Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар хэрэгжүүлэн Төв, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Булган аймгуудтай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан байдаг. Энэ ажлын хүрээнд Төв аймгийн Жаргалант сум, Дархан, Сэлэнгэ аймгуудад нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан юм.
2000 ажлын байртай “Говь”, “Гоёо” компанийн хамтарсан ноолуур боловсруулах үйлдвэрийг Сэргэлэн суманд байгуулж байна
Ажлын хэсэг хамгийн эхлээд Төв аймгийн Жаргалант суманд ажилласан юм. Төв аймаг 250 мянган га эргэлтийн талбайтай. Улаанбаатар хотын иргэдийн хүнсний хэрэгцээг хангахад энэ жил 110 орчим мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс 80 мянган га талбайд үр тариа тариалсан бол төмс 8 мянган га, хүнсний ногоо 1 мянган га, тэжээл болон тосны ургамал 10 мянган га-д тариалжээ. Энэ жил бороо элбэг зуншлага сайтай байсан учир ургац арвин авах төлөвтэй байна гэж нутгийн удирдлагууд онцолж байлаа.
Харин төслийн хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа талаараа Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ “Нийслэл хотын төвлөрлийг сааруулахад манай аймаг, орон нутгийн оролцоо их байна. Бид Улаанбаатар хоттой хамтран орон сууцны хангамжийг шийдэх талаар хамтран ажиллах хэрэгтэй. Хүн амын төвлөрлийг сааруулахад орон сууцны хангамж хүрэлцээ, түүнийг дагасан үйлдвэр үйлчилгээний талаар зайлшгүй хөндөгдөнө. Энэ хүрээнд бид 1000 айлын орон сууцны хоёр дахь ээлжийг барьж ашиглалтад оруулахаар холбогдох яам, агентлагтай ярилцаж байна. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн бий болох Майдар сити дагуул хотыг бий болно. Үйлдвэрлэл эрхлэгчдийг татах замаар аймгийнхаа нутаг дэвсгэрт үйлдвэр байгуулах эхлэлийг тавьж байна. Энэ ажлын хүрээнд “Говь”, “Гоёо” компанийн хамтарсан ноолуур боловсруулах үйлдвэрийг Сэргэлэн суманд байгуулж байна. Уг үйлдвэрт 2000 ажлын байр шинээр бий болно. Мөн Баянжаргалан суманд 6600 мегаваттын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц баригдахаар ТЭЗҮ хийсэн. Энэ станц Багануурын цахилгаан станцтай дүйцэх хүчин чадалтай байхаас гадна нийтдээ 7000 иргэн суурьшихаар төлөвлөгдсөн байна. Аймгийн Эрдэнэ суманд нэг махны үйлдвэр байсан бол Лүн, Баян, Аргалант суманд дахин гурван махны үйлдвэр баригдаж байгаа. Үйлдвэр олноор байгуулагдсанаар төвлөрлийг сааруулахад чухал үр нөлөө үзүүлнэ” гэж ярилаа.
Төв аймгийн Сэргэлэн суманд шинэ нисэх онгоцны буудал энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орно. Шинэ нисэх буудлыг түшиглэн олон бүтээн байгуулалт хийгдэж, түүнийг дагасан ажлын байр, үйлдвэрлэл үйлчилгээ, суурьшлын бүс бий болох боломжтой юм. Сэргэлэн сумаар ачааны төмөр зам дамжин өнгөрөхөөр ТЭЗҮ боловсруулагдаж байгаа учир төмөр зам, авто замын тээврийг хөгжүүлэх боломжтой аж. Мөн шашин соёлын түүхэн дурсгалт газар Манзуширын хийдийг тохижуулах, шашин соёлын төв болгохоор төсөл боловсруулагдаж, ирэх онд тус хийдийг бүрэн шинэчилж, дэд бүтцийг шийдэх юм.
