БНХАУ-ын Эрээн хотод халдварын нэг тохиолдол илэрсний улмаас хилээ хаагаад хэд хонож байна. Энэ дэглэмийг дагаад өргөн хэрэглээний импортын бүтээгдэхүүнийхээ 80 хувийг Хятадаас оруулж ирдэг Монгол Улс барааны хомсдолд орж, хүнсний захууд хаалгаа барихад хүрээд байна.
“Баянзүрх” захын хүнсний тасгаар ороход “Нарийн ногоогүй болохоор хүмүүс орж ирэх нь багасаад байх юм”, “Хил хэзээнээс онгойно гэсэн бэ?” гэсэн наймаачдын сураг ажиг тавьсан үгс хаа сайгүй сонсогдоно. Лангуун дотроо багтахгүй их бараа өрж, үлдсэнийг нь гаднаа гаргаад тавьчихсан байдаг жимс, нарийн ногооны тасгууд хоосон сагстай, тоотой хэдхэн бараатай үлджээ.
Энд дүүрэн бараатай ганц, нэгхэн тасаг харагдана. Хамгийн их хүнтэй байгаа лангуу руу очиж, худалдагчаас барааны ханш асуухад “Нүд орой дээр гарам” үнэ хэллээ.
Чинжүү – 18.000 төгрөг (1 кг-ын үнэ)
Өргөст хэмх – 20.000 төгрөг
Бууцай – 22.000 төгрөг
Үрлэн улаан лооль – 22.000 төгрөг
Улаан лооль – 15.000 төгрөг
Цэцэгт байцай – 25.000 төгрөгийн үнэтэй байна.
Хил хаасны улмаас бараагаа татаж чадахгүйд хүрч, улмаар хаалгаа барихад ойрхон байгааг наймаачид хэлж байна.
Тэдний яриагаар “Хамгийн сүүлд хил хаахаас хоёр хоногийн өмнө бараагаа татсан. Одоо ингээд дуусаж байна. Ямар ч нөөц байхгүй. Лангуугаа хаахгүйн тулд аргагүйн эрхэнд “шаг”-ийн худалдаачдаас нэг хайрцаг ногоог 250 мянгаар авч, зарж байна. Энэ байгаа ногоогоо зараад хаах гэж байна” гэж байв.
Барааны үнэ өдрөөс өдөрт өссөөр байгаа ч хэдхэн хоногийн дотор суга өссөнийг хүнсээ цуглуулах гэж ирсэн хүн бүр гайхаж, ам амандаа “бувтнана”.