариалснаас хойш 2-3 жилийн дараа бойжуулах талбай руу гаргадаг бөгөөд бойжуулах талбай тус бүрт 2 жил ургуулаад үндсэндээ 8-10 настай, дасан зохицох чадвартай суулгац бэлэн болдог.10 настай мод дунджаар 0.8-1.2 метр өндөртэй байдаг болохоор “том мод гоё” гэх ойлголттой хүмүүс шууд уулнаас мод аваад ирдэг.
Байгаль дээр нэг газраа ургаад өндөр болчихсон модыг суурин газрын ногоон байгууламжид тарих технологи байдаг. Гэхдээ манайд яг тэр технологийг мөрдөж чаддаггүй учраас 2-3 жил болоод буюу ойгоос модтой хамт авчирсан хөрсний үржил шим дуусахаар үхчихдэг.
Гэмтсэн суулгацыг зөв суулгасан ч ургахгүй
Суулгацын аль нэг эрхтэн гэмтчихсэн тохиолдолд хэчнээн зөв суулгасан ч ургахгүй. Тиймээс үндэс, мөчир, иш нь гэмтсэн эсэхийг сайтар шалгах ёстой. Ингээд ямар мод суулгаж байгаагаасаа хамаараад тохирсон зөв суулгах аргын талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Жишээлбэл, нарсыг элсэрхэг хөнгөн хөрсөнд, шинэсийг хар шороон хөрсөнд суулгана. Үндсийг нүхэн доторх хөрсний гадаргуугаас доош 10 см-т суулгах ёстой бөгөөд түүнээс доор эсвэл дээр суулгавал ургах магадлал буурна. Ингээд суулгасны дараа нүх буюу тогоог дүүртэл /40-60 литр/ усална. Шинэ суулгасан модны нахиаг өвлийн улиралд тоос, тортгоос хамгаалах хэрэгтэй
Аравдугаар сарын дундуур тарьсан модонд ус хөлдөх үеэр цэнэг усалгаа хийнэ. Ингэхдээ тогоог усаар дүүргээд хөлдөөж өвөлжүүлдэг. Хөлдсөн ус өвөлжөөд хаврын хуурай уур амьсгалтай үед чийгээ бариад цэнэглээд явна гэсэн үг. Тогоон дахь ус хайлж дуусмагц хаврын усалгаа эхэлнэ. Зарим модны үндэс амархан ялзардаг онцлогтой учраас мод тус бүрийн усалгаа ямар давтамжтай байх нь мөн ялгаатай. Услахаас гадна тогоон дахь хог шороо, хогийн ургамлыг тогтмол цэвэрлэж байхгүй бол үндэсний хүзүү/модны амьсгалдаг хэсэг/-г бөглөөд, үржил шимийг нь булаацалдаад байдаг. Мөн шинэ суулгасан модны нахиаг өвлийн улиралд тоос, тортгоос хамгаалах хэрэгтэй.
Хэдийгээр мод тарих санаачилга өөрөө зөв сэдэлтэй ч одоо бид тарьсан модоо урт настай болгоход давхар анхаарах зайлшгүй шаардлага бий болж байна.