Мөн тус аймгийн мах, хүнсний ногоо бүтээгдэхүүнийг ченжийн гар дамжилгүй иргэдэд хүргэх тал дээр нийслэл хоттой хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж. Дүүрэг бүрт шууд борлуулалтын цэг байгуулан түүгээр дамжуулан иргэдэд хөдөө аж ахуйн гаралтай төмс, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн болон махыг борлуулдаг байх хүсэлтээ удирдлагууд хотын захирагчид уламжилсан юм.
Сэлэнгэ аймаг төмс, хүнсний ногоогоор нийслэлчүүдийг бүрэн хангах боломжтой
Харин Сэлэнгэ аймаг нь газар тариалан хөгжсөн гол бүс нутаг юм. Газар тариалангийн талбайн гол үржил шимт хөрст хэсэг тус аймагт Орхон, Сэлэнгийн сав газарт төвлөрдөг. Тус аймаг улсын үр тарианы 60 гаруй хувийг, төмс хүнсний ногооны 40 хувийг дангаараа хангадаг. “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд Сэлэнгэ аймаг нийслэл хоттой хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ гэдэг дээр тодорхой бодлого баримталж, санал санаачлага гарган ажиллаж байгаа аж.
Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймаг улсын үр тариа болон, төмс хүнсний ногооны хэрэгцээг дангаараа хангадаг. Бидний тариалсан төмс хүнсний ногооны худалдан авагчид нийслэл хотынхон юм. “Хөгжлийн алтан гурвалжин” бодлого энэ боломжид тулгуурлан эхний алхмууд ажил хэрэг болж байгаад баяртай байна. Бид аравдугаар сард “Сэлэнгийн ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг нийслэл хотод зохион байгуулна. Энэ үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой аймгийн худалдаачдад зай талбай, зогсоолын асуудал үргэлж тулгардаг. Үүнийг нийслэл хотын удирдлагуудын зүгээс шийдвэрлэж, Сэлэнгэ аймгийн ногоочдод худалдаа эрхлэх нөхцөл боломжоор хангах болсонд баяртай байна. Энэ нь ченжийн гар дамжилгүй эрүүл хөрсөнд ургасан Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногоог нийслэлийн иргэд хямд үнээр худалдан авах таатай боломж юм. Өөрийн эхлүүлсэн ажлын араас санаа тавьж, орон нутагт ажиллаж байгаа нийслэлийн Засаг даргад талархаж байна. Анх удаа нийслэл аймаг орон нутагтай хамтарч байгаа үр дүнтэй, далайцтай ажил болж байна” гэж ярьсан.
Мөн “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд Дархан-Уул аймгийн удирдлагууд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаараа Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат хэлэхдээ “Хүн ам олноор суурьшсан Улаанбаатар хотын хөгжилд ямар хувь нэмэр оруулах, цаашид ямар арга хэмжээ авах талаар өмнө нь “Хөгжлийн алтан гурвалжин” уулзалтыг зохион байгуулсан. Уг ажлын хүрээнд Дархан хотын зүгээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг өөрийн хотод байгуулах боломжтой гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэвэрлэх байгууламжаа сольж байгаа. Дарханы дулааны станц 35 мега ватт-ын хүчин чадалтай турбин суурьлуулж байгаа. Үүнийг дагасан цахилгаан эрчим хүчний нэмэлт үйлдвэрүүд ажлуулах тал дээр хамтарч ажиллах боломжтой талаараа санал солилцсон. Энэ хүрээнд аймгийнхаа иргэдийн хурлаар хэлэлцэж, газрын асуудлыг шийдэх гэж байна. Аймгийн Дархан, Орхон сум нь хүнсний ногооны томоохон үйлдвэрлэгч гэдэг утгаараа Улаанбаатар хотыг эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах боломжтой. Энэ хүрээнд ДЭМБ, Дэлхийн банктай хамтарч төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхний ээлжинд төмс хүнсний ногооний үйлдвэрүүдийг барих гэж байна. Цаашид хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчихвэл хэсэгчилсэн байдлаар ХААИС-ийн Агроэкологи бизнесийн сургуулийг нүүлгэх боломжтой. Дарханчууд бид Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.
