Баасан гарагийн үүрээр гатлага онгоц шатсны улмаас сураггүй болсон 12 хүний дотор байсан зорчигч эсэн мэнд олдсон гэж Грекийн эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч ням гарагт мэдээллээ. Зорчигчийг Euroferry Olympia онгоцноос олсон байна. Уг галд автсан хөлөг онгоц Грекийн Игуменица хотоос Италийн Бриндизиг чиглэн явж байсан юм.
Харин хөлөг онгоцыг галд автсанаас хойш 12 зорчигч ор сураггүй болоод байсан юм. Тэгвэл 1 зорчигч ням гаригт ийнхүү олджээ. Түүний талаар нэмэлт мэдээлэл одоогоор байхгүй. Бас үлдсэн 11 зорчигч сураггүй хэвээр байна.
Тухайн хөлөг онгоц дээр 241 зорчигч, 51 багийн гишүүн байсан гэсэн албан ёсны мэдээ байна. Харин хөлөг онгоцыг галд автах үеэр Грекийн эргийн хамгаалалтын албаныхан 278 хүнийг аварсан юм.
Хөлөг онгоц дээрх галын шалтгааныг шалгаж байгаа бөгөөд нэмэлт нотлох баримт олдоно гэж тус улсын тээврийн яамны сайд Жаннис Плакиотакис мэдээлэв.