“Алтан өд”-ийн эзэн, “Гол тоглогч I, II, III” болон яруу найргийн “Дотоод тэнгэр” номын зохиогч, сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын шинэ ном болох “Суу билгийн судар – Суут нууц” номын нээлт өчигдөр болж, уншигчдын гар дээр очлоо.
Зохиолч энэхүү номоо 15 жил бодож, төлөвлөж, сүүлийн 3 жил нам сууж, хамаг сэтгэл зүрх, оюунаа өгч бичиж дуусгажээ.
Урьд хожид хаана ч гараагүй, хэний ч ухаж олоогүй суут нууцыг уудлан өгүүлэх “Суу билгийн судар-Суут нууц” ном нь тэргүүн, дэд, гутгаар гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд эрт эдүгээгийн алдарт эрхмүүдийн нууц суу билгийг уудлан нээсэн нэн шинэ бүтээл гэдгээрээ онцлогтой.
Түүнээс гадна “эчнээ ярилцлага” буюу энэ хорвоод оршин байсан ч өнөө цаг үед байхгүй агуу суут хүмүүстэй харилцан ярилцаж буй хэлбэрээр бичиж, нийтлэсэн гэдгээрээ мөн онцлог бүтээл болжээ.
“Суут нууц” номын “Цаг хугацаагаар аялагч ЦАГААН ХАНГАРЬД” тэргүүн дэвтэрт Аригбөх хаан, Өндөр гэгээн Г.Занабазар, Галдан бошигт хаан, Манлай баатар Ж.Дамдинсүрэн, VIII Богд Жавзундамба, Солийн Данзан, Ринчиний Чойном, Юмжаагийн Цэдэнбал, Бямбын Ренчин нарыг онцолсон байна.
Харин “Нууцын авдарт архирах УЛААН АРСАН” дэд дэвтэрт Хубилай сэцэн хаан, Хорлоогийн Чойбалсан, Ноён хутагт Данзанравжаа, Чин Ван Ханддорж, Очирбатын Дашбалбар, Модун Шаньюй, Санжаасүрэнгийн Зориг, Пэлжидийн Гэндэн, Дилав хутагт Жамсранжавын тухай өгүүлэх юм.
“Хөлгөн их түүхийн оньс тайлагч ХӨХ ЧОНО” гутгаар дэвтэрт Чингис хаан, Жамуха сэцэн, Сорхугтани бэхи хатан, Догсомын Бодоо, Тогоонтөмөр хаан, Дашдоржийн Нацагдорж, Шударга баатар Бавуужав, Цэндийн Дамдинсүрэн, Лодонгийн Түдэв нарын тухайх онц сонирхолтой, нууцыг тайлжээ.
“Суут нууц” номын агуулга болоод хэлбэр нь түүх, сэтгүүл зүй, утга зохиолын элементээр бүтсэн. Тиймээс түүхийн баримт, судалгаа тал дээр Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар, сэтгүүл зүйн хэлбэр агуулга тал дээр Сэтгүүл зүйн ухааны доктор До.Цэнджав, утга зохиолын хийц, найруулга, үг хэллэг тал дээр Ардын уран зохиолч Т.Галсан, номын редактораар Ц.Оюунчимэг нар ажилласан юм.