Орон даяар өрнөж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг зохион байгуулж байна. Энэ төрлийн хүчирхийлэлд хэн ч өртөж болох ч судалгаагаар хүчирхийлэлд өртөгчдийн 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Тэгвэл энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах үүднээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Б.Сувдтай ярилцлаа.
– Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхлээд явж байна. Энэ аяны талаар. Монгол улсад хэдэн оноос эхлэн энэ аяныг тэмдэглэж байв. Танай байгууллагын зүгээс энэ аянд хэрхэн оролцож байна.
Анх 1991 онд Эмэгтэйчүүдийн Глобал Манлайлал Хүрээлэнгээс “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг жил бүр зохион байгуулах санаачлагыг гаргасан. Энэ мөчөөс эхлээд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг устгах олон улсын өдөр болох 11 сарын 25-наас эхлэн Олон улсын хүний эрхийн өдөр болох 12 сарын 10-ны өдөр хүртэлх 16 хоногийн турш жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх өдөр болсон.
Монгол улсын хувьд анх 1997 оноос эхлэн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг манай Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв санаачлан НҮБ-ын Хүн Амын Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр өнөөг хүртэл жил бүр тасралтгүй зохион байгуулж ирлээ.
Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг
- Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх талаар төр засгийн vvрэг, амлалтын хэрэгжилтийг шаардах, нөлөөлөх,
- Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон нийтийн ойлголт, оролцоог нэмэгдvvлэх,
- Мөн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хөвгvvд, эрчvvдийн оролцоог нэмэгдvvлэх,
- Хэвлэл мэдээллийн ажилтнуудад жендэрийн мэдрэмжтэй сэтгvvл зvйн нөлөөлөл хийхэд чиглэн зохион байгуулдаг.
Жил бүр Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг дэлхийн өнцөг булан бүрт нэг өдөр, нэг цаг хугацаанд, нэг уриан дор нэгдэж, тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Эерэг болГоё. Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан доор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлж байна.
– Жендерийн асуудлыг ярихад эмэгтэйчүүдийн асуудлыг л ярьж байна гэх хандлага нийгэмд байдаг. Тэгвэл энэ яг эмэгтэйчүүдийн л асуудал мөн үү.
Жендэрт суурилсан хүчирхийлэлд хэн ч өртөж болох ч аль ч улс орнуудад 80-90 хувь нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж, гэр бүл, хамт олон, нийгэмд далд, нуугдмал байдлаар оршин байна. Тийм учраас эмэгтэйчүүдийг илүү их ярьж, тэдэнд илүү их анхаарч байгаагаас энэ зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж хардаг байх. Хүйс ба жендэр нь ялгаатай ойлголт гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. “Жендэр” нь эрэгтэй, эмэгтэй хүнийх нь хувьд юу хийх, хэрхэн биеэ авч явах, ямар байр суурь эзлэвэл зохихыг оноон, тулгаж байгаа нийгмээс бий болгосон хүлээлт, үнэлэмж, байр суурь, үүрэг хариуцлага юм.
Тэгэхээр жендэр нь аль нэг хүйсийн асуудал биш гэсэн үг.
– Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагааны тухай.
Манай байгууллагын хувьд гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэхэд зөвөлгөө, туслалцаа үзүүлэхээс гадна охид, эмэгтэйчүүдийг хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлдэг цөөн төрийн бус байгууллагын нэг билээ. Бид 23 жилийн турш тасралтгүй хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаар ажиллаж ирсэн. Манай байгууллага нь эрхзүйн шинэчлэл, хүүхэд хамгаалал, түр хамгаалах байрны сүлжээ хөтөлбөрөөр дамжуулан хууль эрхзүйн болон сэтгэлзүйн зөвлөгөө, түр хамгаалан байрлуулах, нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлдэг 20 гаруй ажилтантай. Жилдээ 2000 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эднээс өндөр эрсдэлтэй гэх 800 орчим хүнийг хамгаалах байрандаа байрлуулдаг. Хамгаалах байранд 20 ортой таван ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
– Хүчирхийллийг бууруулахын тулд иргэд юу хийж чадах вэ?
