Хичээлийн шинэ жилийн эхний улирал талдаа ороод байхад сурах бичгийн хүрэлцээ хангалтгүй байна гэх шүүмжлэл эцэг эхчүүдийн зүгээс гаргах болсон.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Энэ жил ашиглах сурах бичгийн судалгаа, тоог өнгөрсөн хавар авсан. 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй сурах бичгээр хангах бол дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд нь тодорхой судалгааны үр дүнд үнэ төлбөргүй олгож байгаа.
Үлдсэн хүүхдүүд нь түрээсийн сурах бичиг ашиглана. Өнгөрсөн хавар 4-5 дугаар сараас эхлэн бүх боловсролын байгууллага хүүхдүүдийн тоогоо нэгтгэн яаманд хүргүүлсэн. Үүний дагуу сурах бичиг нийлүүлэгдсэн ч хавар өгсөн захиалгын тоо намар өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сурах бичиг дутсан асуудал яригдсан. Тийм тохиолдолд сургуулийн зүгээс захиалгаа нэмж өгөөд дор бүр нь асуудлаа шийдээд явж байгаа” гэлээ.
Алдаатай сурах бичгийн наад захын жишээг харуулья. 2020 онд хэвлэгдсэн VIII ангийн Уран зохиолын ном гэхэд л 20 дугаар хуудаснаас химийн хичээлийн III-IV бүлгийн 97-128 дугаар хуудас үргэлжилнэ.
15 хуудас химийн хичээл үргэлжилсээр 53 дугаар хуудаснаас эргээд уран зохиолын хичээл үргэлжилж байх жишээтэй.

Энэ мэт хэвлэлийн компанийн хяналт муугаас алдаатай сурах бичиг хэвлэгдэх нь их болсон талаар номын санч хэлж байлаа.
Сурах бичгийн агуулгад өөрчлөлт орсон эсэх талаар Боловсрол шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “2019-2021 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөртөө сайжруулалт хийсэн. Энэ сайжруулалтыг хийх явцад зарим хичээлийн агуулгад анги хооронд шилжиж, зарим нь нэгтгэгдсэн байгаа” гэх тайлбарыг өгч байна.

Түүнчлэн тэрээр 2019-2021 оны хичээлийн жилд Засгийн газрын тогтоолоор бүх сурах бичгийг тухайн сургуулийн номы н сангаар дамжуулж сурагчдад түрээслэх үйлчилгээ нэвтрүүлсэн. Өнгөрсөн хичээлийн жилд 78 нэр, төрлийн 780 мянга орчим буюу нийт сурах бичгийг хэвлэж, орон нутаг болон нийслэлд хүргүүлсэн. 2021-2022 оны хичээлийн жилд ЕБС-д 680 мянга орчим хүүхэд суралцана гэсэн судалгаа гарсан.
Энэ нь өмнөх жилээс 45 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хэрэв тухайн сургуульд сурах бичиг дутаж байгаа бол тоогоо буруу өгсөн гэсэн үг. Ийм сургуулиудад сурах бичиг илүү гарсан сургуулиас хангалт хийх боломжтой” хэмээн ярьсан байдаг.