Тайлбар
Хамгийн сүүлд нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын “Хөгжлийн алтан гурвалжин” санаачлагын хүрээнд таван аймаг, нийслэл хотын удирдлагууд өнгөрсөн хавар зөвлөлдөх уулзалт хийж санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд аймгууд хамтран ажиллах үйл ажиллагаагаа төлөвлөн баталсан. Газар зүйн байрлалын хувьд гурван мөрний сав газарт орших эдийн засгийн хувьд үйлдвэрлэл төвлөрсөн, дэд бүтэц хөгжсөн таван аймаг Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад ямар үүрэг гүйцэтгэх вэ, хөгжлийн түүчээ болж хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг нь санамж бичигт тодорхой тусгагдсан. Тухайлбал, таван аймаг, нийслэл хот нийлээд Монгол Улсын ДНБ-ний 77.7 хувийг үйлдвэрлэж байна. Энэ бүс нутагт Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задлах үүднээс хүн ам зүй үйлдвэрлэл, боловсрол нийгмийн байгууламжийн хувьд хэрхэн хамтран ажиллах вэ гэдгийг бид дахин ярилцлаа.
Төв аймгийн хувьд эрчимжсэн мал аж ахуй, хөдөө аж ахуйн чиглэлээр нийслэлтэй хамтран ажиллах, жижиг махны үйлдвэрүүдийг байгуулж нийслэлчүүдийг эрүүл махаар хангах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Бусад аймгууд ч мөн адил Улаанбаатар хотын хэрэглэгчдэд эцсийн бүтээгдэхүүнийг хямд үнээр хүргэхээр нэгдсэн худалдааны төв, зах байгуулах асуудлыг ярилцсан. Захыг төр, хувийн хэвшил аймгууд хамтраад байгуулна. Жишээлбэл нийслэл зураг төслийг хийж, газрын асуудлыг шийдэх замаар аймгууд хөрөнгөөр нийлж захаа байгуулах замаар шийдэж болно. Тухайн захад аймаг орон нутагт бүртгэлтэй аж ахуй нэгж иргэд өөрсдийн бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх боломжтой. Энэ ажлыг 2019 оны төсөвт суулгаад хэрэгжүүлэхээр ярилаа.
Сэлэнгэ аймгийн хувьд брэнд бүтээгдэхүүнийг нийслэл хотод худалдах зах худалдааны төвүүдийг байгуулахаар хамтран ажиллах санал тавьж байна. Мөн сайн чанарын мод, модон бүтээгдэхүүнээр хангах талаар Сэлэнгэ аймгийнхан ажиллах ёстой. Бид Шаамар сумын иргэдтэй уулзлаа. Тэд хэлэхдээ хүнсний ногоо худалдан борлуулахаар очиход олон төрлийн бичиг баримт шаарддаг байдлыг зохицуулж өгөөч, тариалсан ногоогоо хямд үнээр хүргэх бололцоог гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ирэх онд том худалдааны төв байгуулах ажлаа эхэлнэ. Ингэснээр хэрэглэгчдэд өндөр үнээр хүрдэг мах, сүү, хүнсний ногоо хямд үнээр хүрэх юм.
Бидний хэтийн том зорилт бол Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудыг хурдны төмөр замаар холбож түүнийг дагасан Сэлэнгэ, Булган аймгууд холбогдвол төвийн бүсийн зургаан аймаг бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлж Монгол Улсын хөгжлийн түүчээ болж Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задлах бололцоотой. Энэ бүс нутаг хүн амьдрах, байгаль цаг уурын болон дэд бүтцийн хамгийн таатай орчинтой. Тухайлбал, Дархан хот дулааны илүүдэлтэй. Дулааны станц, цэвэрлэх байгууламжаа шинэчэлсэн байна. Энэ хотод арьс ширний боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн авчрах бүрэн бололцоотой. Энэ асуудлыг яриад орхих биш үр дүнтэй ажил хэрэг болгохоор ярьж байна. Ирэх арваннэгдүгээр сард аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, иргэд цуглан 2019 онд ямар ажил хийж хэрэгжүүлэхээ дахин ярилцана” хэмээлээ.