Өнөөдөр эмэгтэй хүн хүчирхийлэлд өртөж байгааг мэдсэн хэрнээ “олгой хагаравч тогоон дотроо”, “эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэдэг үзлээр хандаж хүчирхийлэлд өртөж байгаа хүнд туслахгүй байгаагаас энэ хэрэг улам нэмэгдэж байна.
Та мэдэгдээгүйгээс, та туслаагүйгээс, та хандаагүйгээс болоод тэр хүн өнөөдөр алтан амиа ч алдаж магадгүй нөхцөл байдалд хүрч болно гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй.
Мөн хүчирхийллийн орчин нөхцөлд байгаа хүн тэрхүү хүчирхийллийн тойргоос өөрөө гарч чадахгүй заавал хөндлөнгийн хэн нэгэн хүний туслалцаатайгаар л гардаг. Иймээс л хэн ч тухайн гэр бүлд туслахгүй бол нэг нь алтан амиа алдах эс бөгөөс эрүүл мэндийн хувьд хохирч, нөгөө нь хуулийн хүрээнд хариуцлага тогтоолгож дунд нь хүүхэд хохирно. Иймд иргэд минь аливаа хүчирхийллийг буруу үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрч харсан, мэдсэн бол цагдаагийн 102 утсанд дуудлага өгч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Өнөөдөр нийгмийн дунд хүчирхийлэл дунд өссөн хүүхэд хүчирхийлэгч болдог гэсэн хандлага их байдаг. Тэгэхдээ энэ бол удамшдаг зүйл биш учраас хүчирхийлэлгүй өөр сайхан ертөнц байдаг гэдгийг л тэр хүүхдэд таниулах нь хамгийн чухал. Манай төв дээр ирсэн хүүхдүүдийн хувьд сэтгэл засал, ганцаарчилсан зөвөлгөө аваад маш хурдан сэргэдэг. Хүүхэд хүчирхийлэлтэй орчинд өссөн л бол түүнийг хамгаалах ёстой. Харин ялгаварлан гадуурхаад байвал нөгөө хүүхэд буруу замруу уруу татагдах, магадгүй ирээдүйд хүчирхийлэгч болохыг үгүйсгэхгүй.
– Аяны хүрээнд танай төвөөс ямар ямар ажлыг зохион байгуулав.
Аян эхэлснээс хойш төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа нэмэгдэж байна. Олон нийтэд чиглэсэн мэдээллийг мэдээллийн хэрэгслүүдээр цацах, бичлэг, мэдээ, постеруудаар иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна. Хамгийн эхлээд 102, дараа нь 107-руу залга, 108 гэж утас ажиллаж байгаа гэх мэт энгийн зүйлсийг иргэдэд мэдүүлэх нь бидний хамгийн том ажил болж байна. Мөн харилцаа, хандлага, үйлдлээ эерэг болгох, хэрхэн бий болгох талаар мэдээлэл бэлтгэн хүргүүлж байна.
Мөн энэ сарын 7-ны өдөр “Сүүдэр ший” хэмээх жүжгийг Хүүхдийн улан бүтээх төвд зохион байгуулна. Жүжгийн гол санаа нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд манайхаас туслалцаа аваад даван туулж байгаа сэдвийг хөндөж эерэгээр төгсгөж гаргадаг. Энэ жилийн хувьд Зонта ОУ-ын байгууллагын Улаанбаатар дахь эмэгтэйчүүдийн санаачлагаар Сонсголын хөгжлийн бэрхшээлтэй 29 дүгээр сургуулийн 90 хүүхдэд энэ жүжгийг үзүүлэхээр болсон.
– Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
– Баярлалаа. Нийгмийг хүн бүрт, ялангуяа охид, эмэгтэйчүүдэд жинхэнэ утгаар ээлтэй, аюулгүй болгоход хүн бүрийн оролцоо чухал.Тиймээс та хойш суулгүйгээр хэнд тусламж хэрэгтэй байна, тэр хүнд үргэлж тусалж, дэмжиж, дэмнэж яваарай гэж хэлмээр байна.