Хэрэг гарсан газар
Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Элит” хотхоны 12 дугаар байрны нэгэн орон сууцыг түрээслэн мөрийтэй тоглож байсан хүмүүсийг 2016 оны аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө зэвсэглэсэн этгээдүүд дээрэмдсэн хэрэг гарч олныг цочирдуулж байв. Буу, хутгаар зэвсэглэсэн дээрэмчид дайрч орон “газар хэвт”, “бүгдийг чинь ална”, “мөнгөө гаргаж өг” хэмээн заналхийлж, тоглоомчдын мөрийнд тавьж байсан 1.2 кг алт, 45 сая төгрөг, 2000 ам.долларыг нь дээрэмдэж, нийт 57.4 сая төгрөгийн хохирол учруулаад, тэнд байсан 10 хүнийг зодсон юм. Үүний улмаас мөрийтэй тоглож байсан хүмүүсийн хоёр нь хүнд, найм нь хөнгөн гэмтэл авсан байдаг.
Зэвсэгт дээрэм хийсэн хүмүүсийг Эрүүгийн хуулийн 147.3-т заасан “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдынбие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш 20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцож буй. Мөн хуулийн 186.2-т заасан “зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан” гэх үндэслэлээр буруутгаж буй гэнэ. Хохирогчдыг дээрх хуулийн 243 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглосон” гэх үндэслэлээр шалгасан.
Олныг цочирдуулсан энэ хэрэгт “шош” гэж нэрлэгддэг Н.Ариунгэрэл, Б.Насандэлгэр, Л.Алтанхуяг, Н.Билэгбаатар, М.Амартүвшин, С.Галбадрах, Д.Алтангадас нар буруутай байж болзошгүй хэмээн ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгасан. Үүнээс гадна дээрх хэрэгт холбогдсон хүмүүсийн нэг Н.Билэгбаатар нь ял эдэлж байгаад суллагдсан О.Тамирыг Хан-Уул дүүргийн II хорооны нутагт байрлах “Хөх Монгол” XXК-ийн хашаан дотор 2017 оны есдүгээр сарын 08-нд хутгалж хүнд гэмтэл учруулсан юм.
Хэрэгт холбогдогчдыг байлдааны зориулалттай галт хэрэгсэл буюу 7.62×39 мм калибрын 11 ширхэг сум хууль бусаар олж авч, 2015 оноос хойш 2016 оны аравдугаар сарын 9 хүртэл хадгалсан, зэвсэгт дээрмийн хэрэг үйлдэх үедээ “Тоёота Кроун” маркийн автомашинаар тээвэрлэсэн хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Уг хэргийг өнгөрсөн пүрэв гаригт тус шүүхэд хэлэлцээд дээрх хүмүүсийг шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэглэн дээрэмдсэн гэм буруутайд тооцож, Н.Ариунгэрэлд найм, Л.Алтанхуяг, С.Галбадрах нарт зургаа, М.Амартүвшинд долоо, Н.Билэгбаатарт 11 жил хорих ял оноож, Д.Алтангадасыг нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ.