Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаярын гаргасан шийдвэртэй холбоотойгоор удирдлагад нь ажиллаж байсан албан тушаалтан зарга мэдүүлж, шүүхэд ханджээ.
elБатлан хамгаалахын сайд 2021 оны гуравдугаар сарын 23-нд Б/07 дугаартай тушаал гаргаж, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий захирлаар ажиллаж байсан, бригадын генерал Х.Батбилэгийг ажлаас нь чөлөөлжээ. Өмнө нь БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан түүнийг чөлөөлөөд оронд нь Д.Ганхуягийг томилуулан цэргийн дээд цол хүртээх зарлиг Ерөнхийлөгчөөр гаргуулсан юм. Х.Батбилэгийг “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл”-ийн даргаар томилоод удалгүй “Албан ажлын шаардлагыг харгалзан” гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөөд оронд нь ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн захирал асан, бригадын генерал Н.Энхбаялагийг ажиллуулж буй. Н.Энхбаялагийн оронд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга асан Ц.Жавхланбаатарыг томилсон билээ.
Бригадын генерал Х.Батбилэг сайдынхаа гаргасан тушаалыг үл зөвшөөрч, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 16 сая гаруй төгрөгийн нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан байна. Тус шүүх гомдлыг хэлэлцээд бригадын генерал Х.Батбилэгийг ажилд нь буцаан томилж, дээрх мөнгийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь бичих шийдвэр гаргасан байна. Давж заалдах шатны шүүх хариуцагч Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын гомдлын дагуу хэлэлцээд Батлан хамгаалахын сайдын 2021 оны гуравдугаар сарын 23-ны Б/07 дугаар тушаалыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй. Төрийн албаны болон Цэргийн албаны тухай хуулийн холбогдох заалттай нийцээгүй” гэж дүгнэн давж заалдах гомдлыг хангаагүй аж. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөөгүй хариуцагч, Батлан хамгаалахын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг өчигдөр хэлэлцэхээр товлосон боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тус шүүхийн Захиргааны хэргийн танхимынхан бүх хурлаа хойшлуулсан юм.
Хэрэв хяналтын шатны шүүх Батлан хамгаалахын сайдын тушаал хууль зөрчсөн гэдгийг тогтоовол Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх хэсэгт заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэх заалтыг үндэслэн Г.Сайханбаяраас хохирлыг гаргуулах нөхцөл бүрдэх юм.